Бага насны хүүхэдтэй эергээр ярилцах нь тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн тогтвортой байдал, гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлдэг юм байна. Тиймээс хүүхдээ үгүйсгэж, шүүмжлэхгүйгээр анхааралтай сонсож, сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрч, сайтар ярилцах хэрэгтэй гэнэ. Мөн зөв зүйл хийвэл урамшуулж, сонирхож буй зүйлийг хамтдаа туршсанаар хүүхэдтэйгээ илүү дотносох боломжтой аж.
НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудлын судалгаа”-гаар гэр бүлийн харилцаа нь хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжид шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, хөл хорионы үед гэр бүлийн харилцаа тааруу байсан хүүхдүүдийн 69.5 хувь нь санаа зовнил, түгшүүр мэдэрч байсан аж. Мөн тус байгууллагын өөр нэгэн судалгаанд хүүхэд эерэг харилцаа, хайр халамжийг авч чадахгүй байх нь тэдний хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлдгийг онцлов.
У.Сүрэн