Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн зарлигаар тус улсын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Тегеранд зохилт өгч болзошгүй гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан эл шийдвэрийг гаргасан тухай Reuters агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, Иран улс Ирак, Кувейт, АНЭУ, Катар, Турк, Бахрейнд илгээсэн мэдэгдэлдээ АНУ-аас Иран руу довтлоход дэмжлэг үзүүлэх, түүний дотор тэдний агаарын орон зай, газар нутгийг Америкийн цэргийнхэн ашиглахыг дэмжсэн нь "дайсагнасан үйлдэл" хэмээн анхаарулжээ. Энэ нь тэдгээр улсын хувьд "ноцтой үр дагавартай" болохыг мэдэгдэлд дурдсан байна.
Али Хаменеи Ираны цөмийн хөтөлбөрийн талаар шууд яриа хэлэлцээ хийх тухай Трампын саналыг няцаасан юм.
Гэсэн хэдий ч тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр Тегеран Оманы зуучлалаар шууд бус хэлэлцээг дэмжиж байгаа аж.
- Гуравдугаар сард Трамп тус улсын дээд удирдагч Али Хаменеид захидал илгээж, цөмийн шинэ хэлэлцээр байгуулахад хоёр сарын хугацаа өгсөн хэмээн мэдээлж байсан. Иран АНУ-тай шууд хэлэлцээ хийхээс татгалзсан.
- Гуравдугаар сарын 30-нд Трамп NBC News телевизэд хэлэхдээ, хэрвээ Вашингтон, Тегеран Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ Иранд цохилт өгнө гэжээ. "Хэрэв тэд тохиролцоонд хүрэхгүй бол бөмбөгдөлт болно. Энэ бол тэдний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлт байна" гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлсэн.
- Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай хэлэлцээрийг (Нэгдсэн цогц үйл ажиллагааны төлөвлөгөө) хэд хэдэн улс (АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ) байгуулж НҮБ-ын 20-р тогтоолоор 2015 онд баталсан.
- 2018 онд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг хөгжүүлсэн талаарх тагнуулын мэдээлэлд үндэслэн АНУ-ыг гэрээнээс дангаараа гарсан.