УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буйгаа мэдээллээ. Хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг олон янзаар давхардуулж авдгийг болиулах цөөнгүй заалт оруулж байгаа гэнэ. Тухайлбал, байгууллагын хөдөлмөрийн гэрээнээс гадна хувь хүн орлого олохоор нэмэлт ажил гүйцэтгэхэд авдаг шимтгэлийг болиулах, ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг нийгмийн даатгалаас чөлөөлөх (энэ нь тэтгэвэр авахад нөлөөлдөггүй), ажил олгогчийн ажилтандаа цалингаас гадуур мөнгөн хэлбэрээр өгсөн хөнгөлөлт, урамшууллаас шимтгэл төлүүлдгийг бүрмөсөн зогсоох зэрэг заалтууд тусгажээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж, үйл ажиллагааны төрөл нь нэмэгдэнэ. Ажил олгогчийн шимтгэл төлөлт буурснаар ажилтнуудыхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Бараа, ажил, үйлчилгээний зардал багассанаар эцсийн хэрэглэгчид ирэх үнийн нэмэгдэл ч буурна. Энэ мэт эдийн засгийн агуулга нь өргөн” гэсэн юм.
М.Гэгээ