УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ерөнхийпрокурорыг томилох саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн 56.2, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.17, Прокурорын тухай хуулийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Б.Жаргалсайханыг ерөнхий прокуророор улираан томилуулах асуудлыг зөвшилцөхөөр саналаа УИХ-д хүргүүлж байна” гэв.
Б.Жаргалсайхан нь 1983-1988 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг хуульч мэргэжлээр төгссөн, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй. Тэрбээр прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 2019 оноос ерөнхий прокуророор ажиллаж буй. Түүнийг хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35-аас дээш насны, прокурорын албанд хэвээр байгаа зэрэг нь Прокурорын тухай хуулийн 45.4, 46.1 дэх заалтын тусгай шаардлагуудыг хангасан гэж үзэж, ерөнхий прокуророор улираан томилох санал гаргасан юм байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон тус саналыг энэ сарын 9-ний хуралдаанаараа хэлэлцэж, зөвшилцөх саналыг нийт гишүүний 75 хувь нь дэмжсэнийг онцлов. Ингээд Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэсэн санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.5 хувь нь дэмжсэнээр ерөнхий прокуророор улираан томиллоо.
М.Гэгээ