Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Улаанбаатар финикс” клубийн тамирчин Ж.Баянжаргал эл спортод хөл тавьсан цагаасаа гал гарсан тоглолтоороо цахиур хагалж буй. Багаа хожилд залдаг түүний дайчин зан, эрч хүч, өндрийн довтолгоо үзэгчдийн анхаарлыг татаж, цэнхэр дэлгэцийн өмнө нь тэмцээн өндөрлөтөл тэвчээртэйгээр уядаг болсон. Түүнийг зарим нь нэрээр нь бус, 17 дугаартай тоглогч гэдгээр нь мэднэ. Волейболоор хичээллэвэл ирээдүйд шилдэг тамирчдын нэг болохыг сургуулийн нь багш анзааран багтаа авч, бэлтгэл хийлгэснээр спортын гараагаа эхлүүлсэн гэдэг. Нэг хэсэг завсарласан Үндэсний дээд лигийн тэмцээн 2018 онд эргэн сэргэхэд тэрбээр “Хобби эйс” багийнхантай анх удаа оролцож, өрсөлдөөний талбарт тамирчин болох гараагаа эхлүүлсэн юм. Богино хугацаанд амжилт гаргаж, өдгөө шилдгүүдийн эгнээнд багтсан тэрбээр багийнхантайгаа энэ оны Үндэсний дээд лигийн аваргын төлөөх тоглолтод “Ховд ижил Алтай торгууд”-ынхныг буулган авч, алтан цом гардсан билээ. Энэ удаагийн лигийн тэмцээнийг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож, “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан түүнийг зочноор урилаа.
-“Үндэсний дээд лиг-2025”-д олон баг оролцсон нь өмнөх жилүүдийн тэмцээнээс өрсөлдөөн ихтэй, өвөрмөц болсон. “Улаанбаатар финикс”-ийнхэн ч бас шинэ легионероор хүчээ зузаатгаж, аварга багаар тодорлоо.
-Баярлалаа. Дээд лигт өрсөлддөг баг бүр легионертой. Мөн залуу тамирчдаар багаа бүрдүүлж, хүчээ сэлбэсэн нь лигийн тоглолтыг улам сонирхолтой болгосон. Манай багт өнгөрсөн жил “Тэнүүн-Огоо”-д тоглосон Мануэла Сьерра Посада нэгдэж, Авсралиас шинэ легионер ирлээ. Бид тэдэнтэй тэмцээний үед маш сайн ойлголцсоны үр дүнд лигийн аварга багаар тодорсон. Мануэла Сьеррагийн тоглох техник манай багийн хэв маягт тохирдог. Тэрбээр олон цаг нисэж, Монголд хөл тавьсан өдрөө лигийн тоглолтод оролцсон. Түүний зорилго, тэмүүлэл, нээлттэй, нийтэч, дайчин зан шинэ легионерт таалагдаж, бидэнтэй ойр дотно болоход их нөлөөлсөн шүү.
-Олон жил тоглосон туршлагатай тамирчид дээд лигт оролцдог. 2018 онд болсон тэмцээнд та үзэгчдэд шинэ танил байсан. Тэд тухайн үед таныг ур чадвараа богино хугацаанд ахиулна гэж огт төсөөлөөгүй байх.
-Би өмнө нь волейбол тууштай тоглодоггүй байсан. 2017 оноос клубт харьяалагдаж, бэлтгэл хийх болсноор “Үндэсний дээд лиг-2018” тэмцээнд анх оролцож эхэлсэн. Эхний хоёр жил “Хобби эйс” багийнхантай тоглож, хошой мөнгөн медаль хүртсэн юм. “Улаанбаатар финикс” багийг 2022 онд байгуулахад нь нэгдэж, тэр жил аваргын төлөө “Хөвсгөл эрчим” клубийнхэнтэй өрсөлдөж, дэд байрт шалгарч байв. Өмнөх жилүүдийн тэмцээнд “Эрчим”, “Хашхан” багаас бусад нь легионергүй, дотоод нөөц боломждоо тулгуурлаж тоглодог байлаа шүү дээ. “Улаанбаатар финикс”-ийнхэн 2023 онд болсон дээд лигт медалиас мултарсан ч энэ удаа түрүүлэх зорилго тавьж, таарсан бүх багийг хожсон.
