Европарламентын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэж, Францын Үндэсний нэгдэл намын удирдагч, хатагтай Марин Ле Пенийг төрийн алба хаших эрхийг нь дөрвөн жил хасах шийдвэрийг Парисийн шүүх саяхан гаргалаа. Бас түүнийг 100 мянган еврогоор торгохоор болов. Ийм ял авснаар Марин Ле Пен 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй болж байгаа аж. Ле Пен шүүхийн шийдвэрийг давж заалдах өргөдлөө өгөөд байна. Тэрбээр шүүхийн оноосон ялыг улс төрийн шийдвэр гэж үзэж буйгаа Парис хотын төвд болсон цуглааныүеэрхэлжээ. “Бууж өгөх гэдгийг би мэдэхгүй, бид тэмцэх болно” гэж тэр нэмж хэлсэн байна.
Францын хэт барууны үзэлтнүүд шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж, Марин Ле Пенийг дэмжиж томоохон жагсаал цуглаан хийлээ. Марин Ле Пений эсрэг шүүхийн шийдвэр гарснаас хойш, түүний Үндэсний нэгдэл намд олон мянган хүн элсэн оржээ. Хэрэв Ле Пен сонгуульд өрсөлдвөл хялбархан ялахыг санал асуулгын дүн харуулсан аж. Тэрбээр 32-36 хувийн санал авч, Ерөнхий сайд асан Эдуард Филиппийг (20.5-24 хувийн дэмжлэг хүлээсэн) ардаа орхисон байна. Өөрийг нь дэмжигчдийн хийсэн цуглааныг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн “гарааны буудлага” гэж тэр нэрлэсэн.
Одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болохоор Францын шүүхийн тогтолцоо бие даасан, хэнээс чхамаарахгүйгээр шийдвэрээ гаргадаг гэж хэлсэн нь түүнийгшударга гэж үзэж буйгаа илэрхийлсэн хэрэг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп харин уг шийдвэрийг үг хэлэх эрх чөлөөг үгүй хийж, улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд Европын зүүнтнүүдийн ашигладаг “шулмын ав хоморго” гэж нэрлэсэн байна. Трампын энэ үгийг хоёр үзүүртэй зүү гэж үзэж буй нь түүний өдөөсөн тарифын дайнаас үүдэн Франц төдийгүй Европт нэр хүнд нь унаж буйтай холбоотой. Францын Ерөнхий сайд Франсуа Байру сэтгүүлчийн асуултад хариулахдаа Трампыг улсынхаа дотоод хэрэгт оролцлоо гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эцэг Жан-Мари Ле Пенийнхээ байгуулсан хэт барууны “Ардын фронт” намын төлөө охин Ле Пенийхнь хийсэн ажлыг шүүхийн энэ шийдвэр үгүйсгэж болзошгүй хэмээн шинжээчид тэмдэглэж. Марин Ле Пен телевизийн сэтгүүлчтэй ярилцахдаа өөрийгөө буруугүй гэж үзэж, 2024 онд шоронд амиа алдсан Алексей Навальныйтэй зүйрлэсэн байна.
Парламентад суудалтай томоохон нам болох “Үндэсний нэгдэл” доод танхимд олонхгүй Ерөнхий сайд Байругийн байдлыг төвөгтэй болгож тун болзошгүй юм. Түүний өмнөх Ерөнхий сайд Мишель Барнье тус нам сөрөг хүчнийг нь дэмжсэнээр огцорч байсан аж.
Марин Ле Пен (бүтэн нэр нь Марион Анн Перрин Ле Пен) 1968 онд Парисын хаяа хотод төржээ. Эцэг нь нэртэй улс төрч, “Үндэсний фронт” намыг үндэслэгч Жан-Марин Ле Пен. Марин Ле Пен 1991 онд Сорбоны их сургуулийн бүтцэд байдаг Хууль, эрхийн дээд сургуулийг магистр зэрэгтэй төгсөж, 1992-1998 онд Парист өмгөөлөгчөөр ажилласан.
