Хаврын улирал хэдийн айлчлан ирлээ. Гэвч дулааны улирал эхэлж, газрын хөрс гэсэхтэй зэрэгцэн гар, хөл, амны өвчин ихэсдэг нь хэвийн үзэгдэл болжээ. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй ч бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчлүүлж байдаг хөрсний бохирдол гэж юу болох, хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг, үүнээс хэрхэн сэргийлэх талаар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын дарга Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс агаарын бохирдолд ихээхэн анхаарал хандуулдаг болсон. Үүний зэрэгцээ хөрсний бохирдол ч гамшгийн хэмжээнд хүрчхээд буйг салбарын мэргэжилтнүүд нь сануулсаар буй байх аа?
-Хөрс нь экосистемийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд амьдралын үндэс суурь болдог. Мөн бидний өдөр тутмын амьдралд маш чухал хэрэгцээтэй зүйл. Жишээлбэл, бидний идэж буй хоол, хүнсний 98 орчим хувийг хөрс шууд болон шууд бус замаар бий болгодог. Тэгэхээр бид хөрсөө хайрлаж, хамгаалахгүй бол ирээдүйд хүнс, тэжээлийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй. Хөрс бол амьд тогтолцоо. Нэг цайны халбага хөрсөнд дэлхийн хүн амын тоотой тэнцэхүйц хэмжээний нян, бактери агуулагддаг. Тэгэхээр энэ нь маш олон амьд биетийг агуулдаг амьд тогтолцоо гэсэн үг. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд агаар, усанд л илүү их ач холбогдол өгч, хөрсний асуудлыг орхигдуулсан.
-Хөрс бохирдоход нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу вэ?
-Хөрс байгалийн нийцээрээ оршин буй тохиолдолд бохирдол хэмээх ойлголт байхгүй. Бохирдол гэдэг нь хөрс янз бүрийн бодис, химийн элемент, эсвэл хүний үйл ажиллагаатай холбоотойгоор бохирдох үйл явцыг хэлдэг. Манай оронд хүнд металлын болон нянгийн гэх үндсэн хоёр төрлийн бохирдуулагч хүчин зүйл бий. Хүнд металл гэдэг нь хөрсийг бохирдуулж буй элементүүдийг хэлнэ. Жишээлбэл, байгаль дээрх хөрсөнд хүнцэл, хар тугалга, цайр, никель, хром зэрэг элемент харьцангуй бага агуулагддаг. Гэтэл хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс эдгээр элементээр бохирдож байна. Энэ үйл явцыг хүнд металлаар бохирдох гэж нэрлэдэг юм. Улаанбаатар хотын хэмжээнд, ялангуяа гэр хороололд нянгийн бохирдол илүү өндөр, томоохон талбайг хамарч байгаа. Хүнд металлын бохирдол харьцангуй бага талбайг, тодорхой цэгүүдийг хамарч буй. Тухайлбал, “Харгиа” цэвэрлэх байгууламж, “Да хүрээ” зах, Налайх дүүрэг дэх дахин боловсруулах үйлдвэр, хотын төвд байршилтай хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийн ойр орчимд хүнд металлын бохирдол харьцангуй их байна.
-Нянгийн бохирдол гэр хороололд ихэссэн нь айлуудын нүхэн жорлонгоос үүдэлтэй юү?
-Улаанбаатар хотын нянгийн бохирдлын гол эс үүсвэр нь гэр хорооллын айлуудын нүхэн жорлон яах аргагүй мөн. Нүхэн жорлонгоос үүдэлтэй төрөл бүрийн нян хөрснөөс илэрдэг. Мөн гэр хороололд нүхэн жорлонгоос гадна ил задгай хог хаях нь түгээмэл. Зарим хэсэгт түр хогийн цэгүүдтэй холбоотойгоор нянгийн болон хүнд металлын бохирдол илрэх нь бий. Үүнээс гадна үнс, угаадас зэргийг хашааныхаа гадна асгачихдаг. Энэ мэтээс шалтгаалж хөрс бохирдоно шүү дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдгээр асуудал нэлээд багасаж байгаа. Үүнийг дэд бүтэцтэй шууд холбоотой гэж ойлгож болно. Дэд бүтэц сайн хөгжсөн, зам, талбай хангалттай бол айлууд хашааныхаа гадна угаадас, эсвэл үнсээ асгахгүй шүү дээ. Харин дэд бүтэц муу хөгжсөн, хараа хяналт сул, хотын захын гэр хорооллуудад ийм дүр зураг илүүтэй ажиглагддаг. Орон сууцын хороололд бохирдол харьцангуй бага. Ил задгай хогийн цэгтэй газар болон хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд л бохирдол их аж.
