Урлаг, соёлын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Хүн сүрэг” хэмээх бүтээлээрээ эл наадамд оролцож, шилдгээр шалгарсан юм. Энэхүү бүтээлийг Монгол болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд урласан бөгөөд “Нүүдэлчдийн дараах туршлага” үзэсгэлэнд өнгөрсөн жил дэлгэсэн аж. “Хүн сүрэг” нь өрөг урлаг, эсгий, төмөр, ланд арт хослуулсан бүтээл гэдгээрээ онцлогтой. Мөн эсгийгээр товч, шилбэ зангидаж, үүгээрээ хүн төрөлхтнийг төлөөлүүлэн бүтээсэн гэнэ.
Б.Мөнхцэцэг нь орчин үеийн урлагийн төрлөөр дамжуулан эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нүүдэлчин ахуй соёлыг өвлүүлэн үлдээх зорилгоор бүтээлээ туурвидаг нэгэн. Ингэхдээ ихэвчлэн байгалийн гаралтай материал буюу эсгийний амьд, өвөрмөц чанарыг тодотгосон бүтээл урладаг. Тэрбээр “Нүүдэлчин зөн”, “Хүй дарсан чулуу”, “Эх дэлхийгээ анагаахуй”, “Орчин цагийн нүүдэлчдийн жим”, “Монгол, япон арьсан урлал” зэрэг үзэсгэлэнд өнгөрсөн жил оролцож, бүтээлүүдээ олны хүртээл болгожээ. Мөн “Монгол, франц эсгий” туршлага солилцох хөтөлбөр зэрэг олон улсын 20 орчим төсөл, арга хэмжээнд хамтран ажилласан туршлагатай уран бүтээлч юм.
-Таны “Хүн сүрэг” бүтээлийг “Мөнгөн мод-2024” наадмын шилдгээр тодрууллаа. Анх удаа энэ цомын эзэн болоход ямар мэдрэмж төрөв?
-Эл наадамд анх удаа нэр дэвшлээ. Бүтээл хүлээж авах хугацаа дуусахад нэг хоног дутуу байхад нь бараг л санаандгүй бүтээлээ явуулчихсан юм. Тэгтэл бүр шилдгээр шалгарчихлаа. Үнэхээр их баярлаж, бас догдолсон. Маш гэнэтийн, санаанд оромгүй сайхан мөч байлаа.
-Энэхүү бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхийг хүссэн гол санаа тань юу байв. Юунд илүү төвлөрч ажилласан бэ?
-Би орчин үеийн чиглэлээр бүтээлээ голчлон туурвидаг. Ингэхдээ монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн өв соёл, гүн ухаан, бэлгэдлийг бүтээл болгондоо тусгахыг хичээдэг. Монгол болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Нүүдэлчдийн дараах туршлага” үзэсгэлэнд миний “Хүн сүрэг” бүтээлийг сонгож, олны хүртээл болгосон. Ер нь бүтээлээ хийх явцдаа консепц, агуулгаа боловсруулсан гэх үү дээ. Анхандаа оюун санааны эв нэгдлийн тухай өгүүлэхийг хүссэн юм. Тухайн үед ОХУ, Украйны дайн газар авч байлаа. Тэгээд л энэ болгоныг бодож, дэлхийн энх тайвны бэлгэдэл байгаасай гээд “Хүн сүрэг”-ийг урласан.
Газар, тэнгэрийн доор хүмүүн заяа хэмээх эр, эм хоёр ертөнц бий. Энэ бол бүх зүйлийн тэнцвэр. Байгаль болон хүмүүс хоорондоо харилцахдаа тэнцвэртэй байх хэрэгтэй. Ер нь аливаа зүйл тэнцвэр дээр тогтдогийг харуулахаар зорьсон. Улс, гүрнүүдийн хоорондын харилцаа ч тэнцвэр дээр тогтдог. Тэгж байж бид энэ дэлхийд амар амгаланг цогцлоож чадна гэсэн санаа. Гол утга учир, бэлгэдэл нь ердөө үүнд л оршиж буй. Харин товч, шилбэ нь монголчуудын хамгийн эртний хувцас, хэрэгслийн нэгэн элемент шүү дээ. Эрт үеэсээ л өтгөс буурлууд маань товч, шилбэ зангидахдаа үгийн сайныг ерөөдөг байж. Мөн эр, эм товч гээд тусдаа нэршилтэй. Тиймээс энэхүү товч, шилбээр хүн хэмээх амьтныг төлөөлүүллээ. Ингэхдээ гэрийн буурь мэт тойрог хэлбэртэй дүрс бүтээсэн. Энэ нь бүхий л зүйл мөнхийн чанартай хэмээх агуулгыг илэрхийлнэ. Хэдийгээр хүн төрөлхтөн зуурдын амьдралд оршин буй боловч бидний оюун санаа, цаашид үлдээж буй бүхэн мөнхийн чанартай гэдгийг тойрог мэт гэрийн бууриар төлөөлүүлсэн гэсэн үг. Гэр нь бидний оршин байгаа, хамгийн дулаахан газар байдаг. Монголчуудын олон зуун жилийн шалгуурыг давж, өнөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээрээ. Хэдэн зуун жилийн өмнө ч дээвэр, туургыг нь эсгийгээр хийдэг байсан бол өнөө ч энэ хэвээрээ л хадгалагдан ирж. Тэгэхээр гэр нь монголчуудын амин чанартай шууд холбоотой, салшгүй нэг хэсэг нь яах аргагүй мөн. Бас гэр бүлийн харилцаанд ч эерэг нөлөөтэй. Мөнэвдэрч, хэмхэрлээ гэхэд тус бүрд нь солиход л болно. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хэллэгээр гэр нь архитектурын шилдэг загвар юм. Тэгэхээр бидний цаашид оршин тогтнох үндэс суурь бол үндэсний өв соёл юм шүү хэмээх санааг л бүтээл бүрээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьдог юм. Энэ нь ч биеллээ олсон байх.
