Малчин, ажилчин, сэхээтэн аль нь ч бай бүгд ижил тэгш эрхтэй. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг. Гэтэл нийгмийн гарлаар нь ялгаварлах үзлийг төр засгаас улам дэвэргэх боллоо. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах талаар дуулгав.
Өөрөөр хэлбэл, Малчны тухай хуульд заасны дагуу мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах гэнэ. Санхүүжилтийг нь Боловсролын зээлийн сангийн төсөвт тусгасан. Ирэх намар буюу 2025-2026 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлнэ хэмээн тэрбээр ярьсан юм.
Малчин гэх “малгайн” доорх 190 орчим мянган иргэний амьдралын чанар, хөдөлмөрлөх нөхцөлийг нь сайжруулахын оронд халамжаар угжиж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож буйг шүүмжлэх хүн цөөнгүй. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даахаас эхлээд орон сууцын зээлийн хөтөлбөрт хамруулах, малжуулах, мах, сүүний урамшуулал олгох зэрэг халамжийн шинжтэй арга хэмжээг тоочоод байвал мундахгүй. Үүн дээр хүүхдүүдийнх нь их, дээд сургуульд сурах төлбөрийг улсаас даахаар болж байгаа нь халамжийг хавтгайруулж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж олон нийт үзэж байна. Нөгөө талаас малчин өрхийн хүүхдүүдийг заавал мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлд сурсан тохиолдолд гэж тулгасан шинжтэй байгаа нь сурч боловсрох эрхэд нь хүчээр халдаж буй хэрэг. Малчид хэн нэгнээс царай алдахгүйгээр хүүхдээ сургаж хүмүүжүүлж, бүрэн дунд байтугай их, дээд боловсрол эзэмшүүлсээр ирсэн. Хэдэн малынхаа буянаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчих хэмжээний бэл бэлчинтэй улс. Бүр болохгүйдээ тулбал малчны зээл аваад ч хамаагүй сургалтын төлбөрийг нь барагдуулж, түмний хүүхдээс нэг их дутаагаад байхгүй. Хэн хүнгүй л хүүхдэдээ чанартай боловсрол олгох гэж өдөр, шөнөгүй зүтгэж буй. Тэгвэл зөвхөн малчид гэж туйлширалгүй, бусдад нь ч гэсэн боломж олгож яагаад болохгүй гэж. Төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд ч ялгаагүй хуруу хумсаа хугалан байж хэдэн төгрөг хуримтлуулж, банкнаас зээл авч хүүхдээ их, дээд сургуульд сургаж болоод л байна. Хувийн байгууллагад 10 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн жирийн иргэд ч малчидтай “барьцаж”, хүүхдээ их, дээд сургуульд төлбөргүй сургахыг хүсэж л байгаа.
ХОЁРХОН МЭРГЭЖИЛД Л ХАМААТАЙ
Уулын мухарт суугаа малчин “Манай хүүхдийг их, дээд сургуульд үнэгүй сургаад өгөөч” гэсэн нь юу л бол. Харин тэд ус, бэлчээртээ илүүтэй санаа зовниж, малын түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр байгуулж, үнэд хүргэхэд л анхаарахыг хүсэж буй биз. Энэ нь ч хэтдээ малчдад хэрэгтэй. Эрх баригчдын сайн хүний дүр эсгэж, худал саймширах нь малчдыг бодсондоо лав биш. “Малчны тухай хуульд хүүхдийг нь төлбөргүй сургах талаар тусгасан. Нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх л хэрэгтэй” хэмээн эрхэм гишүүд УИХ-ын хуралдаанаар санал нэгдэнэ лээ. Гэтэл манай улсад хэрэгжүүлдэггүй хууль өчнөөн бий. Малчны тухай хууль ч биеллээ олох нь юу л бол. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаагаас тодруулахад “Малчны тухай хуулийн 4.2.5-д зааснаар зөвхөн мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр сурах оюутны сургалтын төлбөрийг төрөөс даах юм. Гэтэл мал аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдээгүй. Энэ жил гэхэд эл чиглэлээр ХААИС-д ямар ч элсэлт аваагүй байна. Тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр одоогоор есөн хүүхэд л сурч байгаа. Дотоодын их, дээд сургуульд олгодогтой адил шалгуураар малчдын хүүхдэдтэтгэлэг өгөхюм. Мөн малчнаар 10-аас доошгүй жил ажилласныг нь батлах бичиг баримт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагад ажиллаж буй багш, ажилтнуудын нэг хүүхдийг их, дээд сургуульд сурахад тэтгэлэг олгож байгаа. Ингэхдээ тухайн оюутан суралцаж төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурав, нийслэлд таваас доошгүй жил тогтвортой ажиллах, энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаар тэтгэлэг баталгааждаг. Малчдын хүүхдэд олгох сургалтын тэтгэлэг ч үүнтэй адил шалгууртай” гэв. Ирэх есдүгээр сарын 1-нээс Малчны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж, хүүхдүүдийг нь төлбөргүй сургах юм. Үүнд хэчнээн төгрөг төсөвлөсөн, хэдэн хүүхэд сургах нь одоогоор тодорхойгүй байгааг тэрбээр хэлсэн. Түүний хэлснээс үзэхэд хоёрхон мэргэжлээр л төлбөргүй сургах бөгөөд нэг хөтөлбөр нь бүр магадлан итгэмжлэгдээгүй байна. Боловсролын сайд судалж, нягтлалгүй, түргэдсэнбололтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Эхлээд сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсний дараа оюутан элсүүлэх тухай ярих нь логикийн хувьд зөв баймаар. Тэгээд ч танил талтай, мянгат малчид энэ боломжийг атгаад, цөөн хэдэн малтай, ядруу нэг нь хүүхдээ сургаж чадахгүй үлдэхийг хэн дэнслэх вэ. Манай улсад аливаа ажил танил тал, ар өврийн хаалгаар бүтдэг нь нууц биш. Малчин өрхийн хэчнээн хүүхдийг сургах, төсөв мөнгө нь тодорхойгүй ийм нөхцөлд олон зүйл бүрхэг байна.
