Манай улс энэ оны эхний дөрвөн сард нийт 17.1 сая тонн нүүрс экспортолжээ. Эл үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.7 хувиар буурсан дүн юм байна. Гэсэн ч манай экспортын нийт бүтээгдэхүүний орлого өмнөх долоо хоногийнхоос 237 сая ам.доллароор өссөн нь зэсийн баяжмалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Тодруулбал, зэсийн баяжмал 26, төмрийн хүдэр дөрвөн хувиар тус тус өсжээ. Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо “Монгол Улсын гадаад валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрч, тогтвортой байгаа. Цаашид экспортын орлогыг одоогийнхоос 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой. Үүний тулд экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэргээр цөөнгүй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдэгдэв.
Гаалийн ерөнхий газраас мөн энэ оны эхний гурван сарын экспорт, импортын бүтээгдэхүүний статистик мэдээллийг танилцуулсан. Эл хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.5 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.4 хувиар буурчээ. Экспортын дүн импортынхоос 465.1 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан гэв. Тэгвэл импортоор нийт 2.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулж ирсэн нь өнгөрсөн жилийн эхний улирлын үзүүлэлтээс 133.7 сая ам.доллароор өссөн дүн юм. Импортын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс 33.9 сая ширхэг өндөг, 1.8 мянган тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү, 14.8 мянган тонн жимс, самар, 2.4 мянган тонн цагаан будаа тус тус оруулж иржээ.
О.Ундрах