-Тэр их өрсөлдөөнөөс шигшээд шалгарч, медалиас мултарсан нь таны шарыг ч хөдөлгөсөн болов уу.
-Лигт медаль хүртэх багуудын тоонд багтсан ч хожигдож, хоосон хоцроход сэтгэл их хямардаг юм билээ. Ялагдлаа бүтэн жил бодох бидэнд амар байгаагүй. Хүнд бодлоосоо салж, алтан цом гардахын төлөө хүн бүр амрах завгүй бэлтгэл хийж, шаргуу хөдөлмөрлөсөн. Аваргын цом манай багт их үнэ цэнтэй ирсэн шагнал.Тоглолтын талбайд харамсал, гунигаа тайлж, ялалтыг мэдрэх агшин хамгийн сайхан байлаа. Бид тоглолт, оноо бүрийг алдахгүйн тулд хүчтэй тэмцсэн. Энэ жилийн лигийн тоглолтоос тамирчдын ур чадвар, тоглох техник, багуудын тактик, төлөвлөлт өмнөхөөсөө эрс ахисныг үзэгчид олж харсан байх.
-Танаас өөртөө итгэлтэй байдлыг олж харах болсон. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөснөө тоглолтоороо харуулах нь бахархалтай санагддаг биз?
-Тийм ээ. Дээд лигт анх удаа тоглохдоо өөртөө итгэлгүй байлаа. Тухайн үед “Хичээвэл үүнээс ч илүү тоглож болох юм байна” хэмээн бодож байснаа мартдаггүй. Багийн спортод гишүүдийнх нь уур амьсгал, зорилго, хандлага, нэгнээ мэдэрч тоглохоос амжилт гаргах, эсэх нь хамаардаг. Би багтаа өндрийн довтлогчийн байрлалд тоглодог. Лигээс гадна Ж.Наранбаатар дасгалжуулагч “Алтайн барс” клубийн бүрэлдэхүүнийг “Хобби эйс” багийн суурь болгож, туршлагатай тамирчдаар хүч сэлбэн лигт сойсон юм. Багийн гишүүд нэгийнхээ зан чанарыг эртээс мэддэг болохоор ямар ч тэмцээнд ойлголцож чаддаг нь хожилд хөтөлсөн гэж боддог. Олон тэмцээнд оролцдог ч үнэхээр сайн тоглолоо гэх ханасан мэдрэмж надад төрдөггүй. Спорт эрчимтэй хөгжиж буй өнөө үед тамирчид орчноосоо хоцрохгүйн тулд өөрийгөө тал бүрээр хөгжүүлж байна. Тэгэхээр волейболд хөл тавьсан бол насаараа суралцдаг гэсэн үг.
-Өмнө тоглодог байсан багийнхантайгаа талбайд өрсөлдөгч болох хүнд санагддаг уу?
-Тэмцээний талбарт ана мана өрсөлддөг ч тоглолтын дараа тэврэлдээд л уулзана. Хэдийгээр би өөр багт тоглодог ч тэдэнтэйгээ байнга холбоотой байж, сайхан нөхөрлөдөг. Спорт нэгийгээ хайрлаж, хүндлэх, бас бахархах зөв хандлагад сургадаг. Энэ жил “Улаанбаатар финикс” багийнхан “Хобби эйс”-ийнхэнтэй дөрвөн тоглолтод таарч, 3:1-ээр хожсон. Би “Ирээдүй” цогцолбор сургуульд сурдаг байхдаа их сонин тохиолдлоор энэ спорттой нөхөрлөж, Энхтуяа багшийн удирдлагад анх хичээллэсэн. Волейбол тоглохыг огт мэддэггүй байхдаа ангийнхаа нөхдөөс өндөр, нуруулаг нь байлаа. Багш нэг өдөр ангийн хүүхдүүдээс хамгийн өндөр хоёрыг нь харьцуулж хараад байв. Тэр үед сониуч зан хөдлөөд багшаас асуутал “Чамайг сургуулийнхаа волейболын багт авахаар боллоо. Таван цагт бэлтгэл эхэлнэ. Чи ирээрэй” гэж хэлэхэд нь их баярласан. 11 дүгээр анги төгсдөг жилээ бэлтгэлд хамрагдаж, 12 дугаар ангидаа тэмцээнд оролцдог болсноор хичээлдээ бараг суугаагүй. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их, дээд сургуульд элсэн орох хариуцлагатай жил байсан тул ангийн багш волейболоор хичээллүүлэх тийм ч дуртай байгаагүй. Харин гэрийнхэн хийхийг хүссэн зүйлийг минь цааргалалгүй хүлээж авч, тамирчин болохоор шийдвэр гаргахад их дэмжсэн. Аав, ээж минь сайн ойлгож, найдвартай ар тал болсны хүчинд шантралгүй өдий хүргэсэн. Гэр бүл нь дэмжээгүйн улмаас сайн тоглодог охид дуртай спортоо орхихыг өмнө нь зөндөө харж байлаа. Намайг одоо гэрийнхнээс гадна хамаатны ах, дүүс хүртэл дэмжиж, тэмцээнтэй өдрүүдэд зурагтаас холддоггүй. Медалийн төлөөх тоглолтыг бүр зорьж ирээд үзнэ. Тэмцээний үед надад алдах үе бишгүй гардаг. Тийм үед буруутгадаггүй. “Дараагийнхад нь сайн тоглоорой” гээд урам өгдөг юм.
