Туул голын сав газрын захиргааны дарга Б.Билгүүнтэй Туул голын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе. Тэрбээр саяхан болсон “Цэнхэр алт” үндэсний чуулганы үеэр энэ сэдвээр илтгэл тавь¬сан нь анхаарал татсан юм.
-Туул голын усны түвшин болон бохирдол өдгөө ямар түвшинд байгаа вэ гэдэгт мэргэжлийн, хамгийн ойр ажилладаг хүний хувьд тодорхой хариулт өгөхгүй юү?
-Туул голын хамгийн хүнд асуудал нь бохирдол. Хятадын Шар мөрөнтэй бохирдлын түвшнээрээ эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрсэн гэж үздэг. НҮБ зэрэг олон улсын байгууллагад Монголоос бүртгэгдэж, анхааралд орсон ганц гол нь Туул шүү дээ. Ийм байдалд хүргэсэн зүйл нь хүний буруутай үйл ажиллагаа
Хамгийн их бохирдолтой нь нийслэл орчмын хэсэг. Улаанбаатарт албан ёсны бүртгэлтэй, бүртгэлгүй нийт хоёр сая орчим хүн амьдарч байгаа бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг Туул голын сав газарт үйлдвэрлэдэг. Энэ олон хүний хэрэглээг, нийслэлд явуулдаг бүх үйлдвэрлэл, үйлчилгээний усыг зөвхөн Туулаас л хангаж ирсэн. Үүний зэрэгцээ арьс, шир, ноос, ноолуур, махны, хүнсний гээд бүх үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний хаягдал ус, элс, хайрганы карьер, Тэрэлж дэх амралтын газруудын нүхэн жорлонгийн бохир бүгд Туул руу цутгадаг. Гэтэл Төв цэвэрлэх байгууламж ямархуу байдалтай байгаа билээ. Та бүхэн мэднэ. Анх 350-500 мянган хүний хэрэгцээнд зориулан төлөвлөж, 170 мянган шоо метрийн багтаамжтай байгуулсан байгууламж одоо ачааллаасаа хэд дахин их бохир хүлээн авч, чадан ядан шүүж байна. Одоогийн цэвэрлэх байгууламжаас хоногт 150-160 мянган шоо метр усыг Туул голд нийлүүлдэг. Зарим үед бохир нь хальж, гол руу шууд орох нь ч бий.
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулах тов гарсан. Хэрэв шинэ байгууламж хуучнаасаа ялгаагүй, химийн хорт бодис шүүдэггүй бол Туулын бохирдол буурахгүй. Хан-Уул дүүргийн нутаг дахь үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид хүртэл химийн бодис ашигладаг. Тэдгээрээс гарсан химийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжид очдог. Харамсалтай нь, цэвэрлэх байгууламж үүнийгшүүдэггүй. Үс хялгас, хог шороог шүүдэг ч бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаггүй гэдэг шүү дээ. Тиймээс цаашид химийн бодисыг шүүдэг болох хэрэгтэй. Үүнийг шийдэхгүйгээр Туул голын бохирдлыг бууруулах боломжгүй. Үйлдвэрүүдийн химийн бохирдлоос болж нийслэлчүүд нийтээрээ хохирч байгаа. Хамгийн их хохирол амсаж буй нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэд, Төв аймгийн Алтанбулаг, Лүн сумынхан юм. 1960-1980-аад оны үед Туул өөрөө өөрийгөө цэвэрлэдэг байгалийн зохилдлогоотой байлаа. Одоо ингэж чадахаа байсан. Гол 130 км газарт урсаад байгалийнхаа аясаар өөрийгөө цэвэршүүлдэг гэж усны шинжлэх ухаанд үздэг. Туул нэгэнт энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн тул их хэмжээний бохирдолтой ус урссаар байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн бүсэд оршин суудаг иргэд, малчдаас маш их гомдол ирүүлдэг.
Туул гол Хан Хэнтийн нурууны Нэргүй, Номин голоос эх аван урсаж, нийслэл болон Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 37 сумын нутгаар дайран өнгөрдөг. Нийслэлчүүд Туул голын гүнээс өдөрт 170 мянган шоо метр усыг хэрэгцээндээ авдаг. 1960-аад оны үед Туул гол нэг секундэд 1000 литр ус урсгах чадвартай байсан бол өнөөдөр 400 болж буурсан. Өөрөөр хэлбэл, гадаргын ус нь 60 хувиар багасчихсан гэсэн үг.
