Аливаа орны ардчилал, засаглал эрүүл, чадавхтай байна уу, үгүй юу гэдэг сэтгүүл зүйн салбарынх нь хөгжлөөс шууд шалтгаалдаг тухай Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Резза онцолсон байдаг. Тэгвэл Монгол Улсад ардчилал, засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөө ямар түвшинд байна вэ. Засгийн газар, яамд, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага бүгд дэргэдээ хэвлэлийн нүсэр аппараттай болж, үзэл суртлын олон давхар “шүүлтүүр”-ээр шүүсэн мэдээллийг л түгээж, олон ургалч үзлийн “цоргонууд”-ыг хаах болов.
Нэг талаас хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдаж, нөгөө талд сэтгүүлчид, сэтгүүл зүйн нэр хүнд олон нийтийн дунд унах болсон энэ цаг үед салбарынхаа сайн, мууг нээлттэй ярилцаж, сошиал медиад суурилсан шинэ цагийнхны эрэлт, хэрэгцээг хангахуйц шийдэл, гарц юу байж болох талаар хэлэлцдэг нэгэн платформ нээгдлээ. Ата.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ш.Даваадорж, Д.Заяабат нарын эхлүүлсэн “Медиа Инсайдерс” шинэ контентыг “Өнөөдөр” сонин, MN25 дугаар суваг телевиз дэмжин хамтарч ажиллах бөгөөд эхний дугаарт“Шинэ сэтгүүл зүйн төлөв, хандлага” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн судлаач, мэргэжилтнүүдтэй ярилцсаныг тоймлон уншигчдадаа хүргэе.
Сэтгүүлч, сэтгүүл зүйн сургагч багш Д.Мөнхчимэг. Тэрбээр ОХУ-ын Ивановогийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Латви дахь Стокхолмын эдийн засгийн сургуульд Медиа менежментээр мэргэжил дээшлүүлж, Чевнингийн тэтгэлгээр Британийн Сассексийн их сургуульд Жендер ба медиа судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
-Олон улсын стандарт яагаад чухал юм бэ гэхээр хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд итгэх итгэл цаана нь байдаг. Хэвлэл мэдээллийнхэнд итгэх итгэлийг сайжруулъя гэвэл бид өөрсдөө нээлттэй, ил тод байхын зэрэгцээ мэргэжлийн зарчмаа баримтлах хэрэгтэй. Аль болох олон улсын стандартчилал руу тэмүүлэх ёстой. Ил тод байх тусмаа бидэнд итгэх итгэл нэмэгдэнэ, итгэж эхлэх юм бол мөнгө төлнө. Өнөөдөр мөнгө төлж мэдээ үздэг, уншдаг соёл манайд төлөвшөөгүй байгаа нь үүнтэй холбоотой. Олон улсын стандартаа баримтлаад мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг, баримтаа нягталдаг, түүгээрээ ялгардаг хэвлэлийнхэн маань өөрсдийнхөө нэр хүндийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй. Тийм сэтгүүлчид “Би ийм боловсролтой, миний хийдэг ажил ийм онцлогтой, манай редакц ийм бодлоготой, ийм ёс зүйг баримталдаг” гээд бахархалтайгаар зарлаж болно шүү дээ. Тийм редакцууд бие биенээ магтаж чаддаг, шүүмжилж чаддаг, хамтдаа урагшилдаг, бас өөрсдөдөө хяналт тавьдаг баймаар байна. Түүнээс биш, ямар нэг хууль сахиулах байгууллага, аль нэг хуулиар өнөөгийн сэтгүүл зүйн нэр хүндийг өргөж, мэргэжлийн үйл ажиллагааг нь илүү чанартай болгохгүй. Үүнийг сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтаараа бид л хийнэ.
Монголд сэтгүүлчид бие биенээ шүүмжлэхээр “тогоо руугаа нулимлаа” гэдэг, нэг нэгнээ магтах болон өөрийнхөө ажлыг олон нийтэд сурталчлах, таниулах ойлголт огт байхгүй. Сэтгүүл зүйн нэр хүнд унасан, хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурсан энэ үед бид өөрсдийн ажлыг тэр тусмаа сайн таниулж, мэдээллийн боловсролтой уншигч, үзэгчдээ бэлтгэхэд анхаарч байх ёстой. Энэ соёлыг төлөвшүүлэх үүднээс жендерийн мэдрэмжтэй сэтгүүлч, редакторын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн үйл ажиллагааны хүрээнд бид “Редакцын буухиа” санаачилгыг хэрэгжүүлж, мэргэжлийн редакцууд маань бие биеийнхээ талаар сурвалжилга хийж үйл ажиллагааг нь олон нийтэд таниулан сурталчилж эхэлсэн.
