Монголын шорт трекийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед шорт трекийн төрөлд цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон билээ. Тэрбээр Италийн Турин хотод өнгөрсөн сард болсон дэлхийн оюутны универсиад наадамд багийнхантай оролцохдоо 1500 метрийн уралдаанд II гараанд уралдаж хоёр минут. 35 секунд.722 долийн амжилтаар хэсэгтээ IV байрт шалгарсан. Тэгвэл 500 метрийн зайд 44 секунд.682 долиор барианд орж, улсын дээд амжилтыг шинэчлэн, ДАШТ болон “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд оролцох эрх авсан юм. Түүнийг дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад өмнөд хөршийн Харбин хотод зохион байгуулах Азийн өвлийн спортын IX наадамд оролцохоор бэлтгэл хийж байх үед нь уулзаж ярилцлаа.
-Италид болсон дэлхийн оюутны универсиад наадамд оролцсон Монголын баг Харбинд тун удахгүй хөл тавих нь. Та Турин хотоос ямар бодол тээж ирэв?
-Миний хувьд дэлхийн оюутны универсиад наадамд хоёр дахь удаагаа оролцлоо. АНУ-ын Лэйк Плэсид хотод 2023 онд болоход нь анх удаа өрсөлдөж, олон улсын тэмцээнийхээ гарааг эхлүүлсэн. Италийн Турин хот таатай сэтгэгдэл төрүүлж, мартагдахааргүй сайхан дурсамж үлдээлээ. Шигшээ багийнхан өнгөрсөн жил ДАШТ-д оролцох эрхээ авахын тулд Европын орнуудад зохион байгуулсан тэмцээнд оролцсон юм. Манайхан тэмцээнээс тэмцээнд хурд сорьж, ур чадвараа ахиулан, туршлага хуримтлуулсан тул энэ удаа өмнөхөөсөө илүү оролцоно гэсэн бодолтой тус хотыг зорьсон. Биднийг онгоцноос буунгуут тэмцээний уур амьсгал мэдрэгдэж байлаа. Би өмнөх универсиадад догдолж, сандраад санасандаа хүртэл уралдаагүй. Харин энэ удаа хэнтэй ч уралдсан адилхан өрсөлдөнө. Тиймээс өөрийгөө хүнд бодлоор ачаалахгүй, тайван байя гэж бодсон.
-БНСУ-д хамтарсан бэлтгэл хийсэн гадаадын тамирчидтай манайхан ч бас уралдаж харагдсан. Тэнд байхдаа тэднээс их зүйл суралцсан биз?
-Тус улсад шорт трекийн бэлтгэлд хамрагдсан Беларусь, БНХАУ, Унгарын тамирчид универсиадад оролцохоор ирсэн. Тэдэнтэй хэсэг хугацаанд хамт бэлтгэл базаахдаа найз нөхөд болж их зүйл суралцсан. Хэдийгээр найз нөхөд ч гэлээ талбайд гарсан бол өрсөлдөгч шүү дээ. Тэмцээн эхлэхийн өмнө нэгэндээ амжилт хүсээд л өрсөлдсөн. Монголд шорт трекийн спорт 13 жил тасарч, 2022 оноос үргэлжилж буй. Бидний хувьд олон улсын тэмцээнүүдэд оролцож, гадаадын тамирчдын ур чадвар, техникээс суралцах нь давуу тал болдог.
-Шорт трекийн тамирчдын амжилт минут, секунд, долиор хэмжигддэг. Тиймээс өөрийгөө сайтар хөгжүүлэхийг уралдааны орчин нь шаарддаг байх.
-Би ДАШТ-ий эрх авах гэж хоёр жил хичээсэн. ДАШТ-д өрсөлдөх тамирчин 500, 1000, 1500 метрийн зайд 45 секунд 55 долиос бага хугацаанд уралдаж эрх авдаг. Дэлхийн оюутны универсиад наадам их өрсөлдөөнтэй болдог. Уралдааны үед багийн тактик, төлөвлөгөө ч харагдана. Э.Мөнх-Эрдэнэ сайн уралддаг. Тэрбээр хэсгийн уралдааны үеэр Польшийн тамирчинд түлхүүлж унасан ч замаа дуусгасан. Одоо Харбинд болох Азийн өвлийн спортын наадамд сайн уралдана гэдэгт итгэлтэй байна. Азийнхнаас БНСУ-ын тамирчид универсиадад ганцаарчилсан төрлийн бүх зайд, өмнөд хөршийнхөн багийн төрөлд эхний гурван байрт шалгарлаа.
