Английн “Челси” баг Казахстаны “Кайрат”-аас 16 настай Дастан Сатпаевыг 4.3 сая еврогоор худалдаж авснаа зарлалаа. Энэ сонирхолтой наймааны талаар Казахын багийн хяналтын зөвлөлийн дарга Кайрат Боранбаев ийн ярьсан байна.
-Казахстан улсын хувьд түүхэн үйл явдал энэ мөн үү?
-Чухал үйл явдал гэж нэрлэвэл илүү зохимжтой байх. Энэхүү наймаа нь манай багийн сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны үр дүн юм. Бид “Кайрат”-д хүүхдийн болон залуучуудын сайн баг бүрдүүлэхийг зорьсон. Европын том багт тоглох боломжтой ганц хүүхдийг бэлтгэхэд багадаа 10 жил шаардагдана гэж бид үзэж байлаа. Тэр ч ёсоор болж байна.
-Дастан хэдэн настайдаа танай академид ирсэн бэ?
-Найман настайдаа ирээд энэ жил 16 хүрч “Челси”-д очиж байна. Сонирхолтой нь, маш олон хүн надаас “Хүүхдийн, залуучуудын багтаа та нар яагаад ингэж их анхаарч байгаа юм бэ. Угаасаа танай баг гадаад тоглогчид авна биз дээ” гэж асууж байлаа. Гэхдээ бид улсынхаа хүүхэд залууст тусалж, мөрөөдлөө биелүүлэх боломж олгох хэрэгтэй шүү дээ. Хүүхэд бүр л мөрөөдөлтэй байдаг. Манай хүүхдийн багийн тоглогчид ямар сайн тоглодог гээч!
-Сатпаев үеийнхэн дундаа хэзээнээс онцгойрч эхлэв?
-Ирсэн даруйдаа. Гэхдээ бага насандаа онцгойрсон хүүхдүүд том болоод тэр бүр мэргэжлийн хөл бөмбөгч болж чаддаггүй. Тиймээс авьяаслаг хүүхдүүдийг тордож, маш сайн бэлтгэсний үндсэн дээр дараагийн түвшинд гаргах хэрэгтэй. Ачааллыг нь тохируулж, бие махбодын хувьд бэлтгэх нь чухал. Ингэснээр 17-18 нас хүрээд хэт их бэлтгэлийн улмаас “нурахгүй” байх боломжтой. Тийм учраас бид багтаа эхлээд хүүхдийн хөл бөмбөгийн голланд систем, дараа нь Испанийн, эцэст нь Германы арга барилыг авч ашигласан. Сүүлийн таван жилд “Лайпциг” багийн системийг бид ашиглаж байна.
-Дастаныг “Челси” хэзээнээс ажигласан юм бол?
-Сатпаевыг “Челси” анх сонирхож асуухад нь бид их гайхсан. Гэтэл тэд Дастаныг бараг хоёр жил ажигласан байв. Тус баг сүүлийн жилүүдэд Казахстан, Узбекистан, Киргиз гээд Төв Азийн улсуудын тоглогчдыг их ажиглаж байна. Энэ бүс нутагт Английн багийн олон скаут ажилладаг юм билээ. Тэд 14 настай олон хүүхдийг сонирхож ажигласны эцэст Дастаныг онцолж, түүнийг сонгосон.
Гэхдээ сонирхох нэг хэрэг. Санал тавих бол бүр өөр хэрэг шүү дээ. Лондоны баг бидэн рүү албан ёсны захидал илгээснээр хэлэлцээ эхэлсэн юм.
-Арванхоёрдугаар сард Дастан “Челси”-гийн сорилгод орсон. Та гэхдээ солилцоо болно гэдэгт итгэж байсан уу?
-Яагаад итгэхгүй гэж. Түүнийг “Челси” авах нь бараг үүнээс өмнө тодорхой болсон байлаа. Бид харин энэ талаар олон нийтэд мэдээлэхийг хүсээгүй юм. Сатпаевыг “Челси”-гийн сорилгод орох үед хэлэлцээ сүүлийн шатандаа орж байсан. Гэрээ ч баталгаажиж, солилцоо хийсэн.
Гэхдээ тэрбээр ирэх хоёр жилд “Кайрат” багтаа зээлээр тоглох болно.
-Дастан яагаад Лондонд амьдарч, “Челси”-гийн хүүхдийн багуудад тоглохгүй байна вэ. Хэрэв Англид үлдсэн бол илүү туршлагажих байх.
-Визтэй холбоотой дүрэм журмаас шалтгаалж ингэх боломжгүй юм. Сатпаев Британийн иргэн биш. Тийм учраас “Челси”-гийн дасгалжуулагч манайд ирж, тус багийн хөтөлбөрийн дагуу Дастантай ажиллах болно.
-Тэрбээр ирэх хоёр жилд “Кайрат”-ын үндсэн багт тоглох боломжтой юу?
-Энэ талаар бид “Челси”-гийн дасгалжуулагчтай ярилцаж, зөвшилцөх ёстой. Тэрхүү дасгалжуулагч манай бэлтгэлийн төвд суурин ажиллаж, амьдарна. Бүх зардлыг нь “Челси” төлөх юм.
-Сатпаевыг тоглогчийн хувьд та хэрхэн үнэлж байна вэ?
-Сатпаев төвийн довтлогч, эсвэл 10 номерын байрлалд тоглодог. Гэхдээ довтолгоог жигүүрээс дэмжиж тоглох ч боломжтой. Мэдээж түүнд төрөлхийн өгөгдөл бий. Баруун, солгойгүй цохино, булчинлаг, бэлтгэлжилт сайтай. Манай академийн сурагч хөл бөмбөгийн хамгийн дээд түвшинд тоглоно гэдэгт итгэж байна. Гэхдээ одоогоор хэт өөдрөг таамаглал гаргах шаардлагагүй болов уу.
-Харин хувь хүний талаар та юу хэлэх бол?
-Их даруухан хүү. Зөвхөн хөл бөмбөгтөө л анхаардаг. Зөв хүмүүжилтэй, эцэг, эх нь үргэлж дэмждэг. Жирийн л казах айлд төрж өссөн. Өвөө нь цагтаа “Кайрат” багт тоглож байлаа. Дастан зорилгоо маш сайн мэддэг, түүнийхээ төлөө тууштай явж байна.
Э.Манлайбаатар