“Дуэль” клубийн тамирчин, “Гёте” олон улсын бүрэн дунд сургуулийн 11a ангийн сурагч Б.Цэнгүүн туялзуур сэлмээр олон жил хичээллэж байгаа. Тулааны тэмцээний нас тус бүрийн ангилалд оролцдог тэрбээр өсвөр үеийнхний УАШТ-ий хүнд сэлмийн төрөлд мөнгөн медаль хүртэж, тамирчин болох замналаа эхлүүлжээ. Түүнээс хойш залуучуудын УАШТ-ий багийн төрөлд тэргүүлж, насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд дэд, Улаанбаатар хотын АШТ-д III байр эзэлж байв. Түүнчлэн “DFC cup” тэмцээний 16 хүртэлх насныхны ангилалд түрүүлж, насанд хүрэгчдийнхэд аваргаар тодорсон юм. Тэрбээр өнгөрсөн жил Саудын Арабын Рияд хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-д дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлагад хүнд сэлмийн төрөлд оролцсон. 2024 онд шилдэг тамирчнаар тодорсон бол энэ жилийн өсвөр үеийнхний УАШТ-д дөрвөн клубийн 40 гаруй тамирчинтай өрсөлдөж, медальт байрт шалгарснаар өмнөд хөршид дөрөвдүгээр сард эхлэх Ази тивийн АШТ болон ДАШТ-д оролцох эрх гарджээ.
-ДАШТ-ий товлосон хугацаа ойртож байна. Таны хувьд дэлхийн шилдгүүдтэй хоёр дахь удаагаа өрсөлдөх нь.
-Монголын туялзуур сэлмийн холбоо энэ оны анхны тэмцээнийхээ салхийг өсвөр үе, залуучуудын УАШТ-ээр хагалахад нь оролцож, мөнгөн медаль хүртсэнээр Өмнөд хөршийг зорьж, ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан. Миний хувьд одоогоор Дэлхийн туялзуур сэлмийн холбооны цахим хуудсанд нийтлэгдсэн тэмцээний мэдээллүүдийг харж, судалж байна. Улс бүр шилдэг тамирчдаа ДАШТ-д илгээдэг. Тэмцээн болох хугацаа ойртож байгаа тул дасгалжуулагчтайгаа сайтар зөвлөлдөж, бэлтгэл сургуулилалтаа өмнөхөөсөө илүү чамбай хийж оролцоно. Тамирчин хүн ямар ч үед бие, сэтгэл зүйгээ бэлдсэн байх ёстой. Бид өнгөрсөн жил томоохон тэмцээнүүдэд оролцохын өмнө сэтгэл зүйн сургалтад хамрагдсан нь үр дүнгээ өгсөн шүү.
-Саудын Арабын Рияд хотод өнгөрсөн жил болсон ДАШТ олон зүйлийг ойлгуулж, хойшид хэрхэн тулалдах техник, тактикаас суралцах судалгаа хийхэд хөтөлсөн болов уу?
-Өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголынхоо багтай анх удаа оролцсон минь надад нэг талаар томоохон сорилт болсон. Рияд хотод хөл тавихад “Өөрийн сурсан, чаддаг бүх зүйлээ одоо л гаргая” гэх бодол төрж байлаа. Үеийнхээ шилдгүүдтэй тулалдахдаа өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулсан. Тэмцээний үед тэдний техник, хурд, хүч, сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвараас суралцахыг хичээсэн. Саудын Араб улсын тамирчид амжилт төдийлөн гаргаагүй ч эл спортыг улсдаа хөгжүүлэхийг зорьж, зохион байгуулж буй нь анзаарагдаж байв. Өнгөрсөн жилийн тэмцээнээс олон зүйлийг олж харж, ажигласан тул дутуу бүхнээ нөхөж, өөрийгөө бүх талаар сайтар бэлдэх зорилго тавьсан.
-Та зургаан тулаан өрнүүлснээс гуравт нь ялсан. Тэднээс аль улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?
