Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, салбаруудын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын урсгал татварын ухаалаг бодлогоос шууд хамаарч байна. Энэ удаа татварын реформын чиг хандлага, олон улсын сайн туршлага, валютын нөөцийн бодлогын хөшүүрэг, шинэчлэлийн боломжуудын талаар “Макс групп”-ийн худалдаа, аялал жуулчлалын компаниуд хариуцсан захирал С.Сүхболдтой ярилцлаа.
-Монгол Улсад бизнес эрхлэх орчныг татварын талаас хэрхэн үнэлэх вэ?
-Татварын орчин бол бизнес эрхлэгчдийн амьсгалах агаар, эдийн засгийн хөгжлийн чигийг тодорхойлогч стратегийн механизм юм. Монголд өнөөдөр аж ахуйн нэгж ашигтай ажилласан тохиолдолд 10 хувийн татвар төлдөг. Үүн дээр ажил олгогчийн 13, ажилтны 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж, нийт санхүүгийн ачаалал 35 хувьд хүрч байгаа нь ажилчдын цалин урамшууллыг нэмэх, аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь саад болдог.
Одоогийн нөхцөлд бол татвар нь зөвхөн хураамжийн хэлбэрээр хэрэгжиж, бодлогын хөшүүрэг болох үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна. Жишээлбэл, НӨАТ-ыг бүх салбарт нэгэн ижил түвшинд 10 хувиар ногдуулж буй нь тухайн салбарын эрсдэл, өгөөж, үнийн өсөлт, үйл ажиллагааны шинж чанарыг харгалзаагүй хатуу тогтолцоо болж хувирсан. Бидэнд НӨАТ-ын шаталсан бодлого хэрэгтэй. НӨАТ-ын босгыг өндөрсгөxөөс илүү хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд 1-3, эрүүл мэнд, боловсролд 3-5, аялал жуулчлалд тав, импортод 10 хувь гэх мэтчилэн ялгаа заагтай тогтоож, эдийн засгаа төрөлжүүлэн, дотоодын үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Татварын ачааллыг бууруулахгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг дарамтгүй, ухаалаг шийдлээр зохицуулах боломж бий юү?
-Бүрэн боломжтой. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шууд бууруулах бус, урамшуулал, тайлагнал, хөрөнгө оруулалтад тулгуурлан шинэчлэх хэрэгтэй. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд шаталсан хувь тогтоож, бага цалинтай ажилтанд бага, өндөр цалинтайд нь илүү хувь ногдуулах шударга тогтолцоог бий болгох нь зүйтэй санагддаг. Мөн даатгалын онооны систем нэвтрүүлж, шимтгэлээ илүү төлсөн иргэн илүү тэтгэмж, үйлчилгээ авах зарчим баримталбал урамшуулалд тулгуурласан амьд тогтолцоо болно.
Одоогийн мөрдөж буй нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хязгаарыг инфляц, хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөлтэй уялдуулан шинэчлэх шаардлагатай. Ингэснээр өндөр ур чадвар, бүтээмжтэй ажилтнуудын гүйцэтгэл, үнэлгээ цалинд бодитоор нөлөөлж, ажил олгогч татварын нэмэлт дарамт үүрэхгүйгээр цалин хөлсийг уян хатан тогтоох боломж бүрдэнэ. Түүнчлэн ажилтан өвдвөл эхний хоногуудад цалинтай чөлөө олгох санхүүгийн эх үүсвэр нь ажил олгогч биш, харин нийгмийн даатгалын сан байх ёстой. Энэ нь даатгалын тогтолцооны жинхэнэ зарчимд нийцнэ. Мөн ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж буй хүний нийгмийн даатгалын шимтгэлийг заавал ажил олгогчоор дамжуулан төлөх бус, тухайн иргэний хариуцлага, сонголтод үндэслэх нь бичил бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлд уян хатан, өрсөлдөх чадвартай бүтэц бий болгоно.Татварын хувьд тайлангаа үнэн зөв, хугацаанд нь өгдөг аж ахуйн нэгжүүдэд комплаенс оноо (compliance score)-нд суурилсан буцаан олголт олгох, хөрөнгө оруулалтын зардлыг татварын суурь дүнгээс хасаж тооцох татварын кредит олгох системийг бий болговол зохистой. Ингэснээрээ ил тод байдлыг дэмжиж, татварын суурийг өргөжүүлэx юм.
