Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрчим хүчний зохицуулах хороонд хийсэн хяналт шалгалтынхаа үр дүнг танилцуулж, тус байгууллагад шаардлага хүргүүлснээ мэдээлэв. Эрчим хүчний байгууллагуудад иргэдээс ирүүлж буй санал, гомдлын ихэнх нь урьдчилан мэдэгдэлгүй цахилгаан тасалдаг, хязгаарладаг байдлыг зогсоох, айл өрхийн хэрэглээний тарифыг бодит өртөг, зардалд үндэслэн өөрчлөн шинэчлэхтэй холбоотой гэнэ. Иймд эдгээрийн дагуу хариу арга хэмжээ авах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэхийг хянан шалгагчид Эрчим хүчний зохицуулах хорооныхонд үүрэг болгожээ.
Салбарын одоогийн нөхцөл байдал эрчим хүчний бие даасан байдлыг алдагдуулж, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Санхүүгийн хүндрэл гүнзгийрэх, цахилгааны үнийг огцом нэмэх эрсдэлээс сэргийлж индексжүүлэлт болон тарифын зохицуулалт тогтмол хийх шаардлагатайг анхааруулжээ.
Н.Ган