АНУ-д энэ сарын 7-9-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д уулын спортын мастер, дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад Монголын баг улсаа төлөөлж оролцлоо. Тус тэмцээний хурдны төрөлд эмэгтэйчүүдээс Б.Энхрий-Эрдэнэ 16, Ж.Амина 18 хүртэлх насныхны ангилалд түрүүлж, дэлхийн аварга боллоо. Эрэгтэйчүүдээс Э.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж, А.Зоригтбаатар, Ж.Мухаммед нар IV байр эзлэв. Тэгвэл 20 хүртэлх насныхны ангилалд эрэгтэйчүүдээс Э.Номинтэнгэр алт, Б.Мөнхбаатар хүрэл медаль зүүсэн юм. Техникийн төрөлд манайхан анх удаа ур чадвараа сорьсноос Б.Энхрий-Эрдэнэ хүрэл медаль гардсан. Тэрбээр эл төрөлд шагналын тавцанд зогссон Монголын анхны тамирчнаар тодорч байна. Тэднээс Ж.Амина өмнө нь Финланд улсын Оулу хотод 2023 онд зохион байгуулсан тэмцээнээс хүрэл, Б.Мөнхбаатар Францад өнгөрсөн жил болоход хурдны төрөлд аваргалж, А.Зоригтбаатар хүрэл медальтай ирж байв.