Хэдий дор өгүүлэх түүх итгэмээргүй мэт санагдах ч үнэн бодит үйл явдал мөн билээ.
Бразил улсын баруун хэсэгт 800 хүн амтай Фрутейрас Нова (Эспирит-Санту) хэмээх бяцхан хот бий. Бараг л тосгон. Толгодын дунд орших энэ хотын талаар бразилчуудын бараг 99 хувь нь мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Уг хотын төвд жижигхэн цэнгэлдэх хүрээлэн байдаг бөгөөд эндээс уг түүх эхэлнэ.
Фрутейрас Новад жил бүр хотын иргэдийн гэр бүлийн хоорондох хөл бөмбөгийн тэмцээн болдог. 32 баг буюу 32 гэр бүл хоорондоо өрсөлддөг юм. Бразилын ихэнх гэр бүл хоёроос олон хүүхэдтэй учраас баг бүрдүүлэх нь хэцүү биш аж. Гэр бүлийн багт эцгийн болон эхийн талын хамаатнууд тоглож болно. Хамгийн гол нь тухайн гэр бүлийн гишүүн гэдгийг баталсан бичиг баримт байхад хангалттай юм. Хөл бөмбөг сайн тоглодог гаднын хүн авах явдал өмнө нь гарч байсан учир тоглогчдын бичиг баримтыг урьдчилан авч, тусгай комисс шалгадаг байна.
Баг тус бүр мэргэжлийн баг шиг өөрийн гэсэн өнгө, нэршил, бэлгэ тэмдэг бүхий өмсгөлтэй. Тус тэмцээнд 60 настай аав нь 33 настай хүүтэйгээ цуг тоглож байсан. Бас аавынхаа дасгалжуулдаг багт гурван ихэр хүү нь тоглосон нь ч бий. Түүнчлэн эл тэмцээн 1987 оноос хойш 34 удаа болоход (цар тахал, үерээс шалтгаалж дөрвөн удаа болоогүй) бүгдэд нь оролцсон нэг тамирчин ч байна. Ташрамд дурдахад, 1987 онд болсон анхны тэмцээнд дөрвөн гэр бүл оролцсон бол дараа жил нь 16, харин энэ жил 32 баг оролцжээ.
Түүх сөхвөл, 40 гаруй жилийн өмнө эндхийн уулнаас алтны судал олджээ. Алтны эрэлд явсан хүмүүс цугларсаар хот үүсэж, цэнгэлдэх хүрээлэн хүртэл барьсан төдийгүй Жиронимо Грилло Нето гэж нэрлэжээ. Цэнгэлдэх барихад зориулж тэрбээр газраа үнэ төлбөргүй өгсөн “буянтан” агаад өдгөө хотын Хөл бөмбөгийн холбоог хүү Ромелло Грилло нь удирддаг.
Фрутейрас Нова хотын тэмцээн цар хүрээний хувьд тэлсэн учраас 2024 онд Бразилын лигийн хоёр шүүгч ирж ажиллажээ. Шүүгч Д.Падовани уг тэмцээний талаар “Тоглогчид ядраад ирэхээр хэл ам нь илүүтэй ажиллаж эхэлдэг. Тэд нар дээд лигийн тоглогчдоос ч илүү үглээ, хэл амтай тоглодог юм билээ” гэж ярьжээ. Бөмбөг талбайгаас гараад гол руу унах гэх мэт таагүй нөхцөл байдалд хоёр шүүгч ажиллаж байв.
Тэмцээн ихээхэн шахуу хуваарьтай, ачаалал ихтэй болдог. Эхний өдөр оноолтоор таарсан багууд 15 минутаар хоёр үе тоглох агаад тэнцсэн тохиолдолд торгуулийн цохилт цохино. Улмаар ялагч багууд шөвгийн наймд шалгарахын төлөө бямба гарагт тоглоод, хасагдах шатны тоглолт ням гарагт болдог. Нийтд 31 тоглолт болдог. Гэр бүлийн тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлсэн зургаан баг хасагдах шатанд шалгарснаар тэдний хооронд өнгөрсөн жил ширүүн өрсөлдөөн өрнөжээ. Улмаар хагас шигшээ болон шигшээгийн цуврал торгуулийн цохилтод гялалзсан хаалгачийнхаа ачаар Скарамуссагийн гэр бүл ялалт байгуулсан гэнэ.
Сонирхолтой нь, тэд аваргын төлөөх тоглолтод уг тэмцээнд тасралтгүй 34 удаа оролцсон Рожерио Сарторигийн гэр бүлийг ялсан байна.
Э.Манлайбаатар