Хамтарч Засгийн газар байгуулсны нэг гол зорилго нь албан тушаал, эрх мэдэл байсныг одоо намууд нуухаа ч больжээ. Найман жил “гудамжинд байсан” АН-ынхан эрх мэдлээр үнэхээр цангасан юм байна. ХҮН намынхан ч яагаад дандаа МАН-ынхан “идэх” ёстой юм гэсэн байдлаар хандаж, албан тушаалын “бялуу”-наас дуртайяа хүртэж явна. Сайдаас эхлээд гадаад оронд суух Элчин сайд, консул, зөвлөх гээд бэлэн байсан албан тушаалуудыг хуваарилаад дуусаж буй. Ийм байдлаар хамтрагчдынхаа амыг үдэх, дуугүй байлгах нь МАН-д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ашигтай учраас албан тушаал нь хүрэлцэхээ больмогц шинийг бий болгож тараасаар байгаа юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хэдэн хүнийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилсон. Бараг л сайн дурын ажил гээд байсан ч тэд төсвөөс цалин авна гэдэг нь өнгөрсөн долоо хоногт тодорхой боллоо. Мөн төрийн өмчийн 123 компанид орлогч даргын хэмжээний эрх мэдэлтэй 400 менежер томилохоор намууд тохирч, түрүүчээсээ хэрэгжүүлээд явж байгаа аж. Нэг менежер сард 5-6 сая төгрөгийн цалин авна. Төрийн албыг цомхон болгож, төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулахаа амлаж гарч ирсэн намууд ийнхүү татвар төлөгчдийн мөнгөнд “дугаарлан”, ард түмэн рүүгээ дунд хуруу гаргав. ЖИЛД 24 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОНО Бүтээмжийн, хяналтын гэх нэртэй дээрх 400 орон тооны талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, З.Мэндсайхан нар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Үүний хариуг удахгүй өгөх байх. Юутай ч гишүүн Б.Энхбаяр энэ талаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Бү¬ тээмжийн менежер гэсэн орлогч даргын статустай, 5-6 сая төгрөгийн цалинтай, машин унадаг, сар тутам 30, жилдээ 30 тэрбумын цалин авдаг албан тушаалтнууд томилж буй юм байна. Энэ бол улс төрийн авлига. Намуудыг дуугүй болгох гэж байгаа юм. Найран дундаа идэж, уух гэж байна гэсэн үг. АТГ хуулийн хүрээнд энэ хүмүүст сайн хяналт тавиарай” хэмээн сануулсан. УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан голдуу хүмүүсээс эл албан тушаалд томилж буй. Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын шийдвэрээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежер гэх албан тушаалд томилсон. АН-ын поп улс төрч Ж.Батзандан ч энэ үеэр стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаалтай болсон юм.
Мөн АН-аас Хөгжлийн банканд Д.Аюурзана, “Улаанбаатар төмөр зам” ХНН-т П.Нүрзэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Н.Пунцаг, “Эрдэнэт үйлдвэр”-т И.Мөнхжаргал, “Эрдэнэс Монгол” ХК-нд Н.Жавзанпагма нарыг хяналтын болон бүтээмжийн менежерээр томилсон аж. Д.Аюурзана нь Хөгжлийн банкны Санхүү удирдлагын газрын захирлаар томилогдсон бөгөөд хяналтын менежерийн үүргийг давхар гүйцэтгэх гэнэ. Мөн ХҮН намаас 20 орчим хүн төрийн өм¬ чит компаниудад орлогч даргын статустай менежер болсныг Т.Доржханд дарга нь хүлээн зөвшөөрнө лээ. Энэ мэтээр МАН, АН, ХҮН намын гомдогсдыг түрүүчээс нь ажилтай болгож байна. Уг нь тухайн компаниудыг үр ашигтай ажиллуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үүрэг захиралд нь бий. Захирал ажлаа сайн хийж чадахгүй бол чаддаг хүнээр нь солиход л болно. Гэтэл тэгсэнгүй. Заавал орлогч даргын хэмжээний эрх мэдэлтэй өөр нэг менежер хэрэгтэй гэв. Ийнхүү албан тушаалыг “цэцэглүүлэн”, төрийн албыг данхайлгаж, УИХ-д сонгогдож бараагүй, сайд болж чадаагүй, гомдож үлдсэн олон хүнийг “тэжээх” ёстой аж. Нэг менежер сард таван сая төгрөгийн цалин авна гэвэл 400 хүнд жилд 24 тэрбум төгрөг өгнө. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүү¬ дэд ийм томилгоо хийж байгаа. Эдгээр байгууллага орлого, зарлагаа өөрсдөө шийддэг. Тиймээс улсын төсөвт ямар нэгэн дарамт ирэхгүй” гэсэн тайлбар өгчээ. Төрийн өмчит компаниудын нийт ашгийн 90 хувийг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрдүүлдэг. Хоёроос бусад компани нь ашиг гэхээс алдагдал нь давамгайлдаг. Ийм тохиолдолд төсвөөс алдагдлыг нь нөхдөг. Мөн ашиггүй, бүтээмжгүй байгаа учраас л ахиц гаргах гээд 400 менежер томилж байж таарна. Тэгэхээр улсын төсөвт ачаалал ирэхээс аргагүй. Харин Сангийн сайдын тайлбар тэнэг хүн хуурч буй мэт л сонсогдож байгаа юм.
