Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн цэцэрлэг, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны дунд жил бүр “Оны шилдэг илтгэл” шалгаруулах үндэсний эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Энэ нь багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг сайжруулах, сургалтын байгууллага, дүүрэг, орон нутаг, үндэсний түвшинд харилцан туршлага хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Уг эрдэм шинжилгээний хурлыг 1967 оноос “Сурган хүмүүжүүлэх уншлага”, 2009 оноос үндэсний эрдэм шинжилгээний хурлын хэлбэрээр тасралтгүй 58 дахь жилдээ зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлыг 56 жилийн турш СӨБ, ЕБС, МБСБ-ийн багш, удирдах ажилтны дунд нэгдмэл хэлбэрээр зохион байгуулж ирсэн.
Харин 2024 оноос Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС, МБСБ-ын гэсэн хоёр салбар хуралдаантайгаар өргөжүүлжээ. 2024 оноос СӨБ болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэх ажил хэрэгжин, тохирцыг тогтоох туршилт хийгдэж байгаатай холбоотойгоор сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход сургууль сургалтын байгууллага, багш нарын оролцоог хангах зорилгоор энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “ИНТЕГРАЦИД СУУРИЛСАН БАГШЛАХУЙ БА СУРАЛЦАХУЙ” сэдвээр зарласан. Энэ нь судалгаанд суурилсан багшлахуй суралцахуйг интеграцийн онол арга зүйн талаас хөгжүүлсэн үндэсний тэргүүлэх үр дүнг хэлэлцэхэд чиглэх юм. Эрдэм шинжилгээний хуралд СӨБ болон ЕБ, МБТБ-ын чиглэлээр аймаг бүрээс шалгарсан 42, нийслэлээс шалгарсан 18 илтгэлийг хэлэлцүүлж буй. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, нийслэлээс шалгарсан СӨБ, EБ-ын багш нар судалгаа, туршилт, туршлагын үр дүнгээрээ ном хаялцаж байна. Эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-11-ний өдөр танхимаар зохион байгуулж байна