-Та Туулыг бохирдлоороо өмнөд хөршийн Шар мөрөнтэй зэрэгцэж ирсэн гэлээ. Чухам хэдийнээс ингэж харьцуулагдах болов. Бохирдлыг нь хэзээ хамгийн сүүлд судалж, шинжилсэн бэ?
-Усны чиглэлээр яам, тамгын газарт олон арван жил ажилласан нэгэн ахмад доктор ингэж хэлсэн юм. Туул голд хийсэн бохирдлын судалгааны үр дүнгүүд ч түүний дүгнэлтийг баталдаг. Бид хяналт шинжилгээ тогтмол хийж ирсэн шүү дээ. Хамгийн сүүлд гол хөлдөхөөс өмнө буюу 2024 оны арваннэгдүгээр сард “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ынхантай хамтран Туул голын дөрвөн цэгээс сорьц авч шинжлэхэд бүх төрлийн бактери, халуун тэсвэртэй эмгэг төрөгч илэрсэн. Үндсэндээ Туул голд сэлэх, усыг нь шууд хэрэглэх боломжгүй. Ийм хэмжээнд хүртлээ гүн бохирдчихоод буйюм.
Өнгөрөгч сард бид МҮОНРТ-ийн “Ногоон шошго” нэвтрүүлгийнхэнтэй Тэрэлжид ажилласан. Туул голын урсац бүрэлдэх эх, гол тэжээгдэл болсон Тэрэлж голд Монголын хоёр, Францын нэг компани ямар ч хяналт, зөвшөөрөлгүйгээр нохой чарганы үйлчилгээ эрхэлж, байгаль орчин бохирдуулж байна. Тэр олон нохойны ялгадас, бохирдол Туул голын хамгийн том цутгал Тэрэлж рүү шууд орсоор. Мөс нь шав шар болчихсон харагдсан. Тухайн компаниудад албан ёсны зөвшөөрөл, эрүүл ахуй, ариун цэврийн бичиг ч алга. Тэрэлж дэх нүхэн жорлонгоо цэгцэлж чадахгүй явсаар байтал ийм нэг аюул гараад ирлээ. Ингээд харахаар Туулын гол аюул нь ерөөсөө л хүн аж.
-Тэгэхээр ХатанТуулаа хамгаалъя гэвэл олон талт арга хэмжээ авах шаардлагатай байх нь ээ?
-Тийм. Лаг хагшаасыг нь цэвэрлэхээс эхлээд даруй хэрэгжүүлэх шаардлагатай ажил өчнөөн. Гадаргын ус гүнийхтэйшууд холбоотой байдаг. Гадаргын ус нь гүнийхийгээ нөхөж, тэнцвэртэй, тогтвортой байлгадаг. Харин их хэмжээний бохирдол голын ёроолд хуримтлагдаад ирэхээр гадаргын ус гүнийхийгээ нөхөж чадахаа больчихдог. Туул гол яг одоо ийм байгаа. Судалгаагаар Туулын ёроолд 2-42 см зузаан лаг хагшаас хуримтлагдсан байгааг тогтоосон. Гүний ус нь хэдийн аюулд орсон гэсэн үг.
Манай улсад лаг хагшаас цэвэрлэдэг туршлага, технологи, стандарт бараг байхгүй. Гэхдээ хойд, өмнөд хөрш гээд энэ чиглэлийн хангалттай туршлагатай ойрын орнуудаас суралцах боломж бий. Москва голыг гэхэд оросууд 1932 оноос эхлээд цэвэрлэсэн юм билээ. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаа дайчилж, хамтран ажиллах ч боломжтой. Тэд технологийг нь төвөггүй гаргачихна. Харин улс төсөв санхүүжилтийг нь шийдээд өгчих хэрэгтэй. Туул голын сав газар улсын төсөвт маш их хэмжээний татвар, хураамж төвлөрүүлдэг. Энэ мөнгөний хэмжээ их наядаар яригдана. Гэтэл Туулыг нөхөн сэргээх, хамгаалах ажилд улсаас эргээд нэг ч төгрөг тавьдаггүй.
