УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, гарын үсэг цуглуулж эхлээд байна. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь уг саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулдаг. Тэгэхээр нийт 32 гишүүн гарын үсэг зурж байж асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэх юм. Ардчиллын үнэт зүйл болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж, засаглалын хямрал нүүрлэсэн нь Ерөнхий сайдыг огцруулах гол шалтгаан хэмээн тэрбээр үзэж буй. Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг нэгэн айлын зургаан хүн угаартаж амиа алдсаны дараа гишүүний тэвчээр алдарсан аж. “Энэ бол түүнийг огцруулах олон шалтгааны нэг. Хүний амь, эрх чөлөө, ардчиллаас үнэтэй мега төсөл гэж байхгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн. Дээрх харамсалтай явдалд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж, хариуцлага хүлээхийн оронд уг мэдээллийг дарахыг, бас албан тушаалаа хадгалж үлдэхийг илүүд үзэж буй нь харамсалтай.
Түүнээс бусад нь л буруутай
Төрийн ордонд утааны эсрэг сонсгол болж, 2017-2024 онд 779 иргэн угаартаж нас барсан тухай эмгэнэлтэй тоон мэдээллийг дуулгасан. Сайжруулсан түлшийг монголчуудад хүчээр хэрэглүүлснээс хойш хэдэн зуугаараа ийнхүү тэнгэрт дэвшжээ. Дайн байлдаантай улсад ч иргэд нь ингэж олноор үхдэггүй. Энэ бол аймшигтай статистик. Сонсголын дараа буюу энэ сарын 6-нд гэр бүлээсээ цор ганцаар амьд үлдсэн хүү мэдээлэл хийж, олон нийтэд юу болсныг дуулгасан. Тэр хүртэл энэ тухай хэн ч ярьсангүй. Учир нь цагдаа нар “Энэ тухай хэвлэлийнхэнд ярьж болохгүй” гэсэн ам хамаатны хүмүүсээс нь авч, гарын үсэг зуруулсан байсан гэнэ.
Гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийхдээ “Хэдхэн жилд 700 гаруй хүн нас барсан байна. Гэтэл 2022 оноос хойш Ерөнхий сайд хийж буй хүн одоо “Сайжруулсан түлш анхнаасаа буруу байсан” гэсэн ухуулга хийж эхэллээ. Үүнийг мэдэж байсан юм бол яагаад уг түлшийг хэрэглэхийг болиулаагүй вэ. Юу ч хийгээгүйгээс нь болоод энэ олон хүн нас барчихлаа. Гэтэл яагаад уучлал гуйж, эмгэнэл илэрхийлэхгүй, сэтгүүлчдийн асуултад шууд хариулахгүй байна вэ” гэсэн билээ. Гэвч Ерөнхий сайд буруугаа хүлээхийн оронд үүнд өөр эзэн олохыг хичээв. Тэр нь МСS компани бололтой. Сайжруулсан түлшний чанар муу, барьцалдуулагч химийн элемент нь иргэд амь насаа алдахад нөлөөлж буй нь тус компанийн буруу гэнэ. Нэгэн иргэн уг компанийн төв оффисын урд сайжруулсан түлш түлж, амиа хорлох оролдлого хийв. Гэхдээ үүнийг найруулгатай жүжиг гэж олонх нь хүлээн авсан. Уг нь сайжруулсан түлшийг Засгийн газрын тогтоолоор байгуулсан “Тавантолгой түлш” хэмээх төрийн өмчит компани үйлдвэрлэдэг. Бас түүхий нүүрс түлэхийг хориглож, ийм түлш хэрэглэхийг тулгасан нь Засгийн газар. Тэгэхээр хүний амины төлөө гүйцэтгэх засаглал, түүний тэргүүн л хариуцлага хүлээх учиртай. Гэвч иргэдийнх нь амь нас биш, албан тушаал, эрх мэдэл нь түүнд илүү чухал аж. Өмнө нь нялх биетэй ээжийг хүүхдийнх нь хамт өвлөөр гэрийн шаахай, халаадтай нь зөөвөрлөсөн гээд Засгийн газар огцорсон түүх бий. Үүнтэй харьцуулахад хүний амь нас илүү ноцтой, том хохирол билээ. Сөрөг санал гаргасан, өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг буруутгах, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр элдэв мэдээлэл тарааж, “ард нь хэн нэгэн байгаа” гэсэн мессеж өгүүлэх нь Ерөнхий сайдын хэрэгжүүлдэг арга. Энэ технологиороо Ч.Лодойсамбууг элдвээр балбаж эхэллээ. Манай улсын төрийн далбааг дууриалган, алдаатай хийсэн даавууг урсныг нь гуйвуулахаас эхлээд юм юм л болж байна. Тэрбээр том бүлэглэл, механизмын эсрэг зоригтой дуугарч, Монголд бас ч гэж сөрөг хүчний дуу хоолой тасраагүй гэдгийг харуулж буй юм. Ж.Баярмаа гишүүнийг эсрэг санал илэрхийлэх бүрд С.Баярцогт, Ц.Элбэгдоржийн хүн гэсэн мэдээлэл тараадаг. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндтэй нь холбоотой гүтгэлэг хүртэл гаргаад амжсан билээ. Мөн Ерөнхий сайд энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчилж, Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, гэрээг баталгаажуулах гэж буй. Тиймээс уг бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулах гэсэн компаниудын явуулга гэсэн тайлбар мэдээлэл цацаж байна. Гэтэл нөгөө хоёр гишүүн нь том төслүүдийг урагшлуулахыг дэмжиж буй гэдгээ хэлээд байдаг.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэд шаардлага тавихад үүнийг заавал ямар нэг компанийн эрх ашиг, захиалга, гадаадынхны явуулга хэмээн “томруулж” хардаг. Өөрөө л биш бол хэн ч эдгээр мега төслийг үргэлжлүүлж чадахгүй хэмээн бат итгэсэн бололтой. Бас Л.Оюун-Эрдэнэ жагсаж, шаардлага тавьж болдог, бусдыг нь бол үргэлж явуулга, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үздэг нь сонин.
