УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот төлөвлөлт, үр дүнд суурилсан шийдэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулсан юм. Тэрбээр “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн биелэлт яагаад 92 хувьтай гарсан бэ гэхээр хэрэгжүүлэх ажлаа зорилго болгосноос биш, ямар үр дүн авчрах, иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулаагүй. Өөрөөр хэлбэл, үүнийг зорилгоо болгоогүй. Харин “20 минутын хот” үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулахдаа амьдрахад таатай хот гэсэн олон улсын үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэхийг зорьж байна. Ингэснээр авлигын индекс гэдэг шиг Улаанбаатарт амьдрахад таатай орчны үзүүлэлтийг бусад хотынхтой адилаар эрэмбэлж, харьцуулж чадах юм. Илүү үр дүнд суурилсан төлөвлөлт, төсвийг бүрдүүлж, амьдрах орчныг сайжруулж чадна гэж харж байгаа” гэв. Тэрбээр утааг шийдэх гарц нь хэмнэлтийг дэмжих бодлого буюу гэр, байшингийн дулаалга гэдгийг яриандаа онцолсон. Мөн тэрбээр авто замын хураамж, автомашины импортын татварыг нэмэх нь төрийн бодлогын хувьд зөв гэдгийг хэлэв. Автомашинаас хараат байх тусам валютын нөөц багасаж, түгжрэл улам нэмэгдэж, эдийн засгийн үр ашиг буурах учир нийтийн тээвэр болон явган хүний, дугуйн замд төвлөрөх нь чухал гэв. Нийтийн тээврийг сайжруулах талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Энхтайваны өргөн чөлөө хамгийн их зорчигчтой учир метро барих нь зөв. Трамвайг Яармагаас “Сэлбэ” дэд төв хүртэл явуулахаар төлөвлөж байна. Гол нь нийтийн тээврийн сүлжээг зорчилтын эрчимдээ тохирсон байхаар зохион байгуулах ёстой. Дүүжин тээврийн санхүүжилтийг шийдчихсэн” гэв.
Ч.Цэлмэг