-Туул голын усны нөөцийг нэмэгдүүлэх, эргийг нь тохижуулах, усан цогцолбор, хөв цөөрөм байгуулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэгч бохирдуулагч хүчин зүйлстэй нь тэмцэх ажлуудыг орхигдуулаад байх шиг санагддаг юм. Одоо манай улс “Цэнхэр алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд Туул голын асуудлыг хэрхэн тусгаж, чухалчилж буй бол?
-Энэ удаагийн үндэсний чуулганд тулгуурлан зөвлөмж, дүгнэлтүүд гаргана. Эл ажлыг хариуцаж буй Усны газрын дарга З.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэгт миний бие багтсан. Зөвлөмж боловсруулахтай холбоотойгоор материалуудаа бэлтгэж байна. “Цэнхэр алт” хөтөлбөр баталбал өмнөхтэйгөө яаж уялдуулж, одоогийн ажлуудтай хэрхэн нийцүүлэх вэ гэдэг нь их чухал. 2012 онд баталсан “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г бид цагаан толгойгоо болгодог. Гэтэл үүний хугацаа ньдуусаад гурван жил өнгөрлөө. Удаах арван жилийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр байгаль орчны “Престиж инженеринг” компани одоо боловсруулж буй. Энэ оны зургаадугаар сард хүлээлгэж өгөх товтой. Хэрэв энэ төлөвлөгөөг баталчихвал Туул голыг цаашид хэрхэн хамгаалах вэ гэдэг нь тодорхой болно, шинэ тоо, судалгаануудаа ч эмхтгэж, нэгтгэнэ.
Туул голын сав газарт 405 гол, горхи, 824 булаг шанд, 179 нуур, 51 рашаан бүртгэлтэйгээс одоо 45 нь ширгэчихсэн. Мөн л хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Ялангуяа газар хяналтгүй, замбаараагүй олгосны нөлөө их. Усны тухай хуулийн 22.2 (Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоох тухай) болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал (Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам)-ыг зөрчөөд Туул голын сав газарт хууль бусаар газар олгочихсон 8444 тохиолдол бий. Үүний 1249 нь газар өмчлөх, 6352 нь эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй бол 843 нь ямар ч зөвшөөрөлгүй суурьшчихсан. Эд голыг хоёр талаас нь шахаж, голдирол, татамд нь халдаад баахан барилга, байгууламж барьчихсан байгаа. Монгол ийм л хуульгүй орон болчихлоо.
-Иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бий болгоно гээд сүүлийн жилүүдэд Туул голын эрэг хөвөөг энд тэндгүй цементлээд, тохижуулаад байгаа. Энэ нь хэр оновчтой юм бол?
-Нийслэлээс хийж байгаа тохижилтын ажлуудыг бид эсэргүүцдэггүй. Холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваад, дүгнэлт, судалгаанд үндэслээд ажлаа хийж байгаа. Гагцхүү тухайн бүсэд хог хаягдал хуримтлуулж, байгаль орчин бохирдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хүмүүсийг усанд сэлүүлэх зориулалттай орчин бүрдүүлж болохгүй. Туул голын ус эрүүл ахуйн шаардлага хангахаа больчихлоо шүү дээ. Харин голын эрэг дагуу салхилах, амарч зугаалах орчин бүрдүүлэх нь зүйн хэрэг. Одоо дархан цаазат Богдхан уулын амууд, Туулын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалт нэрийн дор олгосон газруудаа эргэж тойрч, нэгдсэн байдлаар хяналт шалгалт хийх цаг нь болсон гэж боддог. Газар олголтыг цэгцлэх, хууль зөрчсөнийг нь ил болгох, холбогдох байгууллагад уламжлах ажлуудыг бид хийж байгаа. Жишээ дурдахад, Сонгинохайрхан дүүрэгт 1782, Налайхад 1259 газрыг хууль бусаар олгочихсон байна. Энхтайваны гүүрний зүүн талд Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүсэд гэхэд “Авлига” хороолол хэмээгддэг “Акуа гарден” хотхоныг бариад дуусчихлаа. Энэ барилгаас болж нийслэлчүүд 2023 оны зуны үерээр багагүй хохирол амссан. Хүний амь хүртэл эрсэдсэн. Голын голдирол, татамд халдаж, үерийн усыг тогтоон барьдаг цэгтнь барилга, байгууламж барьчихаар ийм аюул тохионо шүү дээ. Дахиад тийм хэмжээний үер болохгүй гэх баталгаа байхгүй. Гол үертэй үедээ хальж, салаа мөчрөө тэлдэг нь байгалийн хууль. Энэ орон зайд нь халдаж, татмын ой, бургасыг нь сүйтгэж хэрхэвч болохгүй.
