УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
Чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэй нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг иргэд хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байлаа. Мөн иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үг дайв. УИХ-ын гишүүдийн үр дүнтэй оролцоо, ирцийг сайжруулах шаардлагатай байгааг сонгогчид хатуу шүүмжилсэн. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай байлаа. Иймд цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхжлийг хадгалах нь үүсээд буй орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Гадаад орчны хүчин зүйлсээс шалтгаалсан эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцээ өөрчилж, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүй” хэмээсэн юм.
УИХ-ын дарга ийнхүү үг хэлсний дараа холбогдох хуульд заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсов.
Энэ өдөр УИХ-ын даргад гишүүд хуулийн хэд хэдэн төсөл өргөн барьсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төсөл, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. О.Амгаланбаатар “Чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлдөг. Энэ нь Үндсэн хуульд заасан амьд явах, өмчтэй байх эрх зөрчигдөж байна” хэмээсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Ч.Туяа