Улаанбаатарчууд олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисэгчидтэй Aist Global телевизийн шууд эфирээр холбогдлоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ныг "Олон улсын сансрын нисэгчдийн өдөр" гэж зарласан. Эл өдрийг тохиолдуулан Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай шууд эфирээр холбогдож буй нь энэ юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд багачууд энэ өдөр сансар, оддод ойрхон очих онцгой боломжийг атгалаа.
Шууд эфирт БНМАУ, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Буриадын тэргүүн Алексей Цыденов тэргүүтэй хүндэт зочид үг хэлж, Оросын сансрын нисгэгчдэд амжилт хүслээ. Үүнээс гадна Улаанбаатар дахь Русский дом-д ирснээр сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг авч, хамт зургаа татуулж байна. Мөн Сансрын DJ шоу үзэж, Сансрын сэдэвт сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж, тоглоомууд тоглолоо.
Өнөөдрийн үйл ажиллагааг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Русский дом, Роскосмос, Буриад улсын Засгийн газар, Аист Глобал тв хамтран зохион байгуулжээ.