Оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдаж, 2025 онд их, дээд сургуулийн оюутны УАШТ-ийг спортын 10 төрөлд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. УАШТ-ий гарааг чөлөөт бөхийн тамирчид эхлүүлж, “Буянт-Ухаа” спортын цогцолборт ирэх сарын 6-7-нд зодоглоно. Тэмцээн шатар, волейболын тоглолтоор үргэлжлэх бол гандбол, ширээний теннис, футзал, сагсан бөмбөг, таеквондогийн тэмцээн дөрөвдүгээр сард болох юм. Харин тавдугаар сард модон бөмбөг, жүдо бөхийн тэмцээнийг явуулна. 10 тэмцээний 700 орчим медалийг гадаадад захиалан хийлгэж буй. Оюутны спортын VII наадмыг Засгийн газар 2026 онд хариуцан зохион байгуулах юм.