Футзалын УАШТ-ий 19 хүртэлх насныхны аваргын цомын төлөөх тоглолтод М.Галмөнх дасгалжуулагчтай “Эрхэс” клубийнхэн Ч.Баттогтох дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдсөн “Улаангом сити” клубийн хөвгүүдтэй учраа таарч хожин ялалт байгууллаа. П.Мөнхбат дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан “Халиун од”-ынхон хүрэл медалийн төлөө Б.Санжаа дасгалжуулагчтай “Ховд вестерн” клубийнхэнтэй ана мана тоглож буулган авсан. Тус тэмцээнд 10 багийн тоглогч хоёр хэсэг хуваагдаж өрсөлдөв. Хэсэг тус бүрээс шилдэг баг цааш шалгаран, хасагдах шатны тоглолтод оролцсон. Тоглолтын шилдэг хаалгачаар цөөн гоол алдсан үзүүлэлтээр “Халиун од” клубийн Б.Эрдэнэдун, шилдэг довтлогчоор хамгийн олон гоол оруулсан “Улаангом сити”-гийн Б.Оргилбаатар, шилдэг тоглогчоор “Эрхэс” клубийн тамирчин Т.Энх-Эрдэнэ шалгарсан юм. Тэднээс “ФЦ Комарно” клубийн тоглогч Г.Ганбаярын нэрэмжит шагналыг “Ховд вестерн” клубийнхнээс Х.Билгүүн хүртлээ.
Охидын футзалын АШТ-д дөрвөн багийн 50 гаруй тоглогч оролцсоноос Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн тэргүүлжээ. Дээрх тэмцээний зургаан тоглолтод хоёр гоол хийж, дөрөвт нь хаалгаа хуурай манасан үзүүлэлтээр “Хараацай” клубийнхнээс Т.Замбага шилдэг хаалгач, “Тулнууд” багаас Х.Ариунзаяа 16 гоол оруулсан амжилтаар мэргэн бууч, “Хараацай” клубийн тоглогч С.Энэрэл эсрэг багийн хаалганд 11, Д.Биндэръяа 10 гоол оруулсан үзүүлэлтээр шилдэг тоглогчоор тодорсон юм.