Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 415 сургуульд нийт 528 дотуур байр бий. Эдгээр байранд энэ хичээлийн жилд 30 838 хүүхэд амьдарч байгаагийн 77.5 хувь буюу 23 898 нь малчин өрхийнх ажээ. Тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, дотуур байрны багш, ажилтны хүрэлцээ, хүүхдүүдийн сэтгэл зүй, нийгмийн байдлыг нь сайжруулах, хоол, шим тэжээлийн асуудал зэргийг хөндсөн “Дотуур байр” үндэсний III зөвлөгөөн өчигдөр боллоо. Тус зөвлөгөөнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй УИХ-ын хоёр гишүүн оролцсон юм. Дотуур байрны барилга байгууламж хуучирч муудсан нь хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг зөрчиж буйг оролцогчид онцоллоо. Өөрөөр хэлбэл, таван дотуур байрны нэг нь 1980 оноос өмнө баригджээ. 2020 оноос хойш барьсан барилгуудын чанар тааруу, ариун цэврийн өрөө нь эвгүй үнэртэй байгаад зайлшгүй анхаарах шаардлагатайг хэлсэн юм. Дотуур байрны хүүхдийн эрхийн асуудалд нухацтай хандах цаг болсныг зөвлөгөөнд оролцогчид хэлж, дахин загварчлах шаардлагатайг дуулгав.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 2023 онд хийсэн судалгаанд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 123 дотуур байрны 7374 хүүхэд, 391 багш ажилтныг хамруулсан байна. Судалгаагаар дотуур байрны 33 хувь нь номын сангүй, хүүхдүүдийн 53 хувь нь секц дугуйландхамрагдаж чаддаггүй гэж хариулжээ. Мөн гурван хүүхэд тутмын нэг нь хоолондоо цаддаггүй, дөрвөн хүүхдийн нэг нь усанд орох боломжгүй, халуун усныөрөө бийч ажилладаггүй гэж хариулсан байна.
Ч.Болор