“Парис-2024” зуны олимпын дэвжээнд хүч сорьсон чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаа дэлхийд данстай бөхчүүдийн нэг. Түүнийг олон орны үзэгчид мэддэг болоод нэлээд хугацааг үлдлээ. “Жи мобайл”, Хүч алдрын бэлтгэлжилтийн хэлтэст харьяалагддаг тэрбээр Өвөрхангай аймгийн Тарагт сумаас спортын гараагаа эхлүүлж, бөмбөрцгийн нөгөө талд орших Сербийн Белград хотыг 2023 онд зорин чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медальтай ирж, монгол түмнийг баярлуулж байв. Түүний барилддаг жинд Киргизийн дэлхийн аварга Мээрим Жаманзаров, Туркийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Бусе Тосун, Казахстаны олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Елена Шалигина, Францын Коумба Ларрок, БНАСАУ-ын Пак Сол Гум гээд хүчтэй өрсөлдөгч олон. Тэдний заримтай нь дэвжээнд нэг бус удаа таарч хожсон удаа ч бий. Үүгээр ч зогсохгүй “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, дэлхийн чансааны II бичигдэн, тэр жилээ оны шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ-Чоно” наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон юм. Чөлөөт бөхийн дэвжээнд хүч түрэн гарч, “Нью Дели- 2020” Азийн АШТ-ээс хүрэл, “Алматы-2021”-ээс мөнгө, “Амман-2025”-аас хүрэл медаль гардаж, их спортын талбарт гаргасан амжилтаар үеийнхнээсээ цойлж яваа түүнийг зочноор урилаа.
-Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Йорданы Амман хот танд ямар бодол төрүүлсэн нь сонирхол татаад байна.
-Биднийг хөл тавьсан анхны өдөр тус хотын орчин нөхцөл, уур амьсгалаас тивийн тэмцээн өндөр зохион байгуулалттай болох нь мэдрэгдэж байлаа. Азийн бөхийн холбооны ерөнхийлөгчөөр тус улсын бөхийн холбооны тэргүүн Мохамад Аль-Авамлех сонгогдож, 2028 он хүртэл тэргүүлэхээр болсон. Тэрбээр олимпын наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор тивийн тэмцээнийг нутагтаа зохион байгуулж буй юм билээ. 2025 он гаргаад миний оролцсон эхний гурван тэмцээний нэг нь энэ байв. Би Азийн АШТ-д хэсгээ ахалж барилдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн тамирчин Гульнара Таштанбековаг 14:2-оор буулган авч, тивийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүсэн. Бид хаана ч очсон мэнд устай явдаг. Гадаадын тэмцээнд байнга оролцдог тул нэгнийнхээ барилдах арга барилыг ч мэднэ.
-Сүүлийн үед Казахстан, Киргизэд бөхийн спорт өндөр хөгжиж байна. Муу барилддаг бөхчүүдтэй улс одоо ховор болжээ.
-Чөлөөт бөхөд хөл авч барилддаг. Хэн ур чадвараар илүү байна, тэр хожно. Дээрх орнуудын дасгалжуулагч, тамирчид судалгаа хийж, суралцаж буй нь анзаарагдлаа. Гадаадын туршлагатай дасгалжуулагчдыг эх орондоо урьж, тамирчдаа бэлтгэл хийлгэсний давуу талаа ч бас харуулж байна. 68 кг олимпын наадмын жинд багтдаг тул тамирчид ширүүхэн өрсөлддөг. Миний хувьд 2019 оноос хойш зургаан жил тууштай барилдлаа. Тамирчин хүн жингээ олон жил барихад маш их хөдөлмөр, сахилга бат, тэвчээр хатуужил шаарддаг. Тухайн үед багштайгаа зөвлөлдөж, энэ жинд амжилт гаргана гэж зорилго тавьсан. Зорьсондоо хүрэхийн тулд унаж, боссон үе бишгүй бий. Өрсөлдөгч ихтэй жинд зориг гаргаж барилдахад эхэндээ амар байгаагүй. Тэр үед хэцүү санагдсан бүхэн одоо ард хоцорчээ. 2028 оны олимп болтол жингээ өөрчлөхгүй. Цаг хугацаа хурдан өнгөрдөг. Гурван жилийн дараа АНУ-ын Лос-Анжелес хотод олимпын наадмыг зохион байгуулах одоохондоо хол сонсогдож байгаа ч нэг л мэдэхэд хаяанд ирнэ. Бэлтгэлээ үр дүнтэй хийж, ур чадвараа өмнөхөөсөө илүү ахиулж байж амжилт гаргана шүү дээ.
