Монголын буудлагын үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин, дэлхийн хошой мөнгө, Азийн хүрэл медальт, ОУХМ Т.Баярцэцэгийг “Үнэн” сонины нэрэмжит “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд оролцох үед нь зочноор урив. Тэрбээр “...Тухайн үед энэ тэмцээнд түрүүлээгүй ч хойшид хичээвэл амжилт гаргах юм байна гэдгийг мэдэрсэн. Багш минь урам өгч, дараагийн тэмцээнд алдаа гаргахгүй онч сорих талаар зөвлөсөн нь хожим олон түрүү хүртэхэд нөлөөлсөн шүү. Би ШУТИС-ийг 2006 онд төгссөн. Компьютер график, дизайнерын мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ “Боловсрол” телевизэд нэг хэсэг ажилласан. Миний хувьд ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох амаргүй байсан тул аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон юм. Тиймээс спортдоо үлдэж, тууштай замнах шийдвэр гаргаж байлаа” хэмээн өгүүлснээр бидний яриа цааш үргэлжиллээ.
-Сагсан бөмбөг, хөнгөн атлетикаар хичээллэдэг охины сэтгэлийг буудлагын спорт татсан нь сонирхол төрүүлээд байх юм.
-Багадаа хөдөлгөөнтэй, спортлог хүүхэд байсан. Зун өглөө бүр гүйж, зуслангийнхаа ойролцоох ууланд гарна. Хүргэн ах буудлагын тамирчин байхдаа эгчийг хичээллүүлснээр бэлтгэл шаргуу хийж, Азийн АШТ-д дээд амжилт тогтоосон юм. Миний хувьд эгчийнхээ хичээл зүтгэлээс урам авч, энэ спорттой 2005 онд анх нөхөрлөсөн түүхтэй. Ээж минь залуудаа хөнгөн атлетикийн тамирчин байлаа. Би сургууль, дүүргийнхээ сагсан бөмбөг, гүйлтийн тэмцээнд оролцож медаль хүртдэг ч тууштай хичээллэх талаар төдийлөн боддоггүй байв. Эгчийг минь Т.Баярмаа гэдэг, ОУХМ цолтой. Бид спорт гар бууны төрөлд онч сорьдог. Энгийн үед жаргал, зовлонгоо хуваалцдаг эгч, дүүс ч галын шугамд бол хүчтэй өрсөлдөгч. Эгч минь “Алдар”, би “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин.
-Амжилтыг тань сонирхож судлаад АНЭУ-ын Аль-Айн хотод 2014 онд болсон оюутны ДАШТ-ий 25 метрийн спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэнийг мэдсэн. Тэндээс Монголын баг ганзага дүүрэн ирсэн нь танд урам өгсөн биз?
-Оюутны ДАШТ-д онч сорихоос өмнөх жилүүдэд би олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн. Тухайн үед тэмцээнээс тэмцээнд оролцох тусам туршлага хуримтлуулж, амжилтаа ахиулах сан гэж боддог байв. Шагналуудаа харахаар УАШТ-ээс алт, олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль голдуу хүртсэн байдаг юм. Буудлагын УАШТ-ий 10 метрийн хийн гар буу, 25 метрийн спорт гар бууны дасгалд 2015 оноос хойш тасралтгүй түрүүлсэн. Энэ оны дотоодын тэмцээний салхийг холбоодын нэгдсэн УАШТ-ээр хагалж, аваргаар шалгарлаа.
-Индонезийн буудлага спортын холбооноос 2020 онд зохион байгуулсан онлайн олон улсын нээлттэй тэмцээнд манайхаас 10 метрийн хийн гар бууны төрөлд эрэгтэйчүүдээс Э.Даваахүү, эмэгтэйчүүдээс та түрүүлж, А.Түмэндэлгэр мөнгөн медаль хүртсэн санагдана.