-Энэ төрлийн бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг бол?
-Цаг агаар дулаарах үеэр нянгийн бохирдол томоохон асуудал дагуулдаг. Ялангуяа хаврын улиралд гэдэсний халдварт өвчин ихэснэ. Энэ нь ерөөсөө л нүхэн жорлонгийн бохирдлоос үүдэлтэй. Бид үүнтэй холбоотой судалгаануудыг сүүлийн жилүүдэд хийж үзэхэд нэг айлын хашааны хөрс тэр чигтээ нянгаар бохирдсон дүр зурагтай байна. Бидний судалгаагаар нэг айлын нүхэн жорлонгоос хааш хаашаа 25 метр зайд нянгийн бохирдол илэрч байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотын айл өрхүүдийн эзэмшлийн 0.07 га талбайг 25х25 ам метр гэж бодвол тухайн айлын хашаа тэр чигтээ нянгаар бохирдсон гэсэн үг. Тиймээс нянгийн бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчний дэгдэлт хаврын улиралд нэмэгдэх нь аргагүй шүү дээ. Үүнд хөрс, шороотой хамгийн ойр байдаг хүмүүс, тэр дундаа бага насны хүүхдүүд өртөх эрсдэлтэй.
Нөгөөтээгүүр, хүнд металлын бохирдол нь нянгийнхаас ч илүү хоруу чанартай. Хүний биед удаан хуримтлагдсанаар удамшилд нөлөөлөх, элдэв хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй юм. Тухайн хүн ямар төрлийн бодист хордсоноосоо хамаараад үүсэх эрсдэл нь харилцан адилгүй.
-Хүнд металлын бохирдол нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсныг манай судлаачид тогтоосон гэж сонслоо?
-ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарынхан Улаанбаатар хотын хэмжээнд 1989 оноос хойш хөрсний бохирдлын судалгаа хийж байна. Нарийвчилсан судалгааг 2003 оноос Чингэлтэй дүүрэг, 2010 болон 2015 онд нийслэлийн хэмжээнд хийсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ныхан Улаанбаатар хотын хэмжээнд 330 цэгт хөрсний бохирдлын судалгаа хийлээ. Нийслэлийн хэмжээнд зам, тээвэр, байшин барилга зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс эвдэрч доройтон, байгалийн үндсэн төрхөө алдсан тохиолдол элбэг байна. 330 цэгээс авсан дээжийн дүнг байгалийн хөрсний дундаж агууламжтай харьцуулахад хүнцэл 89, хар тугалга 80, цайр 68, хром 27, никель 15 хувиар их байна. Өөрөөр хэлбэл, байгалийн хөрстэй харьцуулахад илүү их бохирдсон, бохирдож байна гэсэн үг.
Харин Монгол Улсын стандарттай харьцуулахад бохирдлын хувь, хэмжээ харьцангуй бага. Ойролцоогоор 0.3-5 хувь нь бохирдолтой. Тухайлбал, хүнцлийн агууламжийг стандарттай харьцуулахад 330 дээжийн таван хувь нь хүлцэх хэмжээнээс давсан байв. Мөн цайр 2.1, хар тугалга 1.8, зэс 1.2 хувь нь стандартын хүлцэх агууламжаас өндөр буюу бохирдолтой түвшинд байлаа. Өмнө хэлсэнчлэн хүнд металлын буюу хүнцэл, хром, хар тугалга гэх мэт элементийн бохирдол үйлдвэрийн бүсэд их байна. Тухайлбал, “Харгиа” цэвэрлэх байгууламж орчимд хромын бохирдол маш их. Налайхад байрладаг батарей дахин боловсруулах үйлдвэртэй холбоотойгоор хар тугалганы бохирдол тэнд илүү их байх жишээтэй. Үндсэндээ хүнд металлын бохирдол нь тодорхой нэг цэгт буюу энд тэнд цөөн хэсэгт тархсан байна. Уг судалгааны дүнг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бохирдлын түвшин бага зэрэг буурсан байгаа юм.