-Хэсгийн тэмцээнд ХБНГУ, Люксембург, БНСУ, Сингапур, Япон, Египетийн тамирчинтай өрсөлдсөн. Тэднээс хасагдах шатны тулаанд Египетийн тамирчинд 15:10-аар ялагдсан юм. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн туршлагатай түүнд онооны хол зөрүүгүй хожигдсондоо нэг их харамсаагүй. Надтай таарсан учраануудаас тэрбээр хамгийн хурдтай, сэтгэл зүй өндөртэй нь. Өөртөө итгэлтэй, тайван тулалдсан түүний тэвчээр, ур чадвар, мэдрэмжээр их бахархсан.
-Сэлмээр хичээллэсэн хүн өөрийн эрхгүй “тэмцэхийг” хүсдэг гэдэг. Энэ нь монголчуудын цусанд байдаг ялагдах дургүй зан чанартай холбоотой ч юм бил үү?
-Тулааны төрлүүдээс сэлэм илүү сонирхолтой, өвөрмөц. Өөрийн гэсэн онцлогийг харуулж эртний уламжлалт дэг жаяг, арга барил, техникт тулгуурлаж хөгжсөн. Тиймдээ ч “оюуны шатар” хэмээдэг. Стратеги, тактик, төлөвлөлтийг хурд, хүч, тэсвэр, мэдрэмжтэй хослуулдгаараа ялгаатай. Туялзуур сэлэм хөнгөн, хүнд, илд гэсэн төрөлтэй. Манай улсад хүнд сэлмийн төрөл түлхүү хөгжсөн. Ази тивээс Япон, БНСУ-ын тамирчид бүх төрөлд хүчтэй өрсөлддөг. “Парис-2024” олимпын наадамд БНСУ-аас О Сан Гук илд, Японоос Кано Коки хүнд сэлмийн төрөлд түрүүлж, аварга болсон. Миний хувьд Европын орнуудаас Унгарын тамирчин Гергели Сиклосигийн ур чадвараар бахархдаг. Тэрбээр туялзуур сэлмийн эртний, сонгодог арга барилтай. Тулааны үед дүрэм, техникүүдийг сайтар ашигладаг нь таалагддаг. Унгарын сэлэмчид эрэгтэйчүүдийн багийн төрөлд тэргүүлж, Парисаас алтан медальтай нутаг буцсан. Тамирчид дотоод, гадаадын тэмцээнд оролцохын тулд цаг хугацаа зарцуулж, маш их бэлддэг. Тиймдээ ч тулааны талбарт сэтгэл догдлол, хөдөлмөрлөсөн бүхнээ гаргаж урам авдаг. Тулааны урлагаас сэлэмтэй тулалдах нь эрчүүдийн сонирхлыг их татдаг. Энэ нь монголчуудын хувьд нүүдлийн амьдрал, ахуй соёл, эртний хаадын мориор дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулалтаас улбаатай. Дайн байлдааны үед гол зэвсэг байсан сэлмийг орчин үед олон орон спортын төрөл болгон хөгжүүлж байна.
-Манай тамирчид тулаанд багийн гэхээс илүү ганцаарчилсан төрөлд амжилттай оролцдог нь анзаарагддаг юм.
-Хүнд сэлмийн төрөлд тулалддаг тамирчид өрсөлдөгчийнхөө биеийн аль ч хэсэгт хатгасан оноо авна. Хөнгөн сэлмээр зөвхөн цээж хэсэгт хатгахад оноо өгнө. Илд сэлэм нь хөнгөн, уян хатан бөгөөд цээжнээс дээш хэсэгт цавчиж, хатгах хэлбэрээр оноо авах боломжтой. Туялзуур сэлэм нь Грекийн Афин хотод 1896 онд олимпын наадмыг анх зохион байгуулахад багтсан спортын дөрвөн төрлийн нэг. Тэр цагаас одоог хүртэл олимпын төрөл хэвээр байна.
Орчин үед энэ спорт нь бэртэх магадлал багатайд тооцогддог юм. Надад цавчиж тулалддаг илд сэлэм сонирхолтой санагддаг.
-Европын тамирчдын тулалдах техник Азийнхнаас хэр өөр байдгийг сонирхуулаач. Тэмцээн бүр танд сонирхолтой дурсамж үлдээдэг байлгүй.