Манай сэтгүүлчид мэргэжлийн зарчмаа баримталж ажиллахад тулгардаг хамгийн гол бэрхшээл нь мөнгө болоод цаг хугацаанд хавчигддаг явдал. Өнөөдөр Монголд нэг сэтгүүлч өдөрт таван мэдээ бэлтгэж байна. Тэгэхээр тэр хүн яаж баримтаа нягталж, эх сурвалжаа ул суурьтай судалж, сайн бүтээл хийх цаг, боломжтой байх билээ дээ. Ийм стандарт олон улсад байхгүй. Тухайлбал, би Монголдоо сэтгүүлч хийж байгаад дараа нь “Ройтерс”, “Глобал пресс” гэх мэт хэвлэлүүдэд ажиллахдаа нэг контент хийхэд эндэхээс бараг 100 дахин өндөр урамшуулал авдаг байсан. Дээрээс нь миний материалын сэдвийг эхнээс нь дуустал ярьж зөвлөлдөх, баримтыг нягтлан шалгах, найруулга, үг үсгийн алдааг хянах гурван редактор нэг бүтээл дээр хамт ажилладаг. Өөрөөр хэлбэл, нэг контентыг үйлдвэрлэх зардал, өртөг нь Монголд байгаагаас бараг 200 дахин өндөр учраас чанартай бүтээл гарах нь ойлгомжтой. Тийм болохоор би монгол сэтгүүлч ур чадваргүй гэдэгтэй огт санал нийлдэггүй. Цаг хугацаа, мөнгө болон редакцын дэмжлэг байх юм бол чанартай, сайн бүтээлүүд гаргаад явах бүрэн боломжтой.
Тэгэхээр манай хэвлэлийнхэн хараат бус байж, чанартай сэтгүүл зүй хийе гэвэл мөнгөтэй болох хэрэгтэй. Зөвхөн реклам, гэрээний мөнгөөр гол зогоодог уламжлалт хандлага, хайрцагнаасаа гарч сэтгээд, санхүүжилт босгох өөр олон төрлийн бизнес моделуудыг туршиж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хардаг. Эхлээд хэрэглэгчдийн тодорхой хүрээллээ бий болгоод, тэдэн рүүгээ чиглэсэн эвент зохион байгуулах, сургалт хийх, өөрсдийнхөө нэрээр футболк, аяга, малгай хийлгээд борлуулах, марафон зохион байгуулах, аян өрнүүлэх зэргээр орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх янз бүрийн арга туршиж байна. Мөнгө олж болох ямар хэрэглэгчид, ямар зах зээл байна, тэрийг олж харах нь чухал. Редакцыг сайн сэтгүүлч биш, сайн менежер удирдаж, мөнгө олж байж л хараат бус байж, чанартай бүтээл гаргана. Үгүй бол бид энэ “чөтгөрийн тойрог”-оос гарч чадахгүй. Хэтэрхий жижиг зах зээлд бие биетэйгээ уралцсаар, эцэст нь өөрсдийгөө барьж идэхэд хүрдэг энэ тогтолцоог “Улаан далай” ч гэдэг. Цөөн ч гэсэн манайд эрүүл сэтгүүл зүйг түүчээлж, өөр өөрийнхөө зах зээлийг бий болгож яваа редакцууд бий. Цуст далайгаасаа гарч, эрүүл цэнгэг “Цэнхэр далай” руу тэмүүлж, тэдэнтэй нэгдэж, илүү олуулаа болох хэрэгтэй.
Ж.ХУЛАН: СОНИРХЛЫН БҮЛГҮҮДИЙНИТГЭЛЦЭЛДҮНДЭСЛЭСЭН ГҮН БАТ ХОЛБОО БҮХИЙ ХҮРЭЭЛЭЛ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ
“Gereg & UB life” компанийн дэд захирал Ж.Хулан. Тэрбээр сэтгүүл зүйн чиглэлээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөөд, Британи, Сингапурт магистр хамгаалсан туршлагатай сэтгүүлч юм.
-Манай редакцын хувьд хүрээлэл буюу уншигчидтайгаа эргэх холбоо тогтоох, тэндээсээ тодорхой орлого олох бизнес загвар луу аяндаа орцгоосон. Түүний нэг хэлбэр нь манай “UB life” сайтаас зохион байгуулдаг “Поэтри найт” арга хэмжээ. Бид хэдийгээр хэвлэл мэдээллийн байгууллага ч гэлээ энэ арга хэмжээг зохион байгуулаад 2-3 жил болчихлоо. Эхэндээ ямар ч орлогогүй байсан бол сүүлийн нэг жилээс тодорхой ашиг олж байна. Өөр нэг шинээр туршсан зүйл нь бид “Гэрэг” сэтгүүлээ “Нью Йорк Таймс”-ын Монгол дахь албан ёсны хамтрагч болгоод, анхны хамтарсан дугаар гаргахдаа урьдчилсан захиалга авсан. Хэвлэгдээгүй байгаа сэтгүүлд хүн 20 мянган төгрөг төлөөд урьдчилж захиална гэдэг уншигчид болон бидний хоорондох их том итгэлцэл байхгүй юу. Манай редакц уншигчидтайгаа ийм хүрээллийг хэдийнэ бий болгочихсон байсан гэсэн үг.
