“Ногоон автобус”-ны гэх хэргийг шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ажлын 22 өдрийн турш хэлэлцээд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар энэ сарын 2-нд завсарлуулсан билээ. Тус шүүхийн шүүгч М.Түмэннаст, Э.Чингис, Д.Шинэхүү нар долоо хоног зөвлөлдсөний эцэст шүүгдэгч нарын гэм буруутай, эсэх дүгнэлтийг өчигдөр өглөө 09.00 цагт танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон 24 хүнээс 15-ыг нь гэм буруутай хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Харин есөн хүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан юм. Тодруулбал, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Кэа Баум нарын есөн хүнийг гэм буруугүй гэж үзжээ.
Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Ганхуягийг залилах, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатыг ерөнхий захиралтайгаа хамт үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарыг уг хэрэгт үргэлжилсэн үйлдлээр хамжигч, хатгагчаар оролцсон, шүүгдэгч Д.Цогтбадрахыг хамжигчаар, А.Чойжилсүрэн, С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, О.Сүхбаатар, О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, О.Хонгорзул, Б.Мөнхболд нарыг гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцсон юм. Улмаар А.Ганхуягийн гэм буруутай нь тогтоогдсон хоёр үйлдлийнх нь ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, зургаан жилийн хугацаагаар хорих ял оноов. С.Жавхлантбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, гурван жил хорих ял шийтгэлээ. “Тэнүүн-Огоо”-гийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, А.Чойжилсүрэн нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял ногдуулжээ. Шүүгдэгч Б.Мөнхболд, Б.Түмэнжаргал Ш.Баярсүх, Д.Цогтбадрах О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн нарт хоёр жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, төрийн албанд мөн хугацаагаар ажиллах эрхийг нь хасав. О.Хонгорзул, О.Сүхбаатар нарт нэг жилийн хугацаанд оршин суугаа дүүргийн нутгаас гарахыг хязгаарлаж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан байна.