Украины цэргүүд ОХУ-ын армийн талд тулалдаж байсан хоёр хятад иргэнийг Донецк мужид баривчилсан талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.
"Эзлэн түрэмгийлэгчдийн цэргийн ангиудад хоёроос илүү хятад иргэн байлдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогоор бид баримтуудыг тодруулж байна. Үүн дээр Тагнуул, Украины Мөрдөх Товчоо болон Зэвсэгт хүчний холбогдох ангиуд ажиллаж байна" гэж Зеленский цахим хуудастаа бичжээ.
“Манай цэргүүд Хятадын зургаан цэрэгтэй тулалдаж, хоёрыг нь баривчилсан” гэж тэрбээр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан байна.
Ерөнхийлөгчийн хэлснээр олзлогсод бичиг баримт, банкны карттай байжээ.
Ерөнхийлөгч цахим хуудаст нийтлэгдсэн дүрс бичлэгээс үзвэл гав зүүсэн хятад гэх олзлогсодын нэг нь хятадаар ярьж, саяхан болсон тулалдааны талаар ярьж байгаа бололтой, дохио зангаагаар дүрслэн, буун дууг дуурайж буй бичлэгийг мэдэгдлийнхээ дор хавсаргажээ.
France Press агентлагийн мэдээлснээр бичлэг дээрх хүн Хятадын төрийн хэл буюу Мандарин (Хан) хэлээр ярж байв.
Владимир Зеленский Гадаад хэргийн сайдад “Бээжинтэй яаралтай холбоо барьж, Хятадын хариуг авахыг” даалгажээ.
Хятадын эрх баригчид сэтгүүлчдийн тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.
Оросын эрх баригчид ч мөн олзлогдсон хятад иргэдийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Владимир Зеленский Гадаад хэргийн сайдад “Бээжинтэй яаралтай холбогдож, Хятадын талаас хариуг авахыг” даалгажээ.
Украины Гадаад хэргийн яам БНХАУ-ын Хэргийг түр хамаарагчийг дуудаж, Украины эсрэг дайнд Хятадын иргэд оролцсоныг буруушаалаа. Одоогоор тэдгээр олзлогсдын талаарх мэдээлэлд Бээжин ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Украины Ерөнхийлөгч эл явдалд хариу үйлдэл үзүүлэхийг АНУ, Европ болон "дэлхийн энх тайвныг эрхэмлэдэг бүх хүмүүст" уриалав.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбига “Украины нутаг дэвсгэрт түрэмгийлэн довтолсон ОХУ-ын армид Хятадын иргэд оролцсон нь дэлхий дахинд БНХАУ-ын тунхагласан байр суурьт эргэлзэхэд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хариуцлагатай байнгын гишүүний хувьд Бээжинд итгэх итгэлийг алдагдуулж байна” гэж мэдэгджээ.
Баривчлагдсан хятад иргэдийн хэн болох, хэрхэн фронтод ирсэн талаар баттай мэдээлэл алга байна.
Гэсэн хэдий ч Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн төлөөлөгч Андрей Коваленко тэднийг "Европ дахь дайтаж байгаа ОХУ-ын армийн хөлсний цэргүүд" гэж нэрлэжээ.
BBC-ийн сурвалжлагч Жонатан Бийл хэлж буйгаар Барууны эрх баригчид Хятадын цэргүүдийг Украины фронтод төрийн дэмжлэгтэйгээр илгээсэн тухай ямар ч нотлох баримт хараахан илрээгүй байна.
France Press агентлаг нэрээ нууцалсан Украины албан тушаалтныг иш татан мэдээлснээр, олзлогдсон хятад иргэд Оросын армитай өөрсдийн санаачилгаар гэрээ байгуулсан байх магадлалтай бөгөөд Бээжин тэднийг дайнд явуулаагүй байна.