“АН бол МАН-ын клуб биш”
Ардчилсан улсад иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэвч МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан найман жилд л энэ эрх чөлөө хумигдсан. Одоо хуулиар олгосон тусгай бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн нь ч үгээ хэлэхэд хэцүү нөхцөл үүссэн аж. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан Ч.Лодойсамбуу, түүнийг дэмжиж гарын үсгээ зурсан Ж.Баярмаа нарт хариуцлага тооцох асуудлыг АН-ынхан хэлэлцэнэ хэмээн дарга Л.Гантөмөр нь мэдэгдлээ. Уг нь хамтарсан Засгийн газарт орж, дотроос нь хяналт тавина гэж ярьсан хүн нь тэр. Гэтэл албан тушаал авмагцаа МАН-ын улаан хамгаалагч болж орхисноо дээрх мэдэгдлээрээ баталлаа. “Ч.Лодойсамбуу гишүүн сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж байна. Тэд намын бодлогыг сөрсөн. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн дандаа хамтарсан Засгийн газрыг шүүмжилдэг” гэжээ. АН дотор ядаж хоёр гурван гишүүн нь Засгийн газрын болж бүтэхгүй байгааг шүүмжилж, засаж залруулахын төлөө дуугарч буй нь байх ёсгүй зүйл үү. Харин ч уг хоёр гишүүн АН-ынхан бүгд амаа үдүүлээгүй гэдгийг баталж, намынхаа нэр хүндийг аварч байна гэхэд болно. Гэтэл тус намын дарга хамтарсан Засгийн газрыг бүх талаар хамгаалахаа мэдэгдэж, сөрж дуугарсан хоёр гишүүндээ хариуцлага тооцож, “үнэнч нохой” гэдгээ батлах гэж буй нь гайхмаар. Үүнийх нь хариуд Ч.Лодойсамбуу “АН бол МАН-ын клуб биш. Ардчиллаа хамгаалдаг, үнэт зүйлтэй нам байх ёстой” гэжээ. Тэрбээр Л.Гантөмөрийг 2012-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхад хэвлэлийн албанд нь ажиллаж байсан юм. Улс төрд орж ирэх замыг нь Л.Гантөмөр зассан, түүний хүн гэж ярьдаг. Гэтэл одоо хамтарсан Засгийн газрыг огцруулах санал гаргаснаараа “эзнээсээ” урвалаа гэсэн мэдээлэл ч гарч байна. Энэ талаар гишүүн “Намайг бүх хүний хүн болгосон. Л.Гантөмөрийн хүн ч гэдэг. Тийм байсан бол огцруулах гээд явах байсан уу. Цаг хугацаа харуулж байна. Нам бол үзэл санааны нэгдэл” гэжээ.
Өөртөө итгэлгүй Ерөнхий сайд
Манай Ерөнхий сайд өөрийнх нь эрх ашигтай холбоотой бүхэнд их хөндүүр хүн. Уг нь улс төрч хүн аливаа шүүмжлэлийг даах сэтгэлийн хаттай байх учиртай. Ардчилсан нийгэмд шударга шүүмжлэл үнэ цэнтэй зүйл. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд гарын үсэг зурах 32 хүн олдох, эсэх нь ч тодорхойгүй байна. Олдоод асуудлыг УИХ-аар хэлэлцлээ гэхэд 118 гишүүнтэй “бүдүүн бүлэг” нь олонхоороо аваад үлдэх биз. Гишүүн Э.Болормаа, О.Батнайрамдал нараас эхлээд цахим хуудсандаа “Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй. Над руу залгах хэрэггүй” хэмээн мэдэгдсэн байна лээ. Тийм байтал өөртөө итгэлтэй байж, огцруулах асуудлыг УИХ-д хэл чимээгүй оруулж, хэлэлцүүлээд тайлбараа бардам өгөөд суу л даа. Юуг хийгээгүй, бас ямар ажил хийснээ ярь. УИХ-ын гишүүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боох гэж бүү оролд. Тэд нам нь Засгийн газарт хамтарсан, эсэхээс үл хамаараад таны биш, бүх ард түмний эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс. Ерөнхий сайдынхаа алдааг шүүмжилж, огцруулах асуудал оруулах нь ардчилсан засаглалтай оронд харин ч эрүүл үзэгдэл. Гэтэл Ч.Лодойсамбуугийн тодорхойлсноор “залуу дарангуйлагч” гэдгээ улам бүр нотолж, айж сандарч суугаа нь өрөвдмөөр аж. Амиа алдсан иргэдээ архичин, хулгайч байсан хэмээн буруутгахаа больж, ядаж эс үйлдэх алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйж, эмгэнэл илэрхийлж чаддаг байгаач. Цэрэг хүү мэдээлэл хийж, нийгэм бухимдан, шаардсанаас хоёр өдрийн дараа Ерөнхий сайд утаа, түгжрэлийн штабынхаа хурлын үеэр сая нэг эмгэнэл илэрхийлсэн байна лээ.
Албан тушаал бол мөнх биш. Эрх мэдэлдээ тийм л их хайртай юм бол хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэл хүлээдэг Ерөнхий сайд байх учиртай.