Сүүлийн нэг, хоёр жилд сэтгүүл зүйн одоо, ирээдүйг таамаглаж гаргадаг мэргэжилтнүүдийн хамгийн их ярьж байгаа санаа нь энэхүү хүрээлэл буюу уншигчидтайгаа холбоо тогтоох явдал гэж байна. Тэгэхээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “Гэрэг” сэтгүүл, “UB life” сайтынхан хэрэглэгчидтэйгээ зүгээр нэг харилцах биш, энэ зах зээлийг бойжуулж, дараа дараагийн медиа хэрэгслүүддээ ийм байж болдог юм гэсэн сэдэл санаа өгч, нөлөөлж ирсэн байх нь. Хүрээллийг бий болгохын тулд манай хэрэглэгч буюу уншигчдад ямар асуудал тулгамдаж байна, бид тэрийг нь шийдэхэд яаж хувь нэмэр оруулж болохоор байна гэх мэтчилэн дотоод, гадаад зах зээлийн шинжилгээ хийгээд, түүнд тохирсон стратеги төлөвлөлт чухал. Манайх гэхэд залууст чиглэсэн сайт. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн өөр ямар хэвлэлүүд манайд байгаа билээ. Монголд бүртгэлтэй гэх хэвлэл мэдээллийн 500 байгууллага дунд “Unread”, “Ноорог”, “HumanZ”, “Graph” зэрэгийм төрөлжсөн, мэргэжлийн редакцууд цөөн боловч байгаа нь сайн хэрэг.
Энэ үеийг би “сэтгүүл зүйн алтан үе” гэж хэлнэ. Ямар ч тоног төхөөрөмжгүй байлаа ч тухайн хүн утсаараа бичлэг хийгээд, эвлүүлээд, хадмал тексттэй бүрэн хэмжээний видео бүтээж болж байна. Хүсвэл өөрийнхөө платформыг сошиал медиа дээр үнэгүй үүсгээд, хөгжүүлээд явж болно. Энэ талын бүх сургалт нь ютүүб дээр үнэгүй байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд интернэтэд суурилсан энэ үед хамгийн чухал нэг зүйл бол масс гэхээсээ илүү тодорхой сегментүүдийг сонгож авч үзэх тухай асуудал юм. Фэйсбүүкт бид сурталчилгаа оруулахаар идэвхжүүлэлт хийхдээ хаанахын, хэдэн насны, ямар хүсэл сонирхолтой, ямар амьдралын хэв маягтай, ямар хүйснийхүмүүст хүргэхээ нарийвчилж сонгодог шүү дээ. Гэтэл бид энэ сошиал сувгуудаар мэдээ мэдээллээ хэрэглэгчдэд хүргэх гэж л байгаа бол тийм сонголтуудыг нь яагаад өгөхгүй байна вэ. Залуучуудад зориулсан сайт олон байж болох ч тодорхой сонирхлын бүлгүүдээр нь сегментээ нарийвчилбал яг зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, машбат бөх холбоос бүхий хүрээлэл бий болж, илүү үр ашигтай байна гэсэн үг.
Нөгөө талаар, хэвлэл мэдээллийнхний хамтач байдлыг зориуд дотроос нь устгаж, хагалан бутаргахын тулд хуурамч мэдээлэл хүртэл явуулдаг болсон тухай судалгаа дүгнэлтүүд бий. Тиймээс бид хамтын ажиллагаагаа сайжруулж, хоорондоо асуудлаа нээлттэй ярилцдаг сэтгүүл зүйн ийм платформууд олон болоосой гэж хүсдэг. 2016 онд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Цагаан ордонд нэг сэтгүүлчийн асуултад хариулахгүй гэхэд дараа дараагийн сэтгүүлчид нь бүгд яг тэр асуултыг давтаж асуугаад байсан даа. Үүн шиг манай сэтгүүлчид бие биенээ дэмжиж, хамтран ажиллах нь чухал байна. Энэ бол өнөөгийн манай сэтгүүл зүйн хүнд цаг үед цаашаа алхах гарц болов уу гэж бодож байна.
