Сонгох, сонгогдох эрх ба УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн талаараа ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Эл асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд багтааж, УИХ-д өргөн барьсан юм. Тус комиссын дарга Д.Сүнжид “Монгол Улс холимог тогтолцоогоор хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуулийг зохион байгууллаа. Хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч бүртгүүлсэн сонгууль болж өнгөрсөн. Олон улсын байгууллагуудын зөвлөмжийг дагаж, тэнцвэртэй байдлыг хангахыг хичээсэн ч анхаарах асуудал байсаар.
Бүх нийтийн байх зарчим бүрэн хангагдахгүй байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд санал авах байрны хүртээмж, мэдээлэл дутмаг, саналаа чөлөөтэй, нууцаар өгөх эрхийг хангах нь тулгамдсан асуудал хэвээр байгаа юм. Гадаадад амьдарч, ажиллаж буй монгол иргэд саналаа өгөх эрх зүйн орчин бүрдсэн нь сонгууль бүх нийтийн байх зарчмыг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшил. Гэвч гадаадад байгаа бүх иргэн саналаа өгөх боломжийг бүрдүүлж чадаагүй. Мөн шилжин суурьшигчид болон оюутнуудын хувьд сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй байгаа нь нэгэнт хэвшсэн зүйл мэт болжээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2005 оны илтгэлд дүгнэсэн нөхцөл, байдал 20 жилийн дараа ч яг хэвээрээ байна. Иймд эдгээр иргэний сонгох эрхийг хангах сонгуулийн хувилбарт зохицуулалт шаардлагатай” гэв.
Түүнчлэн сонгуулийн тойрог дахь сонгогчдын дундаж тооны хязгаар 10-15 хувиас огт хэтрэхгүй хэмжээгээр зөрүүтэй байхыг олон улсад зөвлөдөг бол Улаанбаатар хотын дөрвөн тойрогт 50 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байсан нь тэгш байдлын зарчимд нийцээгүйг хуралд оролцогчид онцолсон юм. Шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцогдоогүй сэтгэцийн бэрхшээлтэй иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад байгаагүй нь хү¬ ний эрхийн зөрчил гэж үзжээ. Хорих ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрхгүй гэх ерөнхий хязгаарлалт нь тохирохгүй байгааг хэлэв. Тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хөнгөн, хүндийг харгалзан сонгох эрхийг эдлүүлэх боломжийг судлах шаардлагатай гэнэ. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байсан нь чөлөөтэй байх зарчмыг зөрчсөн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх хуулийн шаардлага нь олон үзэлд нийцэхгүй байгааг дурдсан юм.
Ч.Болор