ТАТВАРЫН ТОГТВОРТОЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРС НЭМЭГДЭНЭ
-Дэлхийн туршлагаас харвал улс орнууд татварын бодлогоор эдийн засгаа хэрхэн зөв чиглүүлж байна вэ?
-Хөгжсөн орнууд татварыг зөвхөн мөнгө хурааж төвлөрүүлэх хэрэгсэл бус, эдийн засгийн өсөлтийг удирдах стратегийн бодлогын хөшүүрэг гэж үздэг. Жишээлбэл, Сингапурт старт-ап компанид эхний гурван жилд татвар ногдуулдаггүй, R&D буюу судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулсан зардлыг нь 200 хүртэлх хувиар хасаж тооцдог. Эстони улс дотооддоо үлдэж, дахин хөрөнгө оруулалт хийж буй ашгаас татвар авдаггүй. Ирланд 12.5 хувийн татварын тогтвортой бодлогоороо “Apple”, “Google” зэрэг технологийн аваргуудыг 25 жил тогтоон барьж чадсан. АНУ, Канадын хувьд дампуурлыг эдийн засгийн алдаа гэхээсээ илүү туршлага, эрсдэлийн менежмент гэж үздэг бөгөөд хувь хүн, компанид хоёр дахь боломж олгодог тусгай хуулийн орчинтой. Тухайлбал, АНУ-д хувь хүн дампуурлаа зарласнаар тодорхой хугацаанд өр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой байдаг нь шинэчлэл хийх, дахин хөл дээрээ босох таатай хөрс болдог. Олон улсын энэ мэт амжилттай туршлага нь тогтвортой, ухаалаг татварын орчин эдийн засгийн төдийгүй нийгмийн тэнцвэртэй хөгжилд чухал нөлөөтэйг харуулж байна. Хамгийн гол нь эдгээр улс татварыг эдийн засгийн урт хугацааны зорилготой уялдуулж, бүтээмж, ил тод байдал, хөрөнгө оруулалт, экспорт, технологийг дэмжин урамшуулж байдаг юм.
-Монголд энэ туршлагыг бодитоор хэрэгжүүлэх боломжтой юу?
-Тийм. Монголын эдийн засаг жижиг. Тиймээс гадаад, дотоод орчны нөлөөнд хурдтай хариу үйлдэл үзүүлдэг. Бидэнд асуудал ч бий, боломж ч байгаа. Өдгөө өрийн дарамт өндөр, түүхий эдийн экспорт давамгай, бодлогын уян хатан байдал сул, институцийн итгэлцэл бага байна. Гэхдээ татварын зөв шинэчлэл, урамшууллын ухаалаг системийг зоригтой нэвтрүүлж чадвал Монгол тогтвортой, төрөлжсөн, өндөр бүтээмжтэй эдийн засаг руу шилжих бүрэн боломжтой. Компанийн тухай хуульд шинэ ангилал (ХХК, ХК, микро бизнес, старт-ап, хувиараа эрхлэгч гэх мэт)-ыг тодорхой болгож, татварын урамшуулалт бодлоготой уялдуулбал маш том ахиц гарна. Түүнчлэн хөрөнгө оруулал тын орчинд тодор хой дүр зургийг бий болгоно.
-Гадаадын хөрөнгө оруулалагчдад ямар дохио өгөх нь хамгийн чухал вэ?
-Тодорхой, тогтвортой, ойлгомжтой орчин. Хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд тавьдаг асуулт нь “Ашгаа аюулгүй гаргаж чадах уу”, “Татвар, хууль эрх зүйн орчин нь тогтвортой юу”, “Өрсөлдөөний зарчим шударга байна уу” зэрэг юм. Ирланд шиг татварын тогтвортой бодлоготой, хөрөнгө хамгаалах эрх зүйн баталгаатай, тайлангааилтодтавьдагбол Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэнэ.