-Бүтээлээ урлахад хэр хугацаа зарцуулсан бол?
-Бэлтгэл ажил 3-4 сар үргэлжилсэн. Ноосоо эсгийрүүлж, 600 орчимтовч, шилбээ хийхэд хоёр сар гаруй болсон.
-Та ихэвчлэн байгалийн гаралтай материал ашиглан бүтээлүүдээ урладаг шүү дээ.
-Монголчуудын өв соёл, нүүдлийн мал аж ахуйтай энэ нь салшгүй холбоотой. Бид амьдрал ахуйдаа голчлон ямар материал хэрэглэдэг тэр болгоныг л бүтээлдээ ашиглахыг зорьдог. Ялангуяа эсгий урлалаар сүүлийн 16 орчим жил тасралтгүй ажиллаж байна. Малын амийг таслахгүйгээр гарган авдгаараа онцлогтой, амин чанартай бүтээгдэхүүн юм. Тиймээс маш дулаан энергийн солилцоо явуулдаг, гайхамшигтай материал гэж боддог. Энэ ч утгаараа монголчуудын үүх түүх, өв соёл, үндэс угсаатай холбогддог өөрийн гэсэн нандин чанартай бүтээгдэхүүн. Тэгээд л голчлон эсгийгээр бүтээлээ урладаг юм.
-Энэ төрлөөр Монголд бүтээл урлахад хүндрэлтэй зүйлс бий юү?
-“Хөх нар” хэмээх орчин үеийн урлагийн төвд би 2009 онд элссэн. Анхны эмэгтэй уран бүтээлчдийнх нь нэг. Орчин үеийн чиглэлээр тэр дундаа контемпорари төрлөөр бүтээлээ урладаг гэсэн үг. Ер нь одоо үед дэлхий нийт энэ чиглэлд “автаж”, монголчууд ч үүнийг ойлгодог болжээ. Анхандаа бидний юу хийж, юуг илэрхийлэхийг хүсээд байгааг ойлгодоггүй хүн олон байлаа. Мөн бүтээлийн зардлаас эхлээд асуудал мундахгүй. Хүмүүс магтахаасаа шүүмжлэх нь түгээмэл. Нэлээд олон даваа давсны эцэст нэг үеэ бодвол биднийг ойлгодог үзэгчид нэмэгджээ.
-“Хүн сүрэг” бүтээлээ урлах явцад сэтгэл хөдөлгөсөн, эсвэл орхиод явчихмаар хэцүү санагдсан зүйлс тохиолдсон уу?
-Аливаа зүйлийг хийхэд жаргал, зовлон ээлжилдэг. Бэрхшээлийг давж байж жаргалыг амсдаг гэдэг дээ. Үүний адилаар богино хугацаанд нүсэр хэмжээний бүтээл урлах хэцүү. Хонины ноостой өдөр, шөнөгүй ноцолдох нь амаргүй даваа. Гэхдээ эсгийний өөрийн гэсэн амин чанар миний сэтгэлийг ихэд татдаг. Бүтээлээ дуусгачхаад харах мөчид миний цээжинд урьд өмнө нь хэзээ ч “амтагдаж” байгаагүй тийм сайхан аз жаргал мэдрэгдсэн. Дараа нь хүмүүс бүтээлтэй минь харьцан, товч, шилбийг нь товчилж байгааг хараад сэтгэл их хөдөлсөн. Хүмүүсийн сэтгэгдэл шууд л нүүрэнд нь илэрдэг юм билээ. Ер нь би бүтээлээ урлахдаа үзэгчид ч гэсэн нэгээхэн хэсэг нь байгаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа үзэгчдээ татан оролцуулсан бүтээл туурвихыг хичээдэг юм. Тэгж байж илүү амьд мэдрэмжийг хүмүүст өгч чадна. Тухайн үед эл бүтээл яг л байгалийн нэгэн хэсэг мэт харагдаж байв. Салхи салхилж, бороо орж, шуурга шуурах үед яг л тариан түрүү шиг найгах нь маш үзэсгэлэнтэй. Ногоон талд хэсэгхэн цагаан цэцгэн мандал байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр үнэхээр сэтгэл хөдөлгөм харагддаг.