-Тэмцээн бүр онцлогтой болдог тул тамирчдад өөр мэдрэмж төрүүлдэг. Па-рисын олимп таны амьдралд мар¬тагдахааргүй дурсамж үлдээсэн байх.
-Ялалтаасаа урам, ялагдлаасаа сургамж авсан жилүүдэд олимпын наадамд оролцож үзэхийг хүсдэг байв. Парисын дэвжээ их зүйл ойлгуулсан. Тэндээс би 2028 оны олимпод өрсөлдөх зорилго тээж ирсэн. Ирсэн даруйдаа бэлтгэлээ шаргуу хийсний үр дүнд гурван тэмцээнээс медаль хүртлээ. Хойшид ч хичээнэ, зорилгодоо ч хүрнэ.
-Азийн АШТ-ий дагах барилдаанд багш тань зөвлөж буй нь зурагтаар гарсан л даа.
-Эмэгтэйчүүдийн шигшээ багийг бэлтгэл хийлгэдэг дасгалжуулагчид дагах барилдааны өмнө “Буланд суугаа багшийнхаа үгийг сайн сонсоорой. Бэлтгэл дээр хийдэг байсан бүх зүйлээ гарга. Өөртөө итгэлтэй, чөлөөтэй барилд” гэж зөвлөсөн. Ордонд тэмцээн үзэж суугаа үзэгчдийн дуу чимээнд дасгал¬жуулагчийн үг сонсогддоггүй. Тийм үед өрсөлдөгчөө мэдэрч, ухаан гарган ялсан удаа цөөнгүй. Барилдаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн ч өөрийгөө хянаж, шүүгчийн шүгэл, багшийнхаа зөвлөгөөг заавал сонсдог байх ёстой. Миний хувьд тив, дэлхий, олимпын дэ⬬жээнд барилдаж үзлээ. Улсаа төлөөлж өрсөлдөх нь өндөр үүрэг хариуцлага тул бие, сэтгэл зүйгээ сайтар бэлддэг.
-Бөхийн барилдаан тэмцэл, тулаан юм. Миний ажигласнаар бол бэлтгэл сайн базаасан тамирчин хэнтэй ч таарсан ялахаар харагддаг.
-Жиндээ таарах бөхчүүдийн барилдааны арга барил, онцлог, техникийг нь судлаад очдог тул алдаа бага гаргадаг. Өнгөрсөн жилүүдэд туршлага, ур чадвар чамгүй хуримтлуулсан болохоор бүхнийг тооцоолж барилддаг болсон. Гадаадын үзэгчид “Монголын тамирчид сэтгэл зүй муутай” гэж ярьдаг. Бидний хувьд сэтгэл зүй тааруухандаа бус, бэлтгэлээ санасандаа хүртэл хийгээгүйтэй холбоотой. Ам¬жилт гаргахад хамгийн их нөлөөлдөг зүйл бол ерөөсөө бэлтгэл сургуулилалт.
-Спортын талбарт хөл нийлүүлж, урагшлахын тулд дасгалжуулагч, тамирчин хоёр судалгаа хийж, суралцах ёстой санагддаг юм. Та санал нэг байна уу?
-Тийм ээ. Жингийнхээ бөхчүүдийн давуу талаас илүү сул талыг нь түрүүлж судалдаг. Тэмцээний өмнө сугалаа гарахад тэмдэглэсэн зүйлээ хараад төлөвлөгөө боловсруулна. Сүүлийн үед өөртөө дүгнэлт хийж, барилдааны явцад гаргадаг алдаа дутагдлаа засахыг хичээж байгаа. Миний хоёр гар хүчтэй. Хайрцгаа алдахгүйн тулд сайн ажиллуулж сурсан. Өрсөлдөгчөө судлахгүйгээр дэвжээнд амжилт гаргахгүй. Эцэж ядарсан үед нь давхар хамах, мушгих, гар таллах мэх хийдэг. Төгс сурсан дөрвөөс таван дархан мэхээр хожно. Би өмнө нь хожигдсон бол дараа нь заавал хождог. Ялагдсан үедээ сэтгэлээр унадаггүй, харин ч ялах итгэл илүү төрдөг. Киргизийн дэлхийн аварга Мээрим Жаманзаров Токиогийн олимпоос хүрэл, Парисын наадмаас мөнгөн медальтай нутаг буцсан. Түүнтэй дөрвөн удаа таарахдаа нэг ялж, гурван удаа ялагджээ. Хурдтай, тэсрэлттэй барилддаг түүний давуу тал бол бэлтгэлээ тааруулж хийсэнд байдаг. Тэрбээр тэмцээн бүрд оролцдоггүй. Дэлхийн чанартай том тэмцээнд өрсөлддөг.