Гэхдээ үүнийг зөвхөн сайхан дүр зураг гэж харах биш, бодит институцийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын эрх зүйн үндэс суурь болсон хуулиудын (Компанийн, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг) заалтуудыг олон улсын шалгуурт нийцүүлэн шинэчилж, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг төр дур мэдэн хураадаг явдал, шүүхийн тогтворгүй шийдвэрээс хамгаалах арбитрын бие даасан механизм, хөрөнгө оруулалтын эрсдэлийн даатгал, хөрөнгө гаргалтын баталгаат суваг зэргийг бүрдүүлэх ёстой. Мөн институцийн итгэлцэл гэдэг ойлголтыг шинэ түвшинд авч үзэх цаг болсон. Тогтворгүй, давтамжтай өөрчлөгддөг хууль, журам, татварын орчин нь хөрөнгө оруулалтын өртгийг өсгөж, Монголыг эрсдэл өндөртэй зах зээл болгож харуулдаг. Үүнийг засахын тулд зөвхөн хуульд найдахаас илүүтэй төрийн байгууллагуудын хариуцлага, шийдвэрийн ил тод байдал, урт хугацааны баталгааг бодлогоор баталгаажуулах хэрэгтэй.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд төрөөс стратегийн тодорхой төслүүдэд батлан даалт гаргах нь хөрөнгө оруулагчийн итгэлийг нэмэгдүүлдэг дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хандлага. Жишээлбэл, Казахстан уул уурхайн салбарт төрөөс батлан даах гэрээг гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулж, Индонез “Infrastructure guarantee fund” байгуулан төслийн орлогын эрсдэлийг төр нь хуваалцсан. Вьетнам, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн оронд ч төрөөс орлогын баталгаа, урамшуулал бүхий тусгай сан, хууль эрх зүйн хамгаалалтаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байна. Монголд ч үүнтэй ижил төр, хувийн хэвшлийн баталгааны механизм бий болгож, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон эрчим хүчний төслүүдэд урамшуулал, баталгаа, хууль эрх зүйн тогтвортой орчныг “санал болгож” чадвал томоохон хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой.
-Стратегийн салбаруудад татварын бодлогоор хэрхэн урамшуулал үзүүлж болох вэ?
-Монголын ирээдүй уул уурхайгаас давж, технологи, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, компьютерын эд анги зэрэг тогтвортой өсөлт, өндөр бүтээмжтэй салбарт суурилаx ёстой. Эдгээрт татварын урамшуулал нь зөвхөн хөнгөлөлт бус, өсөлт хурдасгах бодлогын түлхүүр байх ньчухалюм. R&D, инновацын зардлыг хасах, оюуны өмч эзэмшигчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, улирлаас шалтгаалсан орлогын хэлбэлзэлтэй салбаруудад уян хатан тайлагнал нэвтрүүлэх, старт-ап компаниудыг эхний жилүүдэд татвараас чөлөөлөх зэрэг зорилтот, ухаалаг хөшүүрэг эдийн засгийн шинэ бүтэц рүү шилжих стратегийн гарц болно.
ТӨРӨӨС ЗӨВ ЗОХИЦУУЛАЛТ, ИТГЭЛЦЭЛ, ТОДОРХОЙ БАЙДАЛ ХҮСДЭГ
-Томоохон бүтээн байгуулалт, концессын төслүүдэд татварын дэмжлэг хэрэгтэй юү?