Б.ДУЛАМХОРОЛ: ДЭЛХИЙ ДАХИНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ 231 ТӨРЛИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭС ОРЛОГО ОЛДОГ БОЛ МАНАЙД 4-5 НЬ Л БАЙНА
“Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв” ТББ-ын тэргүүн Б.Дуламхорол. Тэрбээр “Олон улсын баримт шалгагчдын сүлжээ”-ний стандарт, хэм хэмжээг эх орондоо нутагшуулахаар Монголын баримт шалгах төвийг байгуулан ажиллуулж байна.
-Хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжих иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй гэж бодсон учраас Монголын баримт шалгах төвийг байгуулсан. Манайх үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эхнийх нь, хэвлэл мэдээллийн байгууллагууд, редакцуудтай хамтран мэдээллийн баримт, эх сурвалжийг нягтлан шалгах үйл ажиллагаа. Аливаа асуудал дээр байр сууриа илэрхийлж байгаа тухайн эх сурвалжуудын тооноос илүү чанар чухал болсон. Жишээ нь, эх сурвалж маань тухайн асуудалтайгаа хэр ойр юм, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа юу, тэр хүнд байгаа мэдээлэл нь цаг хугацааны хувьд хуучраагүй, шинэлэг байж чадах уу гэх мэтчилэн баримтыг нягтлах шинэ арга зүйг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хоёр дахь нь, цахим орчинд тархаж буй хуурамч, ташаа мэдээллийг бид баримтаар нягтлан тодорхой шошго тэмдэглэгээ зүүж, тэдгээрийн хандалт илэрцийгтодорхой хэмжээнд бууруулахад хувь нэмрээ оруулдаг.
Хүний нөөц, хөрөнгө санхүүжилтээс эхлээд Монголд хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэхээр хүнд нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм ийм эх үүсвэрээс орлого олдог гээд 13 бүлгийн 231 төрлийн ажил арга хэмжээг тодорхойлсон байна билээ. Тухайлбал, уншигчийн орлого. Тэр нь дотроо ахиад арваад төрлөөр задарч байх жишээтэй. Би тухайлбал, ажил, амьдралаа хэрхэн тэнцвэртэйгээр авч явах талаар сүүлийн үеийн баримт судалгаатайгаар хэлдэг, зөвлөдөг ч юм уу, залуу ээжүүдэд зориулсан медиа байдаг болоосой гэж боддог юм. Тэгэхээр наадах чинь сэтгүүл зүй бишшүү дээ гэх гээд байдаг. Сэтгүүл зүй гэхээр л заавал газар дээр нь очоод асуудлыг ухаж, шүүмжлэх бишюм. Таны уншигч өнөөдөр ямар асуудалтай тулгарчбайна, ямар ажил хиймээр байгаа, тэрийг нь таны өгч буймэдээлэл хангаж чадаж байгаа бол та сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж байна гэж үздэг нэг урсгал бас бий. Энэ бүхэн нөгөө л орлогын олон эх үүсвэрийн нэг хэсэг болж таарна.
Бид өнгөрсөн жил Монголын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллагыг хамруулсан судалгаа хийсэн. Гэтэл Монголд ерөнхийдөө түгээмэл 4-5 төрлийн орлогын эх үүсвэр л байна. Төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах гэрээ байгуулах, нэг удаагийн контентын борлуулалт, спонсоршип буюу ивээн тэтгэлэг, эвент гэх мэт. Тэгэхээр дэлхий нийтэд түгээд буй 230 гаруй төрлийн орлогын эх үүсвэрээс аль алийг нь Монголд нэвтрүүлэх боломжтой гэдэг дээр хамтарч ажиллах, судлах зүйлүүд байна гэж хардаг.
Сошиал медиа хөгжсөн энэ үед хэвлэлүүд мөнгөний төлөө гэхээс илүүтэй хүмүүсийн анхаарлыг татахын төлөө, цаг хугацааны төлөө өрсөлдөж байна. Хажуугаар нь эрх баригчид, төр засгийн зүгээс санаатай, санамсаргүй дарамт, цензур их. Өрсөлдөөнийг бохир, шударга бус болгоод байгаа нэг зүйл нь зөвхөн хаалтын гэрээгээр үл барам өнөөгийн нөхцөлд эх сурвалжийн мэдээлэл өгч байгаа асуудал дээр тодорхой харагддаг. Зөвхөн найз, танил талдаа мэдээлэл өгдөг, эсвэл өөрсдийг нь магтдаг хэвлэлүүддээ түрүүлж ханддаг, бусдад нь хаалттай. Тэгэхээр иймэрхүү шударга бус практикуудаас сэтгүүлч нар бас өөрсдөө хол байх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондоо хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Саяхны “Ноорог”-ийн жишээнээс харахад ч тэр, зохион байгуулалттайгаар хөндлөнгөөс дарамталж байгаа энэ мэт үйл явц дээр бид олуулаа дуугарсан учраас үр дүнд хүрсэн шүү дээ.
Л.Аргамжин