Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи хамтран өчигдөр хэвлэлийн хурал хийж, манай улсын эдийн засаг хүндхэн байгааг анхаарууллаа. Өнгөрөгч онд банкны салбарын үзүүлэлтүүд тогтвортой, зээл олголт 37 хувийн өсөлттэй, чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрчээ. Банкны салбарын нийт актив 23 хувиар өссөний үр дүнд системийн таван банк энэ онд 530 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болоод буй гэнэ. 2024 онд БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний биет хэмжээ түүхэн үзүүлэлтэд хүрсэн ч үнийн уналтаас шалтгаалан экспортын орлого 2023 онтой харьцуулахад буурчээ. Урсгал тэнцлийн алдагдал хэдий их гарсан ч нийслэлийн болон банкуудын гадаад зах зээлээс босгосон бонд, бусад зээлийн эх үүсвэрийн нөлөөгөөр төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан аж. Харин өнгөрөгч онд болсон парламентын болон нийслэл, орон нутгийн сонгууль, улсын төсвийн зардлыг тодотгол хийж нэмсэнтэй холбоотойгоор өдгөө төсвийн тэнцэл 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гараад буйг дээрх байгууллагынхан дурдлаа. Төсвийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 35 хувиар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувьтай тэнцэх болсон гэнэ.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Улсын төсөв, урсгал дансны хос алдагдалд хүрч, цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн сорилт дагуулах төлөвтэй” гэсэн бол Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг “Төсвийн гүйцэтгэл, хяналт шалгалтыг сайжруулж, урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төсвийг нэгтгэн нэгдсэн төсөв гаргах, мега төслүүдийг нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллөөр нь эрэмбэлэн тооцож, хугацааг нь төсөвт дарамт болохгүйгээр хооронд нь уялдуулах нэн шаардлагатайг дурдсан юм.
Н.Мишээл