Бразил теннисчин Жоао Фонсека сүүлийн үед талбайн теннисний ертөнцөд цахиур хагалж эхэллээ. 2024 оны сүүлчээр өндөр амжилт үзүүлж, залуучуудын тэмцээнд түрүүлсэн. Үүнээс гадна энэ оны эхээр Австралийн нээлттэй тэмцээнд онцгойрсон. 18 настай энэ залуу замналдаа анх удаа АТР ангиллын тэмцээнд өнгөрсөн долоо хоногт түрүүлэв. Тэрбээр Буэнос-Айрест болсон тэмцээний финалд Ф.Серундолог 6:4, 7:6-гийн харьцаатай ялсан юм.
Ялагч болсон өдрөө Ж.Фонсека 18 нас таван сар 26 өдөртэй байсан бөгөөд 1990 онд байгуулагдсан АТР холбооны түүхэнд түүнээс “нялх” зургаан тоглогч л албан ёсны тэмцээнд аваргалжээ.
• Майкл Чанг-18 нас таван сар долоон өдөртэй байхдаа Торонтод болсон “Мастерс”
• Карлос Алькарас-18 нас хоёр сар 20 өдөртэй байхдаа Умагад болсон тэмцээнд
• Ллейтон Хьюитт-18 нас хоёр сар 15 өдөртэй байхдаа хоёр тэмцээнд
• Рафаэль Надаль-18 нас хоёр сар 12 өдөртэй байхдаа Сопотад болсон тэмцээнд
• Кэи Нишикори-18 нас нэг сар 19 өдөртэй байхдаа Делрей-Бичэд болсон тэмцээнд
• Андрей Медведев-18 нас 20 өдөртэй байхдаа хоёр тэмцээнд тус тус түрүүлж байв.
Ж.Фонсекаг талбайн теннисний ирээдүйн од гэж тодотгохоос өөр аргагүй. Учир нь тэрбээр өнгөрсөн сард дууссан Австралийн нээлттэй тэмцээнд маш эрч хүчтэй, ухаалаг, арын шугамаас тоглолтыг дуусгах чадвартай, тортой ойрхон маш сайн тоглодог зэрэг олон ур чадвар, авьяасаа хангалттай харуулсан билээ.
Чухам эдгээр ур чадвараа харуулсаар Ж.Фонсека нутагтаа болсон тэмцээнд түрүүлэв. Ялангуяа ялагдаж байсан үеэ “аварч”, ялалт байгуулж чадсан түүний няцашгүй, гуйвшгүй зан чанар нь теннис сонирхогчдын анхааралд өртсөн юм. Чухам энэ бол ялагчдад байдаг нэг чухал зан чанар билээ.
Н.Энх