Гомдогсдыг тэжээх албан тушаал “СЭГСРЭЭД ӨГЬЕ” Засгийн газарт багтаж, хэдэн хүнээ ажилтай болгож буйдаа ХҮН, АН-ын дарга нар сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй. Сонгуулиар хандив нэрээр мөнгийг нь авчихсан учраас оронд нь ямар нэг албан тушаал өгөх өртэй үлдсэн биз. Тиймээс өгсөн, авсан хэн хэн нь сэтгэл дүү¬ рэн болно. АН-ын дарга Л.Гантөмөр бүр “Очоод сэгсрээд өгье л дөө” гэв. Тэрбээр “АН-ын гишүүд сүүлийн найман жилд төрийн албанаас хасагдсан, гадуурхагдсан. Хамтраад Засгийн газар байгуулсан учраас одоо намаар гадуурхах учиргүй. Тэр төрийн өмчит компаниудыг очиж сэгсэрье л дээ. Нэг хүн 10-20 жил захирлаар нь ажилласан газар ч байгаа шүү дээ” гэжээ. Ашиг, орлогыг нь сайжруулж, төсөвт төвлөрөх мөнгийг нэмэгдүүлэх биш, ерөөсөө л ядарсан, өлссөн сул гишүүдээ очиж гэдэс гарч аваг гэсэн хандлага эндээс ажиглагдана. Тус намынхан найман жил гудамжинд “лааз өшиглөсөн”, одоо түүнийхээ хариуг авах гээд байгаа юм уу даа. ХҮН намаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Найдалаа “Төрийн өмчит компаниуд болон улс төрийн албан тушаалд ганцхан МАН-аас томилсоор бид бүр дасжээ. Яагаад заавал ганц нам шийдээд явах ёстой юм. АН, ХҮН намынхан мэргэжилтнээ санал болгох нь буруу биш. Мөн энэ албан тушаалуудад дандаа мэргэжлийн хүмүүс томилж буй. Төрийн өмчит компаниудад авилга, хулгай нүүрлэж, Монгол Улсын хөгжил, бүтээмжийн тээг болчхоод байгааг бүгд мэднэ. Үүнийг шийдэхийн тулд одоо байгаа арга барилыг өөрчлөх шинэ хүмүүс томилох нь зөв” гэв.
Тэгвэл томилогдсон менежерүүдийн талаар гомдол, санал хэдийн гараад эхэлжээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар “Юу ч хийдэггүй, яам, агентлагууд руу утас цохисон хэдэн хүн бий болсон тухай гомдол ирүүлж байна. Тэд утасдаад ийм, тийм ажил хийж ир гэж үүрэг өгдөг. Хүнээр хийлгэсэн ажлаа бариад сайд, дарга нар луу гүйдэг. Улс төрчдийн хамаарал бүхий хүмүүсийг голдуу эдгээр албан тушаалд томилсон” гэжээ. Үр дүн гарахгүй байгаа ч улс төрийн намууд хоорондын тохиролцоогоо бол ягштал хэрэгжүүлнэ. Харин УИХ-ын сонгуулиар иргэдэд амласан бүхэн нь зүгээр л нэг үлгэр байсныг намууд ийнхүү баталж буй юм. Эдгээр намын УИХ-ын гишүүн, сайд болж чадаагүй хүн бүрд ямар нэг албан тушаал оноох ажил цаашид ч үргэлжлэх болов уу. Дэд сайдын албыг буцаж бий болгох тухай хамтарсан Засгийн газар байгуулсны маргаашаас нь шахам ярьсан. Өөрсдөө хүсэж, УИХ-ын гишүүн болон сайдын “давхар дээл” авсан атлаа одоо ажлаа дийлэхгүй байгаа гэнэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт ажил хуваалцах хүн хэрэгтэй байгаа аж. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “давхар дээл”-тэй ажиллахад ачаалалтай байна гэж гомдолложээ. Энэ мэтээр сайд нар дэд сайдтай болохыг хүсэж буйгаа үе үе хэлдэг. Ийнхүү дасгасаар дэд сайдын албан тушаалыг сэргээх нь цаг хугацааны асуудал болоод байна. Монгол Улс эрх мэдэл нь гүйцэгдэхгүй ч ажлын үр дүн гардаггүй олон дарга, сайдын орон боллоо. Тэр хэрээр төсвийн зардал нэмэгдэж, ард түмэн нь чирэгдсээр. Шинэ албан тушаал бий болгож, хэдэн улс төрчийг эрхлүүлэхийн тулд татвар, хураамжаа тогтмол нэмж буй. Татварын дарамтыг дийлэхгүй олон бизнес дампуурч, иргэд нь хоногийн хоолоо ч авч хүчрэхэд хэцүү болов. Гэхдээ эрх баригчдын хувьд гахай цатгалан байхад бусад нь хамаагүй ажээ.