-Яагаад “Хүн сүрэг” гэж нэрлэсэн бэ?
-Хамгийн анх өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцъя. Орчин үед зөвхөн өөрийгөө хайрла гэх би төвт үзэл давамгайлах болж. Тэгтэл хүн төрөлхтөн үүссэн үеэсээ л овог, аймгаараа сүрэглэн амьдарч байсан. Нэгнээ аюул ослоос хамгаалж, хань бараа болдог байсан шүү дээ. Хожмоо энэ нь хүний нийгэм үүсэх суурь болсон. Тиймээс бид эв эеэ ололцож, сүрэглэн амьдарч байж энэ дэлхийд хүн төрөлхтөн орших юм. Тэгэхээр хүн ганцаар бус, хоорондоо харилцаа холбоотой, бие биеэ хайрлаж, дутуугаа дүүргэж байж оршин тогтнодог гэсэн үг. Эс чадвал тухайн улс орон, гэр бүл ямар ч үндэс суурьгүй болж, магад өөрсдийгөө устгаж эхэлнэ гэж боддог юм. Тиймээс энэхүү бүтээлээ “Хүн сүрэг” гэж нэрлэсэн.
-Багаасаа зурах дуртай хүүхэд байсан нь хожим СУИС-д элсэхэд нөлөөлөв үү. Энэ мэргэжлийг хэрхэн сонгосноо сонирхуулахгүй юу?
-Уг нь аав намайг хуульч болгохыг хүссэн. Тэгтэл эхний жил “азаар” 1-2 оноо дутаад, сургуульдаа тэнцээгүй. Тиймээс сайн бэлдэж байгаад дараа жил сургуульд орохоор болсон. Гэтэл нэг өдөр найзуудтайгаа СУИС-ийн дэргэдүүр явж байгаад “зургийн ангид нэмэлт элсэлт авч байна” гэсэн зарлал харлаа. Тэгээд л жижүүрээс нь лавшруулж асуугаад , маргааш нь очиж уулзсан.
Арван жилдээ би дэвтрийнхээ ард чимээгүйхэн янз бүрийн зүйл зурдаг хүүхэд байв. Аав, ээж ажилдаа явсан хойгуур зургаа зураад л суучихдаг. Жаахан хүүхэд учраас юу хүсэж буйгаа сайн мэдэхгүй. Гэхдээ далдхан зураг зурах хүсэл эрмэлзэлтэй. Тиймээс аав, ээждээ ч хэлэхгүй сонирхлоороо шалгалт өгчихлөө. Гэтэл хоёрдугаар байрт жагсдаг юм даа. Тэгээд л аав, ээждээ хэлэв. Үнэхээр гайхаж, алмайрсан. Гэхдээ аав, ээж өөрсдийнхөө бодлыг тулгадаггүй, хэзээ ч намайг үгүйсгэж, урмыг минь мохоодоггүй хүмүүс байв. Ингэж л анх СУИС-ийн босгоор алхсан түүхтэй. Гэхдээ яагаад ч юм өмнө нь сургуулийн хаалгаар орж, хонгилоор алхаж буй мэт нэг л танил, дотно мэдрэмж үргэлж төрдөг сөн.
-СУИС-ийн уран зургийн ангийг төгсчхөөд яагаад эсгий урлал руу хөрвөх болсон бэ?
-Шалтгаан нь аав минь байлаа. Миний аав эрдэмтэн хүн. 1990-ээд оны шуурганд олон эрдэмтэн гудамжинд гарсан шүү дээ. Хүрээлэнгүүд ч татан буугдаж, зарим нь орон тооны цомхотгол хийсэн. Тэгээд л аав ажилгүй болсон юм. Ингэж явсаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор хонины ноосоо заавал үйлдвэрт тушаахгүйгээр өөрсдөө боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон, гэр бүл, ойр тойрныхныхоо хэрэгцээг хангадаг, цахилгаанаар ажилладаг машин зохион бүтээсэн. Тухайн үед шинэ зүйл зохион бүтээх маш хэцүү байсан шүү дээ. Санхүүжилт байхгүй, эрдэмтдээ гаргуунд нь гаргачихсан, бүх зүйл тархай бутархай, учраа олохгүй их сонин болчихсон үе. Тиймээс эрдэмтэд маш их зүйл золиосолж байж ажлаа хийнэ. Үүний нэгэн жишээ нь миний аав. Тэгээд нэг өдөр аавтайгаа алхаж явтал “Миний охин хонины ноос, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр гээд малын гаралтай түүхий эд үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Малын амийг нь таслахгүйгээр авч болдог, амин чанартай бүтээгдэхүүн” гэж аминчлан хэлсэн. “Охин минь аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтдоггүй юм. Чи үүнийг урлагийн чиглэлээр нь хөгжүүлээрэй” гэж захисан даа.