-Тамирчдын сэтгэлийн хатаар даваад гарах зүйлтэй нүүр тулсан удаа цөөнгүй л байгаа даа.
-Байлгүй яах вэ. Шантарсан үед гэрийнхэн минь дэргэд байж, дэм өгөх сайхан. Спортын босгоор алхсан бол тамирчин хүн амархан холддоггүй юм. Ийм шийдвэр гаргахад олон зүйл нөлөөлдөг. Багийн спортод эв нэгдэлтэй байх нь хамгийн чухал. “Улаанбаатар финикс” багийнхантай 2022 онд нэгдэхийн өмнө ийм зүйлтэй тулгарсан. Тухайн үед “Хобби эйс”-ээс гарах уу, болих уу гэж их бодсон шүү.
-Та “Рояаль” олон улсын их сургуулийг төгссөн юм билээ. Одоо тус сургуулиас төрсөн шилдгүүдийн нэг болсон байна.
-12 дугаар ангиа төгсөх жилээ “Рояаль” олон улсын их сургуулиас оюутнаар элсэн суралцуулах санал хүлээж авсан. Тус сургуульд суралцсанаараа тамирчны хувьд ур чадвараа ахиулж, лигт үргэлжлүүлэн тоглох боломжтой болсон юм. Сургуулийн удирдлага, багш нар спортоор хичээллэдэг оюутнуудаа дэмждэг тул бэлтгэл хийж, тэмцээнд оролцох бүх нөхцөл, боломжоор нь хангадаг. Энэ нь ч тууштай хичээллэн, хичээл, шалгалт гэж санаа зовох зүйлгүй тоглож, амжилт гаргахад багагүй нөлөөлсөн.
-Волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан залуу тоглогчдын нэг нь та. Хилийн дээс алхаж, олон улсын тэмцээнд нэг бус удаа оролцсоныг тань саналаа.
-Намайг волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд авахаар дуудахад нь баярлаж, сандрах зэрэгцэж байлаа. Багийнхантайгаа өнгөрсөн хоёр жилд олон улсын тэмцээнд цөөнгүй оролцжээ. Бид эхлээд Азийн клубүүдийн “Challenge cup”, дараа нь Зүүн Азийн АШТ, “Ханжоу-2022” Азийн наадамд өрсөлдсөн. Хонконгод өнгөрсөн жилийн наймдугаар сард болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын АШТ-д найман улсын баг оролцоход манайхан Хонконг, БНСУ, БНАСАУ-ын багтай нэг хэсэгт багтсан юм. Бид Хонконг, БНАСАУ-ын багтай тоглохдоо хожоогүй ч тун сонирхолтой тоглолт өрнүүлсэн.
-Японы домогт дасгалжуулагч Хирофүми Даймацүгийн “Намайг дага” ном монгол хэлээр орчуулагдсан даруйдаа зарагдаж дууссан. Одоо ч эрэлттэй байдаг. Тамирчдын ширээний ном болсон энэхүү бүтээлийг уншиж амжсан уу?