-Тийм ээ. Татварын дэмжлэг нь томоохон бүтээн байгуулалт, концессын төслүүдэд эдийн засгийн өсөлтийн суурийг тавих стратегийн алхам юм. Жишээлбэл, 100 тэрбумын өртөгтэй төсөл эхлүүлж буй компанид 5-10 тэрбум төгрөгийн татварын кредит олгох, эсвэл ашгийн эхний жилүүдэд шаталсан татвар ногдуулах замаар эрсдэлийг бууруулж, хувийн хэвшлийн оролцоог илүү идэвхтэй болгоход анхаарах хэрэгтэй. Энэ нь улсын төсвийн ачааллыг хөнгөлөхөөс гадна улс орны дэд бүтцийн хөгжилд хувийн хэвшлийг урт хугацааны стратегийн түнш болгох чухал механизм болно.
-Уул уурхайгаас гадна экспортыг дэмжих татварын гарц юу байна?
-Экспортыг өргөжүүлэх гол хөшүүрэг нь нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг татварын ухаалаг бодлогоор дэмжих явдал. Монголд үйлдвэрлэсэн, экспортод гаргаж буй бүтээгдэхүүнд хувь хүний орлогын албан татварын 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, НӨАТ-ын буцаан олголтыг бүрэн, шуурхай олгох нь зүйтэй. Мөн экспортын орлогоо дотоодын банканд оруулсан компаниудад валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлснийх нь төлөө валютын суурьтай татварын урамшуулал олгох хэрэгтэй. Энэ нь зөвхөн экспортыг нэмэгдүүлэх бус, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, уул уурхайн хамаарлыг бууруулах ач холбогдолтой.
-Валютын нөөцийг өсгөх урт хугацааны оновчтой бодлого юу вэ?
-Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд олон улсад алт, эрдэс баялгийг дотооддоо цэвэршүүлж, Төвбанкны нөөц хэлбэрээр бүртгэх стратеги хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Казахстан болон Узбекистан улс дотооддоо алт цэвэршүүлэх хувийн хэвшлийн үйлдвэрүүд байгуулж, Төвбанкандаа алт худалдан авч, валютын нөөцийнхөө нэг хэсэг болгон бүртгэж дархлаагаа сайжруулсан. Монголын хувьд жилд 15-20 тонн алт олборлодог ч ихэнхийг нь түүхий хэлбэрээр экспортолж, нөөцдөө бүрэн тусгадаггүй. Хэрэв бид Лондоны үнэт металлын зах зээлийн холбоо (LBMA)-ны стандартаар алтаа дотооддоо цэвэршүүлж, “Good delivery” зэрэглэлд хүргэн, Монголбанкны vault системд бүртгэн хадгалах замаар алтны нөөцөө санхүүгийн хэрэгсэл болгон индексжүүлж арилжаалж чадвал валютын нөөц шууд нэмэгдэнэ. Үүнийг дэмжихийн тулд боловсруулсан алтанд татварын шаталсан хөнгөлөлт, экспортын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт онцгой зохицуулалт хэрэгтэй. Энэ бол Монголын гадаад санхүүгийн хараат байдлыг бууруулах, валютын тогтвортой эх үүсвэртэй болох үндэсний стратегийн шийдэл юм.
-Бодлогын эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлбэл ямар үр дүн гарах бол?
-Монгол Улс татварын бодлогоо ухаалаг, урамшуулал, ил тод байдалд суурилсан, сал барын онцлогийг харгалзсан хэлбэрт шилжүүлж чадвал татварын суурь өргөжиж, төсвийн орлого нэмэгдэх, уул уурхайгаас хамаарсан бүтэц суларч, эдийн засаг төрөлжих, ил тод байдал сайжирч, хөрөнгө оруулалт, экспортын орлого өсөх зэрэг онцгой ач холбогдолтой. Түүнчлэн ажлын байр, дотоодын үйлдвэрлэл бодитоор нэмэгдэнэ, валютын нөөц, ханшийн тогтвортой байдал хангагдана. Ийм үр дүнд хүрэхийн тулд зоригтой гэж хэлж болохуйц бодлогын реформуудыг хийх хэрэгтэй. Хувийн хэвшлүүд хариуцлагатай өсөлтөд бэлэн байгаа. Гагцхүү бид төрөөс зөв зохицуулалт, итгэлцэл, ойлгомжтой орчин хүсэж байна.
Н.Ган