ТҮК-ИЙН АЖИЛЧДЫН ХҮҮХДИЙГ ҮНЭГҮЙСУРГАХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТАЛГА
Сүүлийн үед тодорхой мэргэжлийн хүмүүсийн цалингийн хэмжээ цахим орчинд тархаж, багагүй маргаан дэгдээлээ. Тодруулбал, таван мэргэжилтний цалингийн хэмжээг харьцуулан гаргасан үзүүлэлтэд хамгийн бага буюу 1.5-1.8 сая төгрөгийн цалинтай нь багш байв. Сард 1.4-2 сая төгрөгийн цалингаар эмч нар удаалжээ. Харин тохижилт, үйлчилгээний компани (ТҮК)-ийн ажилчин болон автобусны жолооч нар 3.5 сая, төрийн өмчит компанийн менежерүүд зургаан сая төгрөгийн цалин авдаг гэжээ. Хотын дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдад “хайр зарлаж”, цалин хангамжид нь онцгой анхаарах болсон. Энэ нь ч тийм буруу зүйл биш. Гэхдээ хотын даргын “поп”-рол хэрээс хэтэрч, өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгож, хүүхдүүдийг нь гадаадынулсад төлбөргүй сургана хэмээсэн. Эхний ээлжид 100 хүүхдийг ХБНГУ-д сургана гэж амласан билээ. Нийслэлд өөр ажил, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хүүхэд Германд төлбөргүйгээр сурах эрхгүй болж таарав уу. Зөвхөн энэ салбарынхны гэж онцолсон нь мөн л бусдыг нийгмийн гарлаар нь ялгаварласан хэрэг болов. Хэдийгээр нэг мэргэжлийг нөгөөтэй нь харьцуулах утгагүй ч манай улсад “хүнтэй ажиллахаас” илүү амьгүй зүйлстэй харьцах нь амаргүй бололтой. Нэг ёсондоо түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх багш, үхлээс хүний амь аврах эмч нарын хөдөлмөрийнүнэлэмж туйлын хангалтгүй. Үүнийг хэн хүнгүй мэддэг. Харамсалтай нь, асуудлыг нь шийдвэрлэж, үнэнтэй нүүр тулахын оронд бэлэн мөнгө тараах, хүүхдийг нь үнэ төлбөргүй сургах гэх мэтээр иргэдийг тайвшруулж, аргацаах нь манай улс төрчдийн шалгарсан арга барил. Үнэндээ бол ТҮК-ийн ажилчдын хүүхдийг төлбөргүй сургах тухай хуулийн зохицуулалт манай улсад байхгүйг О.Сийлэгмаа дурдсан. Энэ асуудал нь Боловсролын зээлийн санд хамааралгүй аж. Тус сан нь зөвхөн дээд боловсролын санхүүжилтийг дэмждэг юм. Харин тохижилт, үйлчилгээний ажилчдын цалин өдгөө Х.Нямбаатарын хэлснээр 1000 ам.долларт бараг л хүрчээ. Нийгмийн даатгалын болон бусад шимтгэлээ төлөөд гар дээрээ 3.1 сая орчим төгрөг авдаг аж.
500 ГАРУЙ ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОЖЭЭ
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж буй Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг их, дээд сургуульд тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр үнэгүй сургахаар заасан. Энэ хуулийн дагуу дээрх хугацаанд Боловсролын зээлийн сангаас 500 гаруй хүүхдэд тэтгэлэг олгосон байна. Эрэмбээрээ эхний 50-д багтсан, сургалтын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн, тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр сурч буй оюутанд л эл тэтгэлгийг олгох гэнэ. Мөн багш мэргэжил сонгон суралцах оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож буй. Багш, ажилтнуудын хүүхдүүдийг сургахад хэчнээн төгрөг зарцуулсан талаар Боловсролын зээлийн сангаас тодруулахад “Хүсэлт гаргасан хүмүүсийн хэд нь шалгуур хангаснаас шалтгаалдаг тул санхүүжилт нь янз бүр байдаг” гэсэн хариулт өгсөн. Тэтгэлгээр сурсан хүүхдүүд сургуулиа төгсөөд заавал мэргэжлээрээ ажиллах шаардлагатай. Харин буцалтгүй тусламжийг суралцах хугацаанд олгох бөгөөд “амжилттай сурах” гэсэн ганц шаардлага л тавьдаг ажээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа, эсвэл хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, цаатан, урианхай, тува өрхийн, “Монголын сайхан бичигтэн”, нэг гэр бүлийн гурав болон түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт зэрэг суралцдаг бол буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, сургалтын тэтгэлэг, буцалтгүй тусламж нь ялгаатай. Гэтэл хүүхдийгньтөлбөргүй сургах нэрээр малчдыг төөрөгдүүлж байна. Энэ мэтээр иргэдээ ажил мэргэжлээр нь ялгаварласаар байх уу. Багш нар мэргэжлээ сонгохдоо хүүхдээ үнэгүй сургана даа гэж бодож шийдвэр гаргадаггүй л байх. Малчид ч тэр хүүхдээ төлбөргүй сургахын тулд хүсэл сонирхлыг нь сөрөх болов уу. ТҮК-ийн ажилчид хүүхдээ Германд сургана гэсэн мөрөөдөлтэй л үлдэх үү. Судалгаанд үндэслээгүй, зөвхөн алга ташилтын төлөөх шийдвэрүүд амьдралд нийцэхгүй нь.