-Би өнгөрсөн жилээс олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. “Дуэль” клубт гадаадын тэмцээнд өрсөлддөг тамирчин цөөнгүй бий. Тэднээс Б.Гандөл Узбекистаны Ташкент хотод 2022 онд болсон өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тивийн тэмцээн ДАШТ-ээс арай өөр болдог. Азийн орнуудын тамирчид өрсөлддөг тул тухайн улс энэ спортыг хэрхэн хөгжүүлж байгаа нь ч харагдана. Японд туялзуур сэлэм өндөр хөгжсөн тул тив, дэлхий, олимпын аваргуудтай. Тэднээс зарим нь дасгалжуулагчаар ажилладаг. Тивийн ихэнх орон Европын туршлагатай дасгалжуулагчдыг урьж, тамирчдаа бэлтгэдэг. Туялзуур сэлмийн спорт Италиас гаралтай. Цэргийн сургууль, бэлтгэлийн зориулалтаар тухайн үеийн хүмүүс сэлэм түгээмэл хэрэглэдэг байжээ. XV зуунаас эхлэн Италийн өмнөд хэсэг, Сицили, Палермо, улмаар Францын язгууртнуудын дунд түгэн дэлгэрсэн эл спорт Монголд 2009 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй.
-Та энэ спортоор олон жил хичээллэлээ. Тухайн үед хэн танд тулааны талбарт хөл тавихыг санал болгов?
-Намайг найман настай байхад авга эгч минь нэг өдөр “Туялзуур сэлэм тун сонирхолтой санагдлаа. Чи хичээллээд үзээч” гэж санал болгосон юм. Тухайн үед ямар онцлогтой спорт болохыг нь бичлэгээс үзэж, “Дуэль” клубт хичээллэхээр ирэхдээ дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн багшийн шавь болж байлаа. Тамирчин хүн бэлтгэл хийсэн эхний өдөр, тэмцээнээс хүртсэн анхны медалиа хэзээ ч мартддаггүй.
-Сонирхдог спортоосоо эрч хүч, урам зориг авч чаддаг уу. Зарим тамирчин мөрөөдлөө зорилго, зорилгоо амьдрал болгосон байдаг шүү дээ.
-Тийм ээ. Ирээдүйгээ өөдрөгөөр харах өөртөө тавьсан зорилгуудын минь нэг бол спорт. Туялзуур сэлэм өнөөгийн нийгмийн бухимдал, стрессээс түр боловч холдуулж, цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх, дуртай зүйлдээ зарцуулах таатай мэдрэмж төрүүлдэг. Эрч хүч, зорилго тэмүүллээ зөв зүйлд зориулж, сэтгэлийн таашаал, авах нь тулааны спортынхонд амжилт гаргахад нөлөөлдөг. Спортоор хичээллэсэн хүн олон давуу талтай. Намайг тэсвэр хатуужилд сургаж, аливаа зүйлд сэтгэл догдлолоор бус, няхуур, нямбай, үүрэг хариуцлагатай ханддаг болгосон.
-Хүрээлж буй ойр дотнын хүмүүс тань таныг хэр дэмждэг бол?
-Аав, ээж минь анх сонирхож хичээллэсэн цагаас дэмжсэн. Одоо ч оролцсон тэмцээн бүрийг минь үздэг. Спортын талбарт сурсан бүхэн хожим амьдралд нь хэрэг болно гэдгийг тэд мэдэж байсан гэж боддог. Манайхан тэмцээнтэй өдрүүдэд сэтгэл зүйгээ тайван байлгаж, тулааны үед бэртэхгүй байхыг хамгийн их зөвлөдөг.
-Нэг хэсэг завсарлаад эргэж ирэхдээ өөр шинэ зүйл мэдэрсэн үү?
-12 настай байхдаа спортоос түр завсарласан. Тухайн үед оролцсон тэмцээнүүдэд амжилт төдийлөн гаргахгүй нэг хэвийн байх нь сонирхолгүй санагдаж, шантарсан удаа бий. Тийм үед гэрийнхэн минь сэтгэлийн дэм өгч, багш бэлтгэлээ үргэлжлүүлэхийг зөвлөсөн. Хэсэг хугацааны дараа эргэж ирэхдээ эрч хүчээ өмнөхөөсөө илүү мэдэрч, өргөн хүрээнд сэтгэн, аливааг харах өнцөг, хандлага минь өөрчлөгдсөн. Тухайн үед дотоод ертөнц рүүгээ өнгийж, өөртэйгөө ярилцан, хэн бэ гэдгээ таньж мэдэх нь надад чухал байлаа. Саадтай тулгарахад оюуны хүч, чадвараа ашиглан ялагдлаа даван туулахад багагүй тусалсан шүү.