-Бохирдол буурсны гол шалтгаан нь юу бол. Тодорхой хэмжээнд арга хэмжээ авч байна гэсэн үг үү?
-Нийслэлд сүүлийн жилүүдэд дэд бүтэц сайжирч, олон байршилд авто зам тавьсан. Мөн иргэдийн ухамсар ч дээшилжээ. Үүнээс үүдэн ил задгай хог хаях нь багасаж, улмаар хөрсний бохирдлын түвшин ч бага зэрэг буурсан дүр зурагтай. Харин нянгийн бохирдлын тухайд сайжирсан гэж хэлэх түвшинд харамсалтай нь хүрээгүй л байна. Учир нь нүхэн жорлон байгаа тохиолдолд нянгийн бохирдол арилах боломжгүй. 2015 оны судалгаагаар нийт 330 цэгийн 88 орчим хувьд нь ямар нэгэн байдлаар нянгийн бохирдол илэрсэн. Эл үзүүлэлт өнгөрсөн жил ч өөрчлөгдөөгүй. Нийслэлийн хэмжээнд 144 990 нүхэн жорлон байгаа. Энэ тоо буурахын хэрээр нянгийн бохирдлын хувь хэмжээ багасах байх.
-Аль байршилд нянгийн бохирдол хамгийн их байна вэ?
-Дэнжийн мянга, Зурагт, Баянхошуу зэргээр голчлон гэр хороолол төвлөрсөн бүс нутагт нянгийн бохирдол харьцангуй их байна. Үүнийг 2011, 2013, 2015, 2024 оны судалгаанаас тодорхой харж болно. Харин сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийнхэн нүхэн жорлонгоо сайжруулсан жорлонгоор солих арга хэмжээ авч байгаа. Үүнтэй холбоотойгоор дараа дараагийн жилүүдэд бохирдол буурна гэж найдаж буй.
-Хөрсний бохирдлын нарийвчилсан судалгааг орон нутгийн хэмжээнд хийж байв уу?
-БОУАӨЯ-наас өнгөрсөн жил улсын хэмжээнд буюу 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 1100 орчим цэгийг хамруулж судалгаа хийсэн. Ингэхэд нийслэлийн хөрсний бохирдол аймгуудынхаас харьцангуй их байв. Бусад аймгийн төв, томоохон суурин газруудад харьцангуй цөөн цэгээс бохирдол илэрсэн.
-Манайхан хөрсний бохирдол гэхээр тэр бүр тоодоггүй. Гэтэл хөрсний бохирдол шавжаар хүртэл дамждаг юм билээ.
-Хөрс бохирдвол дагаад ус ч бохирдоно. Ус бохирдвол түүгээр ундаалдаг бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө учирна. Хөрсөн дээрх бохирдуулагч элемент нь хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр агаарт дэгддэг. Мөн янз бүрийн шавж болон мэрэгч амьтнаар дамжин хүнд халдварлах эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, ялаа гэх мэт шавж бохирдсон хөрсөн дэх нян, бактерийг агаар дуслын замаар хүнд халдаах магадлалтай.