-Шигшээ багийнхан Азийн АШТ-ээс ирсэн даруйдаа бэлтгэлдээ шаргуу орсон дуулдсан.
-Монголд тавдугаар сарын сүүлчээр дэлхийн чансааны III тэмцээн болох тул холбоо ихээхэн ач холбогдол өгч, тамирчдынхаа бэлтгэлд анхаарал хандуулж байгаа. Олон орон шилдэг тамирчдаа илгээх тул хүн бүр хичээж байна. Чөлөөт бөхөд чансааны оноо олгодог дөрвөн тэмцээн бий. Үүнээс нэгийг нь манай улсад зохион байгуулах юм. Хамгийн сүүлийнх нь Унгарт болно. Улсдаа эхлэх тэмцээнээс медаль зүүхийг зорино. Азийн болон ДАШТ-д хэсгээ ахалж барилдахад чансааны оноо багагүй нөлөөлдөг. Энэ тэмцээний дараа бид Хорватын Загреб хотод есдүгээр сард болох ДАШТ-д оролцоно. -ДАШТ-д 2021 оноос хойш гурван удаа оролцжээ. Сербид болсон “Белград-2023” ДАШТ-ий сүүлчийн өдөр мөнгөн медаль хүртэж байсан тань сэтгэлд тод үлдсэн байна. -Эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт Казахстаны Елена Шалыгинаг даралтаар, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Францын Коумба Ларрокийг 2:1, АНУын Эмма Брунтилыг эхний үед цэвэр ялж, финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Туркийн тамирчин Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медаль гардаж байлаа.
-Тамирчдын чансааны оноо жил бүр шинэчлэгддэг. Одоогоор гараагүй байна уу даа?
-Азийн АШТ-ий дараа удахгүй шинэчлэгдсэн оноо гарах байх. Миний хувьд эхний 10 байрт жагсах болов уу. АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд болох олимпод оролцох эрхийг 2027 оны ДАШТ-ээс олгоно. Хэрвээ тус тэмцээнээс эрх авч чадаагүй тохиолдолд тив тус бүрд нь олимпын эрх олгох тэмцээн зохион байгуулдаг. Хамгийн сүүлд дэлхийн олимпын эрх олгох тэмцээн болдог юм. Азийн АШТ, ДАШТ, дэлхийн чансааны тэмцээнд оролцох тамирчдынхаа мэдүүлгийг улс бүр сарын өмнө зохион байгуулах орон руу илгээдэг. Миний жинд Азиас Парисын олимпод V байрт шалгарсан, БНАСАУ-ын тамирчин Пак Сол Гум хүчтэй өрсөлдөх нь тодорхой.
-Тамирчдын хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Зорилго тавиад хөдөлмөрлөхөд гэрийнхэнтэйгээ баяр ёслол тэмдэглэх зав ч гардаггүй санагдсан шүү.
-Амралтын өдрөөс бусад үед бэлтгэлээ хийж зааланд өнждөг болохоор чөлөөт цаг бага гардаг. Спортын орчин тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Сахилга баттай байхын тулд заримдаа дуртай зүйлээсээ татгалзаж, баяр ёслолыг хойш тавина. Чөлөөт бөхийн шигшээ багийнхан жилд дэлхийн ча¬нартай таван тэмцээнд оролцдог. Өөрт баймгүй тэвчээр, хатуужил гаргаж, бөхийн дэв¬жээнээс медаль хүртэх хэцүү. Амжилтаас хойш нь чангаадаг зүйл бол бэртэл. Бэлтгэл хийх үед гэмтэх тохиолдол бий. Хүн л юм чинь хааяа халширна, хэсэгхэн зуурт сэтгэлээр унана. Хямралаас аль болох хурдан гарч, сэргэхийн тулд хүнд бодлуудаар өөрийгөө ачаалахгүй байхыг хичээдэг. Зорьсон зүйлдээ хүрээгүй цагт шантрах ч эрхгүй шүү дээ. Үргэлж ялна гэж юу байх вэ. Медальгүй ирэх ч үе бий. Миний насанд бол хүмүүсийн хэлсэн үгэнд шаналж суухын оронд авах, гээхийн ухаанаар хандан өөрийгөө цаашид хөгжүүлэх л чухал.