-Түүний амьдрал, дасгалжуулагчийн замнал, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан энэ ном миний сонирхлыг их татсан. Спортын аль ч төрөлд гайхамшигтай амжилт үзүүлж, түүхэнд тодоор бичигдсэн баг, тамирчид бий. Тэдний амжилт дасгалжуулагчийнх нь хичээл зүтгэлтэй ихээхэн холбоотой. Хирофүми Даймацү хэмээх эрхэм тэдний нэг нь байсныг мэдсэн. Түүний Осакагийн Кайзүка хотын “Ничибо” нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн эмэгтэйчүүдийг дасгалжуулж, шилдэг баг болгосон нь их таалагдсан юм. 1960 онд Бразилд болсон тэмцээнд Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг дуулиан тарьж, мөнгөн медаль хүртсэн нь Даймацүд хангалтгүй санагдаж, тамирчдаа Европын багуудтай тоглуулж байж дэлхийн аварга болно гэдгийг сайтар ойлгосон юм билээ. Тэрбээр 1961 онд Европын орнуудаар багийнхантайгаа аялан тоглолт хийж, улс бүрийн шигшээтэй тоглолт өрнүүлэхдээ дараалан ялалт байгуулахад үзэгчид “Алс дорнодын хар салхи”, “Номхон далайн илбэчид”, зарим нь “Дорно дахины шулмууд” хэмээн нэрлэж байсан гэдэг. 1962 онд хойд хөршид болсон ДАШТ-д Японы шигшээ баг есөн тоглолт хийж, нэг ч хожигдолгүй дэлхийн аварга болсон түүхтэй танилцаад сэтгэл их хөдөлсөн.
-Дээд лигийн тоглолт өндөрлөсний дараахан клубүүдийн АШТ гуравдугаар сард болдог. Багийнхантай бэлтгэлээ үргэлжлүүлж байна уу?
-Бид одоогоор зааланд бэлтгэл хийгээгүй ч хүн бүр хувийн бэлтгэлээ хангаж байгаа. Лигийн тэмцээнд оролцох нь дараагийн тоглолтод өрсөлдөх томоохон бэлтгэл болдог давуу талтай. Өмнөх клубүүдийн АШТ-д алтан медалийн төлөө “Улаанбаатар финикс” багийнхан “Ховд ижил Алтай торгууд”-ынхантай тоглож, мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ удаагийн лигт ч гэсэн бид тэдэнтэй аваргын төлөө тоглож хожсон.
-Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, спортын босгоор алхсан охиныг волейбол хэрхэн өөрчилсөн бол?
-Залуу тамирчны хувьд шилдэг тоглогчдын эгнээнд багтсан эгч нарынхаа ур чадвар, туршлагаас суралцаж өөрийгөө хөгжүүлсэндээ баярладаг. Волейболын спорт үг цөөнтэй, даруухан охиныг нээлттэй, нийтэч болгосон. Одоо бэлтгэл, тэмцээний ачаалал, багийнхаа нөхдийн хэлсэн үг, дасгалжуулагч багшийн зэмлэл, шүүмжлэлийг даадаг болсон байна.
-Тамирчдад тухтай амрах зав ховор. Чөлөөт цаг гарвал өөртөө зарцуулахыг хэр хичээдэг вэ?
-Завтай үедээ найз нөхөдтэйгөө уулзаж, хоббиныхоо талаар ярилцах дуртай. Хааяа усанд сэлж, уран бүтээлчдийн уран зураг, баримал, сийлбэрийн үзэсгэлэн сонирхож үздэг.
-Легионер тамирчдаа Монголын түүх, өв соёлыг харуулсан музей үзүүлж, дурсгалт газруудтай танилцуулав уу?
-Хараахан амжаагүй. Манай багийн урилгаар ирж тоглосон хоёр легионер Монголд нэг их удаагүй. Тэд тэмцээн өндөрлүүлээд л улсдаа зохион байгуулах лигийн тоглолтод оролцохоор эх орноо зорьсон. Австралиас ирсэн тамирчинд монгол хоол таалагдаж, сонирхож иддэг болсон шүү. Бид одоо ч байнга холбоотой байж, волейболын спорттой холбоотой мэдээлэл солилцдог юм.