Хөрс их хэмжээгээр бохирдсон үед сааруулах ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Арга хэмжээ авахгүй бол агаарын орчил урсгал тогтворгүй хавар, намрын улиралд бохирдсон хөрснөөс үүдэлтэй тоос, тоосонцроор амьсгалах эрсдэлтэй нөхцөлд бид амьдарч байна. Нэг жишээ дурдахад, Төв цэвэрлэх байгууламж болон ойр орчмынх нь бетон зуурмаг, хайрга, дайргын, дахивар бүтээгдэхүүний олон үйлдвэр нийслэлийнхний салхин дээр байрладаг. Тэгэхээр баруун зүгийн салхины нөлөөгөөр нийслэлийн иргэд бохирдсон хөрсөөр амьсгалах өндөр эрсдэлтэй гэсэн үг. Тухайлбал, салхитай үед Төв цэвэрлэх байгууламжаас хамар сэтлэх шахам үнэр тархдаг шүү дээ. Тиймээс бид хөрсний бохирдлоор тодорхой хэмжээнд амьсгалж байна гэсэн үг.
Мөн Улаанчулуутын болон Морингийн давааны хогийн цэг ч нийслэлийнхний салхин дээр байрладаг. Бид үүнийг төдийлөн анзаардаггүй. Үүнээс гадна үер бол нянгийн бохирдлыг маш том талбайд тараах эрсдэлтэй хүчин зүйл. 2023 оны Дарь-Эхийн үерийг та бүхэн санаж буй байх. Олон айлын нүхэн жорлонг хамаад явсан. Үерт өртсөн хэсгээр тэр чигтээ л нянгийн бохирдол урссан гэсэн үг шүү дээ.
-Бохирдлыг сааруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой бол. Нэгэнт бохирдсон хөрсийг нөхөн сэргээх ямар аргууд байна вэ?
-Манай Хөрс судлалын салбарынхан хөрсний хүнд металлын бохирдлыг ургамал ашиглан хэрхэн бууруулах боломжтой талаар технологийн туршилт, судалгааг БОУАӨЯ-ны захиалгаар сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа. Үүний дотор хром, хар тугалганы бохирдлыг бууруулахад голчлон анхаарч буй. Ингэхдээ бидний түгээмэл тариалдаг, Монгол орны нөхцөлд ургах боломжтой наранцэцэг, багваахай болон гич зэрэг ургамлыг ашиглан хүнд металлын бохирдлыг 15-40 орчим хувиар бууруулах боломжтой гэж дүгнээд байна. Өөрөөр хэлбэл, тодорхой ургамлуудыг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүд хөрсний бохирдлыг бууруулах боломжтой талаарх зөвлөгөөг энэ онд багтаан гаргахаар төлөвлөсөн.
Ер нь хөрсийг бохирдуулахгүй байх нь тухайн хүний ухамсартай шууд холбоотой. Наанадаж хогоо ил задгай хаяхгүй л бол хөрс бохирдохгүй. Үүнээс гадна хөрсөнд шууд нэвчдэг нүхэн жорлон ашиглахаас татгалзах нь зүйтэй. Доторлогоотой, соруулдаг, эсвэл, био жорлон ашиглах зэргээр нянгийн шалтгаант бохирдлыг бууруулж болно.
Дээр дурдсанчлан хүнд металлын бохирдол буурч буй нь дэд бүтэц харьцангуй сайжирсантай холбоотой. “Нарантуул” захын “Мангасын ам” 2010-аад оны үед нэлээд алдартай газар байсан. Тухайн хэсэг нь маш олон төрлийн бохирдлын эх үүсвэр болж байв. Харин өдгөө тухайн газарт авто зам тавьчихсан. Тэгэхээр бохирдлыг бууруулах, багасгах гол алхам нь дэд бүтцийг сайжруулах юм. Аль болох авто зам, ногоон байгууламжууд бий болгох хэрэгтэй. Ингэснээр хүмүүс ил задгай хог хаяж, бие засахгүй. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудад буюу бидний ирээдүй хойч болсон хүүхдүүдэд зориулан байгалийн ухааны хичээлд нь хөрстэй холбоотой агуулгыг тусгах шаардлага бий. Ингэснээр зөвхөн Улаанбаатарт бус, 21 аймаг 330 сумын хэмжээнд ирээдүйд үүсэж болох эрсдэлийг бууруулах боломжтой.
У.Цэцэгсүрэн