-Аюул, эрсдэлийн зэргээр ньүнэлбэл Туул голыг хамгаалах чиглэлээр нэн тэргүүнд юу хийх шаардлагатай гэж үзэж байна?
-Туул голын нийт урт нь 882 км. Үүний 100 орчим км буюу голын эх хэсэг нь бохирдол багатай, үүнээс дооших 744 нь бохирдолтой, Биокомбинат орчмын 30 км газар маш их бохирдолтой байгаа нь судалгаагаар тодорхой болсон. Үндсэндээ Туул голын 90 орчим хувь нь бохирдолтой гэсэн үг. Үүнтэй Туул голын сав газрын захиргаа дангаараа тэмцэх ямар ч боломжгүй. Хөрөнгө санхүүгийн боломж ч алга, хуулиар олгосон эрх мэдэл нь ч байхгүй. Туул голын бохирдол зөвхөн нийслэлчүүдийн зовлон биш, Монгол Улсын тулгамдсан асуудал юм. Тэгэхээр хамтаараа хөдлөхөөс өөр аргагүй. Шат шатны холбогдох байгууллагынхан үүнийг анхааралдаа авах ёстой. Туул голыг хамгаалах ажлын хэсэг байгуулах тухай албан бус мэдээ бий. Байгуулчхаасай гэж их горьдож, хүлээж байна. Ингэж байж лТуул төр засгийн түвшинд, бодлого, шийдвэр гаргах бүх байгууллагын анхааралд орно.
Мөн гол мөрнөө хайрлан хамгаалах, усны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэж үздэг. Хятадууд Хөх, Шар, солонгосчууд Хан мөрнөө, оросууд Москва голоо яаж хайрлан хамгаалдаг билээ. Бид Туул голоо энэ жишгээр хамгаалах ёстой юм. Хэрлэн, Онон, Туулыг эгч, дүү мөрөн гэж үздэг. Туулыг хамгийн бага нь гэлцдэг. Чингис хаан хойч үедээ үлдээсэн гэрээслэлдээ “Хэрлэн, Онон, Туулыг хойч үе өндөр хэмжээнд хамгаалж явах учиртай, энэ сав газарт монголчуудаас өөр харь угсаатан нутаглуулж, газар өгч болохгүй” гэсэн байдаг. “Монголын нууц товчоо”, Рашид ад-Дины “Судрын чуулган”-д энэ тухай байдаг. Энэ гурван мөрний сав газрыг Монголын хүчирхэг төр үүссэн голомт нутаг гэж үздэг. Үүгээр юу хэлэхийг зорив гэхээр Туул бол жирийн гол биш. Туул гол тасарвал Монголын түүх тасарна, нийслэлийн ундны ус тасарна. Би үүнийг “Цэнхэр алт” үндэсний чуулганы индрээс хэлсэн юм. Хүн төрөлхтөн цахилгаангүйгээр 100 мянга гаруй жил амьдарсан. Харин усгүйгээр 48 цаг ч амьдарч чадахгүй. Усгүй хоёр хоноход л хүний бүх эд, эрхтэн үхжиж эхэлдэг. Ус бидний хувьд ийм л үнэ цэнтэй. Харамсалтай нь, Монголд одоо хамгийн үнэгүй зүйл нь ус болчихсон.
