УИХ-ын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж, хууль эрх зүй, бизнес гээд салбар салбарын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Тэд хуулийн төслөөрөө нийгмийн даатгалын тогтолцооны гажуудлыг засахыг зорьж байгаагаа онцолсон. Тухайлбал, ажилтан болон ажил олгогчоос давхар авдаг, үндсэн болон түр, нэг удаагийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлаас ижил хувиар тооцож суутгадаг нийгмийн даатгалын шимтгэлийг болиулах, ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унааны зардал, байрны хөнгөлөлт зэрэг бүх төрлийн нэмэлт урамшууллаас хураамж авдгийг зогсоохоор хуульд тусгасан. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон өчигдөр энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг үр дүнгүй, үндэслэлгүй хэмээн эсэргүүцлээ. Дээр дурдсан өөрчлөлтүүдийг хуулиар хүчин төгөлдөр болгосноор нийгмийн даатгалын санд 725 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ гэж үйлдвэрчний эвлэлийнхэн үзэж байна.
Хууль тогтоогчид шимтгэлийн хувь хэмжээг бууруулж, тэглэхийн оронд юуны түрүүнд нийгмийн даатгалын санг улс төрөөс ангид, бие даасан тогтолцоотой болгох, олон шатлалт тэтгэврийн даатгалын систем нэвтрүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг яаралтай боловсруулж батлах шаардлагатайг тэд дурдлаа. Түүнчлэн хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр албан бус салбарт хөдөлмөр эрхлэгч 530 мянган хүний нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй гэв.
Ж.Сувд