-Хоккей, тэшүүрийн багт нэр нэгтэй тамирчин цөөнгүй бий. Уралдааны үед дуудахаар зэрэг эргэж хардаг уу?
-Шорт трекийн багт Мөнх-Эрдэнэ нэртэй хоёр тамирчин бий. Нэг нь Э.Мөнх-Эрдэнэ, нөгөө нь би. Нөхөд минь түүнийг “жижиг”, намайг “том” гэж дууддаг. Э.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жилийн тэмцээнээс ДАШТ-д оролцох эрх авсан бол би энэ удаа Туринд болсон универсиадаас авлаа. Би багийнхантайгаа оролцохын тулд өөрийгөө их дайчилсан. Багш нарынхаа зөвлөснийг хэрэгжүүлж, чармайж зүтгэсний үр дүнд зорилгодоо хүрлээ. Бид Харбин хотыг өнөөдөр зорино. Тэнд болох шорт трекийн тэмцээн энэ сарын 7-10 хүртэл үргэлжлэх юм. Монголын баг Тайвань, Сингапур, Вьетнамын тамирчидтай ширүүхэн өрсөлдөх болов уу. Би өмнөд хөршид хоёр дахь удаагаа очих гэж байна. Бээжинд өнгөрсөн жил болсон “Дэлхийн цом”-д оролцсон. Миний ажигласнаар Европынхоос Азийнхан шорт трекийн төрөлд амжилт илүү гаргадаг. Энэ нь амьдралын хэв маяг, өссөн орчин, биеийнх нь онцлогоос шалтгаалдаг байх. Миний хувьд уралдааны тойрог, хүчний тал дээр анхаарал хандуулж, түлхүү ажиллаж байгаа.
-Таныг Харбинд болох өвлийн спортын наадамд туршлага хуримтлуулснаа харуулж, уралдана гэдэгт эргэлзэхгүй байна.
-Би багийнхнаасаа хамгийн их сандардаг нь. Тийм болохоор багш надад уралдахын өмнө “Чи өмнө хийж байсан зүйлээ л хий. Өөр зүйл бодох хэрэггүй шүү” гэж зөвлөдөг. Туринд уралдахад ч бас ингэж хэлсэн. Тэр өдөр их тайван байж, гүйцэтгэлээ сайн хийснээр гараандаа IV байр эзэлсэн юм. БНСУ-ын шорт трекийн шигшээ багийнхан дасгалжуулагч Ча Жи Хүний удирдлагад бэлтгэл хийдэг. Шорт трекийн тамирчин байхдаа тэрбээр Норвегийн Лиллехаммер хотод 1994 онд зохион байгуулсан өвлийн олимпын XVII наадмаас алтан медаль хүртэж, 1995 онд дэлхийн аварга болж байсан юм билээ. “Харбин 2025”-д тамирчдаа сойхоор ирнэ. Бид БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхдээ тамирчидтай нь танилцаж, ойр дотно нөхөрлөх болсон. Тэд манайхантай байнга холбоотой байж, мэдээлэл солилцдог.
-Гүйлтийн тэшүүрийн тамирчин байх үеэс таныг гадарлана. Харин сүүлийн үед шорт трект цахиур хагалж, олон улсын тэмцээнд хурд сорьдог болжээ.
-Гүйлтийн тэшүүрээр 2011 оноос хичээллэж, шорт трект гурван жилийн өмнө хөл тавьсан. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 2022 онд багтаж, дасгалжуулагч Б.Бат-Оргил багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэшүүр, шорт трекийн тамирчид орон нутгаас голдуу төрдөг. Гэхдээ би Улаанбаатар хотын унаган иргэн. Намайг хүүхэд байхад хамаатны нэг ах роликоор гулгадаг байв. Түүнийг дагаж гулгасаар байгаад нэг өдөр тэмцээнд оролцлоо. Тухайн үед намайг өөрөөсөө гурван насаар ах хүүхдүүдтэй ана мана уралдахыг дасгалжуулагч Л.Алтанцэцэг багш олж хараад “Энэ хүүхэд тэшүүрээр хичээллэвэл сайн тамирчин болохоор байна” гэж хэлсэн гэдэг. Тэр үеэс түүгээр тэшүүрийн эрдэм заалгаж, дараа нь Спортын төв сургуульд элсэн суралцсан. Ур чадвараа ахиулах зорилгоор А.Болд багшийн удирдлагад 2014-2019 онд хүртэл бэлтгэл хийж, 2021 оноос шигшээ багийн дасгалжуулагч Б.Тулга багшийн шавь болж үргэлжлүүлсэн.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болсноо анх сонсоод баярлаж, догдлов уу?