-Цахимаар анх удаа зохион байгуулсан олон улсын тэмцээнд бид тус улсын цагийн хуваарийн дагуу оролцож, тамирчидтай нь өрсөлдсөн. Өөрийгөө тэргүүлнэ гэж тухайн үед бодоогүй. Буудаж дуусаад дүнгээ хартал түрүүлсэн байв. Өмнө нь тэнд тэмцээнд оролцохоор хоёр удаа очихдоо цаг агаар, уур амьсгал, хоол хүнс, орчин нөхцөлд нь хурдан дасан зохицохыг боддог байлаа. Тэмцээн өндөрлөсний маргааш бид нутаг буцах гэж яардаг тул хотынх нь хөгжилтэй танилцах боломж тэр бүр гараагүй.
-Түүнээс хойш хоёр жилийн дараа Eгипет улсын Каир хотод болсон ДАШТ-д Монголын баг амжилттай оролцож, иж бүрэн медальтай ирсэн. Стандарт гар бууны 25 метрийн төрөлд Ц.Мөнхзул алт, та мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль гардсан даа.
-Тухайн үед спорт сонирхогчид Монголын баг буудлагын ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртсэн анхны тохиолдол боллоо гээд баярлаж байлаа. Тэр жил ДАШТ-д шинээр гурван төрөл нэмэгдсэн юм. 25 метрийн спорт гар бууны дасгалд 90 гаруй тамирчин өрсөлдсөнөөс би 581 оноогоор XV байр эзэлсэн. Финалд 583 оноогоор шалгарах байв. Бэлтгэл сайн хангасан ч өөрийн өрсөлддөг үндсэн төрөлд медальгүй хоцорсондоо их харамссан. Дараа нь стандарт гар бууны 25 метрийн төрөлд өрсөлдлөө. Ийм төрлийн буу ховор байдаг. Монголд бэлтгэл хийсэн буугаа үзүүлтэл “Бяд нь тасарсан тул буудах боломжгүй” гэв. 25 метрийн тогтоол буудлагад тус бүр 30 сумны нийлбэрээр дүн гардаг. Миний хувьд тааруухан буудсан тул өөртөө итгэлгүй байв. Бие халаалт хийж байхдаа медальтай л харих сан гэх бодол хамгийн их төрсөн. Тамирчны замнал бодсоноос ч амаргүй шүү дээ. Спортын талбарт баяр, гуниг аль аль нь хосолдог. Унаж, босох үе ч бишгүй тулгарна. Тийм үед таагүй бодлоос өөрийгөө чөлөөлөхийг хичээдэг. Мөргөлийн цаг болоход хүмүүс нь хивсээ дэвсээд мөргөл үйлдэхэд би ч бас хүслээ шивнээд залбирлаа. Удалгүй тэмцээн эхэлж, дасгалаа гүйцэтгээд эргээд хартал манайхан баярлаж зогсоно. Гайхаад асуутал “Чи мөнгөн медалийн болзол хангалаа” гэж хэлэхэд нь өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. ДАШТ-ий эхний гурван байрт Монголын тамирчид шалгарсан нь ховорхон тохиох сайхан мөч байлаа.
-Азербайжаны Бакуд 2023 онд болсон ДАШТ-д та шигшээ багийнхнаас 50 метрийн гар бууны төрөлд мөн дэд байрт шалгарсан. Тантай өрсөлдсөн Австралийн тамирчин түрүүлж, Энэтхэгийнх хүрэл медальтай нутаг буцсан шүү дээ.