Марин Ле Пен 1986 онд “Үндэсний фронт” намд элсэж, 1998-2003 онд Хууль, эрхийн хэлтсийг нь удирдаж, 2000 онд Улс төрийн товчоонд нь оржээ. 2003-2007 онд намынхаа гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж, 2007-2011 онд боловсрол, суртал нэвтрүүлэг, олон нийттэй харилцах асуудлыг нь хариуцаж байв.
2011 онд 67.6 хувийн санал авч “Үндэсний фронт”-ын дарга болов. Албан тушаалыг нь авмагцаа аавынхаа явуулж байсан бодлогоос хөндийрч, намынхаа имижийг өөрчлөхийн төлөө хүчинчармайлт гаргажээ. 2015 онд еврейн эсрэг мэдэгдэл хийсний нь дараа Ле Пений санаачилгаар Жан-Марин Ле Пенийг намын хүндэт даргаас нь огцруулав.
2018 онд намынхаа нэрийг өөрчилж “Үндэсний нэгдэл” болголоо. Энэ шийдвэр олон түмний дэмжлэгийг нэмэгдүүлжээ. 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноос Ле Пен 2021 онд намын даргын суудлаа шилжүүлэв. Даргын үүрэг гүйцэтгэж байсан Жордан Бардела 2021 оны есдүгээр сараас намаа удирдах болсон.
1990 оны эцсээс Мари Ле Пен орон нутгийн байгууллагын сонгуульд тогтмол оролцож байлаа. Хэд хэдэн муж, бүс нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон байна. Харин парламентын сонгуульд нэг бус удаа өрсөлдсөн ч ялж чадаагүй. 2017 онд анх удаа парламентын гишүүн болж, намынх нь суудлын тоо хоёр байсныг найм болгосон байлаа. 2022 оны сонгуульд 89 суудал авч гуравдугаар байрт орж, 1988 оноос хойш анх удаа өөрийн гэхфракцтай болсон. 2022 онд Ле Пен парламент дахь фракцаа тэргүүлэв.
Марин Ле Пен Европын парламентын гишүүнээр 2004, 2009, 2014 онд сонгогдож байсан. 2014 онд Үндэсний фронт нам Европын парламентад 25.4 хувийн саналаар анх удаа тэргүүн байрторсон байна. Энэ амжилтыг Францын хэвлэлүүд “улс төрийн газар хөдлөлт” гэж нэрлэж байв. Ле Пен Европын парламентад “Европын улсуудын нөхөрлөл” гэх үзэл санааг дэвшүүлж, энэ нь “үндэсний эрх ашигт нь үл харшлах төсөлд нэгдэх” боломжийг улс орнуудад олгоно гэж үзжээ. 2015 онд энэ зорилгоор түүний удирдлагаар барууны “Үндэсний хийгээд эрх чөлөөний Европ” гэдэг фракц бий болж, түүнд “Эрх чөлөөний нам” (Нидерланд), “Умардын лиг (Итали), “Эрх чөлөөний нам” (Австрийн), “Фламандын эрх ашиг” (Бельги) болон Британийн Тусгаар тогтнолын намын гурван төлөөлөгч оржээ.
Ле Пен 2011 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэв. Дөрөвдүгээр сард болсон эхний шатны санал хураалтад 23.1 хувийн дэмжлэг хүлээж хоёрдугаарт оров. Тэгэхэд Макрон 27.8 хувийн санал авсан байна. Тэрбээр улс орны байдал урьд өмнө байгаагүй аюултай болоод байхад байнгын хэрүүл ам, гайхал төрүүлсэн мэдэгдлүүдээс холдмоор байна гэж сонгогчдодоо хэлдэг байжээ. Сонгуульд ялбал “бүх франц хүний Ерөнхийлөгч” байж, үндэсний тусгаар тогтнолыг хангаж, цагаачлалыг хяналтдаа авч, язгуурын исламизмтай тэмцэж, бүх нийтийн аюулгүй байдлыг сэргээн тогтооно гэж амлаж байжээ. Сонгуулийн хоёрдугаар шатанд ч 41.5 хувийн дэмжлэг хүлээж, хоёрт орсон байна.
