Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силватай 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Одонтуяа энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож байгаа онцгой жилийг дурьдаад Францын тал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экспертээ Монгол Улсад ажиллуулж байгаад талархлаа илэрхийлэв.
Сайд С.Одонтуяа цаашид байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслүүдийн тоог нэмэгдүүлэх, тэр дундаа ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж буйг дурдаж, энэ хүрээнд Францын талтай үр дүнтэй хамтрах хүсэлтэй байгаагаа онцолсон юм.
Талууд уг бага хурал нь хоёр орны хамтын ажиллагааны луужин болж, байгаль орчны салбар дахь хамтын ажлыг өмнөхөөс эрчимжүүлэх боломж болохыг тэмдэглэлээ. Сайд С.Одонтуяа энэ оны 4 дүгээр сарын сүүлээр Парис хотноо болох “ChangeNOW” форумд оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силва Сайд С.Одонтуяаг ирэх 6 дугаар сард Францын Нийс хотод зохион байгуулагдах НҮБ-ын Далайн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урив.