-Цар тахал олон улсад дэгдсэн жилүүдэд би бэлтгэл бараг хийгээгүй. Дасгал сургуулилалтаа үндсэндээ зогсоосон байхад 2022 оны тавдугаар сард Б.Бат-Оргил багш холбогдож, шигшээ багийн бүрэлдэхүүнд намайг авахаар болсныг дуулгасан. Хүн болгонд тавиад байдаггүй саналыг түүнээс хүлээж аваад их баярласан даа. Одоо Азийн өвлийн наадамд багийнхантайгаа шорт трекийн төрөлд өрсөлдөнө гэхээс догдолж байна. Монголын тэшүүрийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Тулга багш миний сэтгэл зүй, бэлтгэлд анхаарал хандуулж ажилладаг.
-Гэрийнхэн тань таныг тэшүүртэй нөхөрлөсөн цагаас тамирчдын амжилт, замнал, амьдралыг судалдаг болсон байх гэсэн бодол төрлөө.
-Аав, ээж минь гүйлтийн тэшүүрийн уралдах зай төрөл, онцлогийг шорт трекээс илүү ойлгодог. Намайг тэшүүрээр хичээллэх үеэс манайхан бүх талаар дэмжиж өнөөг хүргэсэн. Мөн эхнэр минь маш сайн ойлгодог. Тэрбээр цанын спортын тамирчин. Шигшээ багт байхдаа олон тэмцээнд оролцсон доо. Бид бэлтгэл сургуулилалтын үеэр танилцаж, гэр бүл болсон.Тамирчин хүнийг амжилт гаргахад өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна гэр бүл, байгууллага, хамт олны дэмжлэг, санхүүгийн байдал гээд олон зүйл нөлөөлдөг. Тэшүүрийн спортынхны хэрэглэдэг зүйлээс ир 2-3 сая төгрөгийн үнэтэй. Бэлтгэлийн үед гэмтдэг тул тэмцээний үед солих 2-3 иртэй байх шаардлагатай. Тамирчид тэшүүрийн гутлаа захиалж хийлгэдэг. Учир нь аюулгүй байдлаа заавал хангасан байх ёстой. Хөлд таарсан гутал уралдах үед ямар ч ачаалал өгдөггүй. Чанартай гутлыг олон жил хэрэглэнэ. Миний хувьд хоёр гутал сольсон байна.
-Шорт трек, гүйлтийн тэшүүрийн хэрэглэл материал, гулгах техник нь хүртэл өөр байх юм.
-Гүйлтийн тэшүүрийн гутал холын зайд уралдахад түлхэц сайн өгдөг. Шорт трекийнх богино зайд уралдах зориулалттай тул тэшүүр нь өндөр, гутал нь ирээсээ салдаггүй. Надад шорт трекийн төрөлд уралдах илүү таалагддаг. Гүйлтийн тэшүүрээр хичээллэдэг байхад миний хамгийн хүчтэй өрсөлдөгч ОУХМ Я.Зоригтбаатар ах байлаа. Шорт трекийн төрөлд бол шигшээ багийнхнаас нэр нэгтэй Э.Мөнх-Эрдэнэтэйгээ өрсөлдөнө шүү дээ. Шорт трек тухайн тамирчнаас тэсвэр хатуужил, хурд, хүч их шаарддаг. Миний хувьд тус төрөлд нэг алт, таван мөнгөн медальтай. 2022 онд болсон бүх ард түмний спартакиад наадмын уралдаанд түрүүлж байв. Би гүйлтийн тэшүүрийн бүх зайд уралддаг. Гэхдээ миний хамгийн дуртай зай бол 500, 1000, 1500 метр.