Түүнийг 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч гэж одоо ч үзэж буй юм. Ле Пен Франц улсаа евро болон Шенгенийн бүс, цэргийн НАТО эвслийн командлалаас гаргах нь зүйтэй гэж үздэг, цагаачлалын бодлогыг чангаруулахын төлөө тэмцдэг билээ. ОХУ-тай тэнцвэртэй бодлого явуулж, түүнтэй эдийн засаг, соёлын харилцаатай байж, Оросоос ч, АНУ-аас ижил зай барьж байвал зохистой гэж хэлдэг хүн. Крымыг Орост харьяалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. 2023 онд Ле Пен “Крым хоёр зууны турш Оросынх байгаад дарангуйлагч нь түүнийг ярдаг зангаасаа болж шилжүүлснээс хойш 60 жил л Украиных болоод байгаа юм” гэж хэлжээ. Түүний хэлснээр 2014 онд Европын Холбооны тавьсан хориг Орост ямар ч хохирол учруулаагүй, харин ч Францын фермийн аж ахуй эрхлэгчдэд л хор болсон аж. Оросын нефтийн нийлүүлэлтэд Европын Холбооны тавьсан хоригийг Ле Пен “өөрийнхөө амийг хорлон байж Оросыг хохироох гэсэн оролдлого гэж хэлж байв. Орост Европ нөхөрсөг бус хандаж байгааг Ле Пен алдаа гэж үздэг. Түүний бодлоор Оросын нөлөөнд Украин орж буй нь АНУ-ын нөлөөнд Канад орж буйтай агаар нэгэн аж.
Марин Ле Пенийг буруутгах гэсэн оролдлого нэг бус удаа гарч байжээ. 2014 онд парламентын сонгуулийн өмнө сурталчилгааны ажлын журам зөрчсөн гэж үзэж 10 мянган еврогоор торгох ял өгөв. 2015 онд “Исламын улс” бүлэглэлийн гарт амиа алдсан хүмүүсийн зургийг нийгмийн сүлжээнд тавьсны улмаас 2018 онд бас буруутгаж байв. 2022 онд телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Францын Засгийн газрын бус, Cimade гэдэг байгууллагыг “дамын наймаачдад тусалсан” гэж шүүмжилсэндээ өөрийгөө буруутай хэмээн үзэж буйгаа 2023 онд Ле Пен хүлээсэн байдаг. Сая түүнийг буруутгаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болгосон ажиллагаа өнгөрсөн оны есдүгээр сард эхэлжээ. Ле Пен өөрийгөө Францын ямар ч хуулийг, Евро парламентын нэг ч дүрэм журмыг зөрчөөгүй гэж мэдэгдсэн. “Үндэсний нэгдэл” намын одоогийн дарга Жордан Барделла шүүхийн шийдвэрийг “Ерөнхийлөгч байхыг ньфранцчууд харахыг хүсдэг улс төрчийг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн, ардчилалд хийсэн довтолгоо” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Марин Ле Пенийг 2024 онд явуулсан олон нийтийн санал асуулгаар хамгийн нэр хүндтэй 30 эмэгтэйн нэгээр тодруулсан байна.
Марин Ле Пен хоёр удаа нөхөрт гарсан аж. Эхний нөхөр бизнесмен Франк Шоффруагаас гурван хүүхэдтэй (нэг охин, ихэр хүү, охинтой), хоёр дахь нөхөр Эрик Иорио нь “Үндэсний фронт” намын зөвлөх байжээ.
Р.Жаргалант