Тайланд улсад энэ сарын 16 хүртэл үргэлжлэх засмал замын дугуйн “Питсанюлок-Пичит-2025” Азийн АШТ-д Монголын баг залуучууд, насанд хүрэгч, мастерс ангилалд оролцож байна. Эмэгтэйчүүдийн цуваа гараат (42.8 км, дөрвөн тойрог) уралдаанд 40-44 насныхны ангилалд А.Оюун-Эрдэнэ, 45-49 насныхад Д.Эрдэнэтуяа нар уралдаж, мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь Д.Эрдэнэтуяа тус тэмцээний мастерс ангиллынхны хоёр дахь өдрийн уралдаанд мөнгөн медаль хүртэж, багийнхныхаа салхийг амжилттай хагалсан бол А.Оюун-Эрдэнэ IV байрт шалгарсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц элит эрэгтэйчүүдийн ганцаарчилсан гараат 42.8 км-ийн уралдаанд 19 улсын 20 тамирчинтай хурд сорьж, VII байр эзлэв. Түүнтэй хамт уралдсан дугуйчдаас Казахстаны Евгений Федоров алт, Дмитрий Груздев мөнгө, Тайванийн тамирчин Чун Кай Фэнь хүрэл медаль хүртжээ. Манай тамирчид өсвөр үеийн эрэгтэйчүүдийн бөөн гараат 117.8 км, мастерс ангилалд 64.2 км-ийн уралдаанд өнөөдөр өрсөлдөнө.