Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн тогтоолын шинэчлэл, ЭМДС-гийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас өчигдөр мэдээлэл өгөв. Монгол Улс эрүүл мэндийн салбарын улсын зардлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий таван хувьд, Засгийн газрын зардлын 12 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. 2023 оны байдлаар Эрүүл мэндийн зардлын ДНБ-д эзлэх хувь гурав байгаа нь 2022 оныхтой харьцуулахад 0.3 пунктээр, Засгийн газрын зардалд эзлэх хувь 9.1 хувь буюу өмнөх оныхтой харьцуулахад 0.8 пунктээр тус тус буурчээ. 2023 онд ЭМДС-д нийт 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсний 55.9 хувь нь даатгуулагчийн төлсөн шимтгэл, 42.7 хувь нь төр хариуцах тусламж, үйлчилгээнд улсын төсвөөс олгосон санхүүжилт, 1.4 хувь нь бусад орлогоос бүрдсэн байна.
Тусламж, үйлчилгээ авсан хүний тоо 33 хувиар өсөв
Эрүүл мэндийн даатгалд 2023 оны байдлаар 3.2 сая иргэн даатгуулсан бөгөөд нийт хүн амын даатгалд хамрагдах байдал 92.5 хувь болж өнгөрсөн оныхоос нэг хувиар өссөн байна. Үндсэн цалингийн нэмэгдэл болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор шимтгэлийн орлого өсжээ. 2023 онд нийт 2.6 сая хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тусламж авсан хүний тоог өмнөх оныхтой нь харьцуулахад 33 хувиар өссөн нь урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, амбулаторийн болон өдрийн эмчилгээг өргөжүүлсэнтэй холбоотой гэнэ. Тусламж, үйлчилгээний зардлын ихэнх нь хэвтэн эмчлүүлэх эмчилгээнд зориулагддаг аж. Тиймээс архаг өвчтэй хүнийг заавал эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр эмчийн хяналтад авч, эмээр эмчлэхэд анхаарах юм байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үр ашиггүй тусламж, үйлчилгээг бууруулахад ЭМДЕГ-ынхан анхаарч ажиллах нь.
Нийт 316.3 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Өнгөрсөн намар ЭМДС дампуурлаа зарлаж, улс, хувийн эмнэлэг санхүүжилтгүйн улмаас олон төрлийн тусламж, үйлчилгээгээ зогсоож, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа доголдсон. Тодруулбал, ЭМДС өнгөрсөн онд улс болон хувийн эмнэлэг, рашаан сувилал, сум, өрхийн Эрүүл мэндийн төв, эмийн сангуудад нийт 316.3 тэрбум төгрөгийн өртэй байжээ. Энэ мөнгийг барагдуулсан хэмээн ЭМДЕГ-ын дарга С.Энхболд хэлэв.
Малчид даатгалын шимтгэл төлөхдөө хойрго
ЭМДС-гийн үр өгөөжийг хамгийн ихээр хүртэж буй нь ахмад настан болон хүүхдүүд. Хөдөлмөр эрхлэгчид төдийлөн үр шимийг нь хүртэж чаддаггүй. Харин эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажил эрхлэгчид эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийхөө үр шимийг хүртэх болсон талаар ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд онцолсон. Мөн албан бус салбарын ажилчид болох хуваариа хөдөлмөр эрхлэгч, малчид, оюутнууд даатгал төлөхдөө хамгийн хойрго байна. Өөрөөр хэлбэл, манай улсад дунджаар 300 мянга орчим малчин, 150 мянга гаруй оюутан бий. Хүүхэд, тэтгэврийн болон эмзэг бүлгийн малчдыг оруулахгүйгээр тооцоход 130 орчим мянган малчин шимтгэл төлөх ёстой аж. Гэвч тэдний 45.9 хувь орчим нь л эрүүл мэндийн шимтгэл төлдөг гэнэ. Тодруулбал, 2022 онд малчдын 39.9, 2023 онд 44.8 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Тэгсэн хэрнээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан иргэдийн цөөнгүй нь малчид байна. Малчид эрүүл мэндийн шимтгэлийг тогтмол биш, эмчид үзүүлэх зорилгоор л төлж байгааг өөрчлөх хэрэгтэйг хурлын үеэр дурдсан юм.
“Эрт илрүүлэг-2” хөтөлбөрт 60 тэрбум төгрөг төсөвлөжээ
“Эрт илрүүлэг-2” арга хэмжээг энэ оноос хэрэгжүүлэх юм. ЭМЯ-наас эрт илрүүлгийг хоёрдугаар сарын 15-наас улс орон даяар эхлүүлнэ гэж мэдээлж байв. Үүнд 60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэвч одоогоор үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. Өөрөөр хэлбэл, ЭМДҮЗ-ийн тогтоолыг шинэчилж буй аж. Энэ удаа хорт хавдрыг илрүүлэхэд голлон анхаарах юм. Эрүүл мэндийн анхан шатны байгууллагаар заавал дамжсаны дараа лавлагаа шатлалын эмнэлэгт хандах гэнэ. 2022-2024 онд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 90.6 тэрбум төгрөг зарцуулжээ.
Ч.Болор