Дэлхийн өвийн үндэсний хороо жилд нэг өв сонгож, ЮНЕСКО-д хүргүүлдэг буюу нэр дэвшүүлдэг уламжлалтай. Тус хорооныхон Монголын говь болон Хүннүгийн язгууртны булшийн аль нэгийг дэлхийн өвд бүртгүүлэхээр хэлэлцэж буйгаа энэ оны эхээр зарласан билээ. Тэгвэл үндэсний хороо говь, цөлийн экосистемийг дэлхийн өвд бүртгүүлэхээр саналаа хүргүүлсэн нь эхний шатны шалгалтаа амжилттай давжээ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшигч байгалийн болон соёлын өвд бүрэн бүтэн байдлын шалгалт (integrity) буюу үнэлгээ заавал хийдэг. Тодруулбал, байгалийн өвийн тухайд газар зүйн болон экосистемийн бүрэн бүтэн байдал, хэр зэрэг хамгаалагдсан, нөлөөллөөс ангид зэргийг нь үнэлж тогтоодог. Манай улсаас нэр дэвшүүлсэн говийн бүс нутаг энэ шалгалтыг давж, дэлхийн өв хэмээн хүлээн зөвшөөрөгдөхөд нэг алхам ойртжээ.
Монголын говь гэдэгт Говийн их, бага дархан цаазат газрын А, Б хэсэг, Ээж хайрхны байгалийн дурсгалт, Алаг хайрхны байгалийн нөөц газар багтаж буй аж. Монголын говийг дэлхийн өвд нэр дэвшүүлэхэд манай улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан ХБНГУ-ын “Майкл сукков” сан “ЮНЕСКО-гийн эцсийн шийдвэрт хүртэл нэлээд хугацаа шаардах боловч бид энэ дурсгалыг 2027 онд багтаан бүртгүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Н.Мишээл