- “Гёте” олон улсын бүрэн дунд сургуулийн удирдлага, багш нар спортоор хичээллэдэг сурагчдаа хэр ойлгодог бол гэсэн бодол төрлөө.
-Би тус сургуулийн 11а бүлэгт сурдаг. Ангийн багш, хамт олон минь ойлгон, дэмжиж, сургуулийн удирдлага тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлж, оролцуулдаг юм. Ангийнхан маань зав гарган холбогдож, “Өнөөдөр ийм хичээл үзлээ” гээд цахим хуудсанд илгээдэг.
-Дэлхийн туялзуур сэлмийн холбоо дөрвөн жил тутамд дүрмийнхээ заалтад өөрчлөлт оруулдаг уу?
-Оруулдаг. Оноо авч, тэнцвэрт байдлаа хадгалах дүрэм тийм ч оновчтой санагдаагүй. Нэг жишээ өгүүлэхэд, Канадын тамирчин ДАШТ-д оролцохдоо сүүлийн хоёр секундэд өрсөлдөгчийнхөө өөдөөс гүйж очоод суухдаа унаж, тэнцвэрт байдлаа хадгалалгүй оноо авсан. Шүүгчид ч тэр үед оноог тооцсон. Түүнээс хойш дүрэм шинэчлэгдэж, оноо авсны дараа тэнцвэрт байдлаа хадгалах заалт оруулсан.
-Багшийгаа хэр туршлагатай, чадварлаг дасгалжуулагч гэж дүгнэдэг вэ?
-Монголд туялзуур сэлмийн спортод мэргэжлийн тамирчид бэлтгэж буй туршлагатай, мэдлэгтэй, чадвартай дасгалжуулагчийн нэг. Тэрбээр тамирчдынхаа бэлтгэлийг гүйцэтгэл сайтай хийлгэж, тэмцээнд оролцуулдаг. Бидэнтэй аль болох ойр байж, хүн бүртэй нэгбүрчлэн тулж ажиллан алдаа, дутагдлыг нь хэлж, зөв ойлгуулна. Тив, дэлхийн тэмцээнд нэг бус удаа оролцсон болохоор тамирчдаа хэрхэн бэлтгэл хийж, ур чадварыг нь ахиулахаа мэддэг.
-Олимпын наадамд өрсөлдөх тамирчдад эрх хэрхэн олгодог юм бол?
-Бид ДАШТ-д оролцсоны дараа олон улсын болон Азийн цомын АШТ-д өрсөлдөнө. Туялзуур сэлэм олимпын наадмын тэмцээний төрөлд багтдаг тул тамирчдад чансааны оноо олгодог юм. Олимпын эрх олгох тэмцээнийг Дэлхийн туялзуур сэлмийн холбоо зохион байгуулна. Тэмцээн бүрийг алгасалгүй оролцвол чансааны оноо нэмэгддэг. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг тамирчид эхний 10 байрт эрэмбэлэгдсэн тохиолдолд олимпын наадамд оролцоно. Мөн тив бүрд олимпын эрх олгох тэмцээнийг зохион байгуулж, түрүүлсэн тамирчинд эрх өгдөг.
-Та улсын аваргаар нэг бус удаа шалгарсан. Шагналын туузанд залах медалиуд жил бүр нэмэгддэг биз?
-Медалиа тоолдоггүй. Нас тус бүрийн ангилалд зохион байгуулсан тэмцээнээс медаль цөөнгүй хүртдэг. Сүүлийн үед насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, тоог нь ахиулах болсон. Би УАШТ-ий дөрвөн түрүүтэй. Энэ жил насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртлээ. Шагналын туузанд залсан медалуудын олонх нь алт байдаг юм. Аливаа улс эх орондоо тухайн спортыг хэрхэн хөгжүүлсэн цаг хугацаанаас хамаараад тамирчид нь олон улсын тэмцээнд амжилт гаргах нь шалтгаалдаг гэж боддог.