Нэгэн баримт хуваалцъя л даа. Усны өөрийн үнэ цэн гэж бий. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар Засгийн газар усны үнийг тогтоосон байдаг. Орон сууцынхан НӨАТ тооцоогүй дүнгээр нэг литр усыг 1.34, гэр хорооллынхон 1.82 төгрөгөөр худалдан авч ашиглаж байна. 1000 литр буюу нэг тонн усыг 1000, хоёр тонныг нь 2000 гаруй төгрөгөөр авдаг гэсэн үг. Түүнчлэн Ус, сувгийн удирдах газар хэрэглэгчдэд шугам хоолойгоор ус хүргэсэн үйлчилгээндээ нөөц ашигласны төлбөр (рояалти) авдаг. Нэг тонныг нь 2000 төгрөгөөр тооцдог. Гэтэл хүн амын унд, ахуйн зориулалттай усанд ийм төлбөр ногдуулдаггүй, тооцдоггүй. Архи, шар айраг, цэвэр усны үйлдвэрүүд нэг тонн усанд нөөц ашигласны төлбөр гэж ердөө 330-хан төгрөг төлдөг. Ийм байж болох уу. Гэтэл дэлгүүрт 1500 төгрөгөөс доош үнэтэй цэвэр ус байдаггүй шүү дээ. Усны үнийг нэмье гэж байгаа юм биш. Үнэлэмж нь ийм байна аа гэдгийг бодит тоогоор хэлэхийг зорилоо. Бидний хөрш орнууд нэг литр усыг хэдэн төгрөгөөр үнэлж байна, цаашлаад олон улсад ямар жишиг үйлчилдэг вэ гэдгийг бодууштай. Аль 2000 онд тогтоосон үнэ тарифаа баримтлаад 25 жил болчихлоо. Цаг үе өөр болсон. Үүнийг эргэж нухацтайгаар авч үзэх цаг нь ирсэн.
-Танай байгууллага хяналтын цооногуудаар дамжуулан мониторинг судалгаа тогтмол хийж, Туул голын усны нөөцийг хэмждэг гэсэн. Ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
-Газрын доорх усны хяналтын 80 гаруй цооног бий. Үүгээр дамжуулан гүний усны нөөцөө өдөр тутам хэмждэг. Нөөцийг нь хэлэх боломжгүй, хуулиар хориотой. Зарим хяналтын цооног дахь логерууд (усны түвшин хэмжигч) ашиглалтын шаардлага хангахгүй болсон, технологийн талаас хэт хоцрогдсон зэрэг асуудлууд бий. Гүний усны нөөцөө бодитойгоор хяная, хэмжье гэвэл логеруудаа яаралтай шинэчлэх шаардлагатай. Гадаргын ус одоогийнх шиг ийм байдалтай байсаар байвал гүний нөөц хомсодно. Хүмүүс гол, горхи ширгэсэн ч гүний ус үлдэх юм шиг ойлгодог. Энэ бол маш том эндүүрэл. Гадаргын болон гүний ус нь хоорондоо харилцан шүтэлцээтэй оршиж, нэг нь нөгөөгөө нөхдөг. Өнөөдрийн байдлаар Туул гол гурван газарт тасарчихсан байгаа. Хайрга нь ил гарах хэмжээнд усгүй болчихсон. Сүүлийн жилүүдэд бороо дориун орсон тулдаа багахан устай буй. Борооны хүчээр лөдий зэрэгтэй байгаа гэсэн үг. Гүний уснаас буюу байгалийн зохилдлогоор нөхөгдөх ямар ч боломжгүй болсон.
Бидэнд мэдэгдэж байгаагаар Туул голыг хамгийн анх дүрс бичлэгт буулгасан нь 1945 онд бүтээсэн “Цогт тайж” кино гэж үздэг. Киноны зургийг Тэрэлжид, Туул голын гарам орчимд авсан юм билээ. Тэр үед Туул голын хамгийн гүехэн хэсэг нь монгол морины ташаа, тамганд хүрэх хэмжээний устай байж. Харин үүнээс 80 жилийн дараах байдлаар гадаргын ус нь 60 орчим хувиар багассан. Нөхцөл байдал сайнгүй, бүр маш муу байна.
-Сав газрын захиргааны зүгээс Туулыг хамгаалах ямар гарц гаргалгааг дэвшүүлэх вэ?
-Туулын хамгийн том гурван зовлон бол хууль бус газар олголт, усны замбараагүй, зохисгүй хэрэглээ, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй хөрс, усны бохирдол юм. Бид үүний эсрэг хэрэгжүүлэх хэдэн арга хэмжээ, шийдлийг өөрсдийнхөө хэмжээнд тодорхойлсон. Тухайлбал, хууль бус газар олголтуудыг цуцлах, Туул голоос татварт төвлөрүүлж буй орлогын 3-5 хувийг голоо хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах, стратегийн ач холбогдолтой баялаг гэдэг үүднээс усны үнийг Засгийн газар мэдэлдээ авах, саарал усыг дахин ашиглах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх боломжтой, шаардлагатай гэж үзэж байгаа. Уудаг усаа суултууртаа татдаг улс дэлхийд ховор шүү.