Иргэдээ гамшигт аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд мэргэжлийн чиглэлээр зааварчилгаа өгч, туслалцаа үзүүлэх үүрэгтэй онцгой байдлын байгууллагын алба хаагчидбүлэглэн хулгай хийж байжээ. Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дахь 19 дүгээр байрны гаднах зогсоолд байсан “Приус-30” загварын автомашины дөрвөн дугуйг хулгайлсан тухай мэдээлэл энэ сарын 2-нд цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу тус дүүргийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж эрэн сурвалжлаад Ш, Е, А гэх залуус хулгайлсан болохыг тогтоосон байна. Улмаар тэднийг байгаа газраас нь дайчлан баривчилж үргэлжлүүлэн шалгаж буй аж. Тэд нийслэлийн дүүргүүдээр автомашин хөлөглөн явж, зогсоолд байсан суудлын тээврийн хэрэгслүүдийн дугуйг удаа дараа хулгайлсан нь тогтоогдсон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа гал унтраах, аврах ангийн аврагч Ш гэх казах эр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа ангийн нэг аврагч, өөр нэг залуугийн хамтаар 22 удаа энэ төрлийн хэрэг үйлдсэн байна. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гурван автомашиныг нь битүүмжлээд буй аж.
Алба хаагч нь эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдоод байхад Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа ангийн удирдлага нь дээд дарга нартаа мэдэгдэлгүй дарагдуулсан байж болзошгүй байна.
Г.Орчлон