Ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж, нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 767 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас долоон хүн амиа алдсан бөгөөд гурав нь хүүхэд байжээ. Түймрийн шалтгааны 45 хувь нь ил гал, 29 хувь нь цахилгаан хэрэгсэл, 16.6 хувь нь яндангийн цоонолтын улмаас гарсан байна. Галд хувийн эзэмшлийн 244 орон сууц, 44 монгол гэр, 37 нийтийн орон сууц, тээврийн 46 хэрэгсэл өртөж шатжээ. Онцгой байдлын алба хаагчид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 88.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэнэ. Дээрх гал түймрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 31.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Он гарснаас хойш нийслэлд шар өвс шатсан түймэр 90 удаа бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Сүүлийн 72 цагийн дотор ахуйн гал түймэр 55 бүртгэгдсэний 25 нь шар өвснийх байжээ. Хуурайшлын улирал эхэлсэнтэй холбоотойгоор онцгой байдлын алба хаагчид хөдөлгөөнт эргүүлээр 31 чиглэлд ажиллаж буй юм. Шар өвсний түймрийн ихэнх нь зуслангийн бүсэд бүртгэгдсэнийг НОБГ-аас анхааруулав. Иргэд зусландаа гарахдаа хашааныхаа шар өвсийг цэвэрлэж, ил шатааснаас гал алдах нь түгээмэл гэнэ. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж шар өвс болон хогийг тусгай зориулалтын саванд шатаах, цогтой үнс нурмыг ил асгахгүй байхыг сануулав. Мөн ой, хээрийн түймрийн дуудлага буурахгүй байгаа аж. Тухайлбал, уржигдар улсын хэмжээнд есөн түймэр дэгджээ. Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай аймгийн сумуудад гарсан түймрийг бүрэн унтраасан байна.
Ч.Туяа