Аав 2009 онд бурхан болсон юм. Тухайн үед би уран бүтээлч болно гээд өөртөө хатуу зорилго тавьчихсан байлаа. Ингэхдээ Хүүхдийн урлан бүтээх төвд багшилж, эсгийгээр хэрхэн бүтээл урлахыг хүүхдүүдэд заах хэмжээнд өөрийгөө хөгжүүлсээр ирэв. Уг нь анхны бие даасан үзэсгэлэнгээ уран зургийн чиглэлээр гаргах гэж байсан. Гэхдээ аавынхаа дурсгалд зориулан эсгийгээр урласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргахыг хүссэн юм. Тэгээд л “Занаду арт” галерейд үзэсгэлэн дэлгэж байлаа. Үүнээс хойш хүмүүс шинэ, содон гэдэг утгаар нь маш сайн хүлээн авсан. Анхны үзэсгэлэн учраас олон ч шүүмж сонссон. Бас олон ч магтаал хүртсэн дээ. Энэ нь ч надад түлхэц болж, их урам зориг өгөв. Үүнээс улбаалаад “Номад өрөг” хэмээх орчин үеийн эмэгтэй уран бүтээлчдийн группийг үүсгэн байгуулалцсан юм. Ингээд л энэ чиглэлээр уран бүтээлээ хийдэг болж, өв соёл руугаа илүү ойртсон бүтээлүүд урладаг болсон.
-Үндэсний уламжлалт сэтгэлгээг харуулсан бүтээл урлах санаа энэ үеэс төрсөн байх нь.
-Оюутан байхдаа эмэгтэй хүний хөрөг зураад Лхагвасүрэн багшид шалгуулахаар очсон. Тэгтэл багш нэлээд удаан харснаа “Чи ер нь монгол сэтгэлгээгээрээ л бүтээлээ туурви. Энэ хөргөөс Монгол үнэртэхгүй байна. Монгол зураач юм бол Монголоороо сэтгэ, бод” гэв. Гэтэл би хотын хүүхэд шүү дээ. Жилд ганц, хоёр удаа л аав, ээжийгээ дагаад хөдөө явна. Тиймээс уламжлалт сэтгэлгээ, хөдөөгийн тухай төсөөлөл надад байхгүй. Тухайн үед монгол гэхээр яах ёстой юм бол гэж их бодсон. Уул, ус, морь, мал, дээлтэй хүн зурвал монгол болчих юм уу гээд л учрыг нь олоогүй. Гэтэл хүний сэтгэл зүй төлөвшиж эхлэх үеэс монгол хэмээх сэтгэлгээний онцлог ч дагаад төлөвшдөг юм байна. Аав минь бидэнд ямар олон дурсамж, сайн сайхан зүйлийг өвлүүлэн үлдээсэн юм бэ дээ гэдгийг цагийн аясаар ойлголоо. Би ч гэсэн үүнийг нь цаашид үр, удамдаа үлдээх хэрэгтэй гэсэн бодол тээж, энэ төрөлд эргэлт буцалтгүй хөтлөгдсөн юм.
-Тэгэхээр уран зураг бус, эсгий урлалдаа төвлөрнө гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Уран зургаа нэлээд орхигдуулсан. Үндэсний өв соёлын чиглэлээр, болж өгвөл моментал төрлийн том орон зай шаардсан бүтээл урладаг. Гэхдээ анхнаасаа зураач болохыг хүссэн учраас нөгөө л хөөрхөн эмэгтэйчүүдээ зурмаар санагддагийг нуух юун. Тиймээс заримдаа үзэсгэлэнд зориулж завсар зайгаараа зурна. Мэдээж зураач мэргэжлийг сонгосон учраас бие даасан үзэсгэлэн гаргах хүсэл мөрөөдөл бий. Хэзээ нэгэн цагт үзэсгэлэнгээ дэлгэчхээд “Хөөх, би уран зургийн үзэсгэлэн гаргачихсан байна шүү дээ” гээд баярлаад зогсох үе ирнэ гэж боддог юм.
У.Цэцэгсүрэн