-АНУ-д аялж, ажиллаж, амьдрахыг хүсдэг хүн олон шүү дээ. Лэйк Плэсид хот танд дахиж зорих хүсэл төрүүлсэн үү?
-Миний хөл тавьсан орнуудаас хамгийн сайхан санагдсан нь АНУ. Улсынх нь хөгжил, орчин нөхцөл, цаг агаар нь таалагдсан болохоор хэзээ нэгэн цагт энд ирж амьдрах юм сан гэж гэдэг бодол сэтгэлд минь үлдээсэн шүү.
Б.Бат-Оргил: Монголын баг дэлхийн хэмжээнд уралддаг болсноо харууллаа
Б.Бат-Оргил дасгалжуулагчтай бэлтгэлийн дундуур цөөн хором ярилцсан юм.
-Таны удирдлагад шигшээ багийнхан БНСУ-д хамтарсан бэлтгэл нэг бус удаа хийсний үр дүн “Турин 2025” универсиадын тэмцээнээс харагдлаа.
-Баярлалаа. Тус улсын тамирчидтай нь хагас жил бэлтгэл хийсний үр дүн гарч байгаа. Туринд болсон дэлхийн оюутны универсиадад манайхан уралдахдаа Европын өндөр зэрэглэлтэй тамирчдыг хожиж, улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ. Гадаадын дасгалжуулагчид Монголын багийн уралдахыг хараад “Танай тамирчдын ур чадвар өмнөх жилүүдийнхээс илүү ахисан байна шүү” гэж урам өгсөн. Өмнөд хөршийн Харбинд болох Азийн өвлийн наадамд дөрвөн тамирчин эх орноо төлөөлж оролцоно. Монголоос дээрх наадамд өмнө нь тус бүр нэг эрэгтэй, эмэгтэй тамирчин оролцдог байлаа. Тэгвэл энэ удаа манайхан өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх нь. Тамирчид минь “Дэлхийн цом”, ДАШТ, Дэлхийн залуучуудын АШТ-д оролцох эрх авч, Монголын баг дэлхийн хэмжээнд уралддаг болсноо харууллаа.
-Гадаадын орнуудад шорт трек өндөр хөгжсөн тул манайхан сүүлийн үед “Дэлхийн цом”, ДАШТ-ий эрх авахад тун амаргүй болжээ.
-Тамирчдаа өндөр түвшинд хүргэхийн тулд техник, ур чадварыг нь хөгжүүлэх шаардлага гарсан. БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхдээ томоохон хотуудад нь болсон тэмцээнүүдэд сойлоо. Тэднээс ОУХМ Б.Гэрэлтуяа “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх авч оролцсон. Шигшээ багийн тамирчдыг гэр бүлээс нь гадна “Алдар” спорт хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тэшүүрийн холбоо, Монголын оюутны спортын холбоо дэмжиж байгаад талархдаг. Монголын тэшүүрийн спортын түүхэнд өмнө байгаагүй амжилтыг туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл хийсэн залуу тамирчид гаргаж байна. Түүнээс биш би ганцаараа зүтгээд, амжилтад хүргэсэн юм биш шүү. Тэдний амжилтын ард олон хүний тус, дэм байгааг дурдах нь зүйтэй.
-Дэлхийн тэшүүрийн холбоо Монголын шорт трекийн тамирчдад тэтгэлэг олгосон байсан. Та энэ талаар сонирхуулж яриач.
-Монголын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид Дэлхийн тэшүүрийн холбоо тэтгэлэг олгосонд их баярлаж байгаа. Манайхны ур чадвар ахиж, уралдаанд амжилт үзүүлэх болсон тул дээрх холбоо сонгон шалгаруулалт явуулж, шигшээ багийнхнаас Э.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, С.Ганхөвсгөл нарт тэтгэлэг олгосон юм. ОУОХ Б.Гэрэлтуяад өвлийн олимпын эрх авах боломжтой тамирчин гэж үзээд мөн тэтгэлэг олголоо. Миний хувьд хоёр жил дараалж тэтгэлэг авсан. Бид олгосон тэтгэлгийн мөнгөөр тэмцээн, уралдааны үед хэрэг болох хэрэглэл, материал худалдаж авлаа. Миний гол зорилго бол Монголын тамирчдыг ДАШТ-д амжилттай оролцуулж, медалиас атгуулах. Үүний төлөө хичээн ажиллаж байна.