“Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриатай Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын шайфтай хоккейн тэмцээнд нийслэлийн таван дүүрэг, дөрвөн аймгийн 227 тамирчин 12, 16 хүртэлх насныхны ангилалд өрсөлдөж байна. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд энэ сарын 23 хүртэл үргэлжлэх дээрх тэмцээний тоглолтын салхийг 16 хүртэлх насныхнаас Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ аймгийн баг хагаллаа. Эхний өдөр Хан-Уулынхан өрсөлдөгчөө 8:5-аар хожив. 12 хүртэлх насныхнаас Багануурын багийнхан Баянзүрхийнхнийг 16:0, Дархан-Уулынхан Сүхбаатар аймгийн тоглогчдыг 16:4, Хан-Уулынхан Чингэлтэйн тамирчдыг 6:1-ээр илүүрхсэн юм. Хоёр дахь өдрийн тоглолтод 16 хүртэлх насныхнаас Багануурынхан Орхон аймгийнхныг 7:1, Сэлэнгийнхэн Дархан-Уулын хоккейчдыг 8:5, 12 хүртэлх насныхнаас Багануурынхан Сэлэнгийнхнийг 16:0, Чингэлтэйн багийнхан Баянзүрхийнхнийг 5:1, Сэлэнгийнхэн Сүхбаатар дүүргийн багийг 10:4, Багануурынхан Дархан-Уулынхныг 19:2, Хан-Уулынхан Баянзүрхийнхнийг 11:0, Хан-Уулынхан Орхон аймгийнхныг 7:2-оор буулган авав. Энэ удаа 12 хүртэлх насныхнаас Гавьяат дасгалжуулагч А.Мэргэний удирдлагад оролцсон Хан-Уул дүүргийн баг дөрвөн хожилтой тэмцээнийг тэргүүлж, Б бүсээс I байраар шалгаран хагас шигшээд өрсөлдөхөөр болов.
Түүнчлэн Орхон аймгийн “Сархиа” цанын баазад болж буй гүйлтийн цанын уралдаанд хөвгүүдээс Баянгол дүүргийн тамирчин Б.Тэмүүжин 15 км-ийг 39:23 секундэд туулж түрүүлжээ. Тэрбээр өмнөх наадамд шорт трекийн төрөлд оролцохдоо хоёр зайд хүрэл медаль хүртэж байв. Улаанбаатар хотод “Хандгайт”-д өрнөж буй шорт трейкийн төрөлд Спортын төв сургуулийн тамирчин, 7б ангийн сурагч Д.Хонгорзул 500 метрт аварга боллоо. Тэрбээр 1000 метрийн зайн шигшээ уралдаанд өнөөдөр өрсөлдөнө. Мөн О.Энхбат дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн шигшээ багийнхан уг төрөлд тус бүр хоёр алт, мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.