-Ямар ч тэмцээнийг медальтай өндөр¬лүүлэх нь том амжилт. Зорьсон зүйлийнхээ нэгийг биелүүлж буй болохоор сэтгэл өөдрөг байдаг биз?
-Уналт, босолтын дараа өөрийнхөө талаар бодож суух үе гардаг. Би олны шүүмжлэлд эмзэглэдэггүй, нээлттэй хүлээж авдаг. Харин итгэж, дэмждэг хүмүүсийнхээ хайр хүндлэл, ач тус, найдварыг алдахгүйг хичээдэг. Бөхийн спортод хөл тавиад удаагүй байхдаа сэтгэлийн хямралаас өөрийгөө хэрхэн авч гарахаа ойлгохгүй нэг хэсэг явсан. Одоо бол дотоод ертөнц рүүгээ өнгийж, өөртэйгөө ярилцдаг. Хамгийн гол үр дүнг би өөрөө л гаргах учраас жижиг зүйлд анхаарал хандуулахаа больсон.
-Өвөрхангай аймгийн Тарагт сум таны төрж өссөн нутаг юм билээ.
-Томоохон тэмцээний дараа нутгаа зорьж, эрч хүч авах дуртай. Азийн АШТ өндөрлөсний дараа аав, ээжтэйгээ амжилтынхаа баярыг хуваалцаж гурав хоноод ирсэн. Манайхан намайг хүүхэд байхаас дэмжиж, оролцсон тэмцээнүүдийг минь алгасалгүй үздэг. Медальтай, медальгүй ирсэн ч урам хайрладаг хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч. Финалын тэмцээнд дэлхийн үзэгчдийн өмнө эх орон, аавынхаа нэрээр дуудуулж гарах сайхан. Энэ бол иргэн хүний хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг юм. Монголын тамирчин гэж зарлуулаад медаль гардах том амжилт. Манайхан надад олон зүйл хэлдэггүй ч бэртэл гэмтлээс холуур явах, хоол ундаа зөв тохируулж, эрүүл байхыг үргэлж захидаг юм.
-Таны төрсөн өдөр эх үрсийн баяртай дав¬хацдаг гэж сонслоо. Хамгийн аз жаргалтай өнгөрүүлдэг өдрүүдийн тань нэг болов уу?
-Зургаадугаар сарын 1-нийг хүүхдүүд догдолж, хүлээдэг. Хүмүүс сонсоод “Чи ямар гоё өдөр төрсөн юм бэ” гэдэг юм. Төрсөн өдрийн баяр минь эх үрсийн баяртай давхацдаг болохоор миний хувьд аз жаргалтай өнгөрүүлэх дуртай.
-Багш нарынх нь заасан бүхэн таныг өдий зэрэг хүрэхэл нөлөөлсөн байлгүй.
-Тамирчин хүн ганцаараа зүтгээд амжилт гаргадаггүй юм. Миний амжилтын ард гэр бүл, хамт олон, дасгалжуулагч багш, найз нөхөд, итгэж найддаг олон хүний тус дэм бий. Би аймгийнхаа I сургуулийг төгссөн. Э.Баттүшиг багш одоо Биеийн тамир, спортын хороонд ажилладаг. Түүний удирдлагад чөлөөт бөхөөр 2014 оноос хичээллэж тамирчныхаа гарааг эхлүүлсэн. “Хасу мега старс” клубт 2016 оноос харьяалагдаж, Гавьяат дасгалжуулагч Ц.Баяр¬сайхан багшийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлсэн юм. Үндэсний шигшээ багийн босгоор 2019 онд алхаж, өнөөдрийг хүртэл тэмцээнд алгасалгүй оролцлоо. Би одоо “Жи мобайл”, Хүч алдрын бэлтгэлжилтийн хэлтсийн харьяаллын тамирчин. “Хүч” спорт хороо татан буугдаж, ийм нэртэй болсон. Дасгалжуулагч бүр өөрийн гэсэн арга барилтай. Ц.Баярсайхан багш тамирчдадаа ачаалал даах чадварыг суулгах зорилгоор бэлтгэл түлхүү хийлгэдэг. Үүний үр дүн барилдаанаас нь харагддаг. Аваргын төлөөх барилдаанд өөртөө ялагдах эрхгүй гэж хэлээд гардаг. Ийм цол хүртэх сайхан. Монгол Улсын төрийн дуулал омогшил төрүүлдэг өвөрмөц, сайхан аялгуутай. Гадаадын үзэгчид хүртэл төрийн дууллыг маань эгшиглэхэд хүндэлж, алга ташдаг. Энэ бол үндэсний минь өв соёлын бахархал. Үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж юм даа.