“Мөрөөдлийнхөө төлөө шударга өрсөлдье” уриан дор Улаанбаатар хот, Орхон аймагт зохион байгуулсан Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам өндөрлөлөө. Тус наадмын хоккейн тэмцээнд 16 хүртэлх насныхны ангилалд Багануур дүүргээс оролцсон “Багануур билли гоат” багийнхан Хан-Уул дүүргийн “Эйби”-гийн тоглогчдыг 9:3-аар илүүрхэн алтан медаль хүртсэн. Орон нутгаас өрсөлдсөн багуудаас Дархан-Уул аймгийн “Бурхантын бухнууд”-ын тамирчид Сэлэнгэ аймгийн “Болдтөмөр Ерөө гол” багийнхныг 5:3-аар хожиж, хүрэл медальтай нутаг буцав. Энэ удаа 12 хүртэлх насныхны ангилалд аваргын төлөө мөн Багануур дүүргийн “Багануур билли гоат”-ынхон Хан-Уул дүүргийн “Бамбарууш” багийг 7:1-ээр хожиж тэргүүн байрт шалгарчээ. Орхон аймгийн “Хангарьд” багийнхан Сэлэнгийн “Болдтөмөр Ерөө гол”-ын тамирчдыг 8:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангасан байна.
Шорт трейкийн төрөлд О.Энхбат дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн шигшээ багийнхан тус бүр хоёр алт, мөнгө, гурван хүрэл медаль авав. Хан-Уулаас 130 дугаар сургуулийн сурагч Б.Энхгэрэл 11-12 насныхны ангилалд 500, 1000 метрийн зайд тус бүр мөнгөн медальтай өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдээс 17-18 насныхад Т.Тэмүүлэн 500, 1000 метрийн зайд алт, 1500 метрийнхэд мөнгөн медаль хүртсэн юм. Орон нутгаас багийн нийлбэр дүнгээр Хөвсгөл аймгийнхан тус бүр 20 алт, хүрэл, 21 мөнгөн медальтай тэргүүлж, нийслэлээс Баянзүрхийн баг найман алт, хоёр мөнгө, 12 хүрэл медальтай хошуучлав.