-Азербайжан улс бөхийн төрлүүдэд олон улсын тэмцээнийг түлхүү зохион байгуулдаг юм билээ. Бакуд болсон ДАШТ-д мөн шинэ төрөл болох сонгомол гар бууныхад цэц сорьсон. Монголд үүгээр эрэгтэйчүүд хичээллэж, олон улсын тэмцээнд оролцдог. Миний хувьд эл төрөлд анх удаа өрсөлдөхдөө сандарч, санасандаа хүртэл буудаагүй. Тэргүүлж явсан хэрнээ сүүлийн хэдэн сумаа тааруухан тавьж, Австралийн тамирчинд оноогоор гүйцэгдэн мөнгөн медаль гардсан. Бид тэмцээнд байнга таардаг тул нэгнээ мэднэ. Тэрбээр олон жил хичээллэсэн туршлагатай. Харин Энэтхэгийн тамирчин шинэ танил байв. Сүүлийн үед Энэтхэг улс спортын салбартаа хөрөнгө харамгүй зарцуулж, гадаадаас туршлагатай дасгалжуулагч урьж, тамирчдаа бэлтгэл хийлгэх болсон. Тэр үед олимпын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр эгч тус улсын багийг дасгалжуулсан юм. Түүний удирдлагад бэлтгэл базаасан тамирчдаас Ману Бэкер Парисын олимпын хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль гардаж, Энэтхэгийн буудлагын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн.
-“Баку-2023” ДАШТ-ий дараахан манайхан “Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон. Эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд Энэтхэгийн баг хошуучилж хүчтэй өрсөлдөгч болсноо харуулсан шүү.
-Буудлагын тамирчид Азийн наадмаас медальтай ирдэг. “Ханжоу-2022”-т хийн урт бууны багийн төрөлд манайхан хүрэл медаль хүртэж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн. Миний хувьд Азийн зуны спортын наадамд дөрөв дэх удаагаа оролцлоо. БНХАУ-д болсон “Гуанжоу-2010” наадамд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул эгч нартай оролцож, спорт гар бууны багийн дасгалд мөнгө, дараа нь БНСУ-д болсон “Инчон-2014”-т 10 метрийн хийн гар бууны багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Тэр жил Ч.Нарантуяа хийн урт бууны төрөлд түрүүлсэн бол О.Гүндэгмаа эгч 25 метрийн спорт гар бууныхад хүрэл медаль зүүсэн юм. Индонезэд зохион байгуулсан “Жакарта-2018”-аас Г.Нандинзаяа 10 метрийн хийн гар бууны дасгалд хүрэл, 50 метрийн урт бууны төрөлд алтан медаль гардсан. Тэгвэл “Ханжоу-2022”-оос 10 метрийн хийн урт бууны багийн төрөлд О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар хүрэл медальтай ирж байлаа.
-Өмнөд хөршийнхөн ямар ч тэмцээнд буудлага, ширээний теннисээр хошуучилдаг. Тэдний амжилтын нууц нь юутай холбоотой бол?
-Хятадын муж бүр буудлагын тамирчин бэлтгэдэг сургуультай. Зөвхөн үүгээр хичээллэдэг тамирчин гэхэд гурван сая байх жишээтэй. Буудлагын УАШТ нь олимпын наадмаас дутахааргүй өндөр зохион байгуулалттай болдог. Тэр их өрсөлдөөнөөс шалгарсан шилдгүүдтэй Монголын баг өрсөлдөж, медаль хүртэнэ гэдэг чамлахааргүй амжилт шүү дээ. Азийн орнуудаас Япон, БНСУ-ын тамирчид гар бууны төрөлд хүчтэй өрсөлддөг.
-Буудлагын тамирчдад иог, бясалгал, фитнесийн дасгал хөдөлгөөнийг хүчний бэлтгэлтэй хослуулах нь тохирохоор санагддаг юм.
-Санал нэг байна. Буудлагын спортод нас хязгаарладаггүй. Тухайн тамирчин амжилт гаргах авьяас, ур чадвартай бол үргэлжлүүлэх боломжтой. Зарим тамирчин ар гэр, амьдрал, сэтгэл зүйн байдлаас болоод тэмцээндээ анхаарч чаддаггүй. Миний хувьд бодлоо цэгцэлж, хэрхэн өрсөлдөхөө сайтар төлөвлөөд оролцдог. Галын шугамд буу шагайж, олон цаг зогсдог тул тэсвэр хатуужлаас сайтар суралцсан байх шаардлагатай. Тиймээс бясалгал, иог, фитнесийн дасгал хөдөлгөөнийг хүчний бэлтгэлтэй хослуулах нь тохиромжтой. Цар тахлын хөл хорионы үед иогоор хичээллэсэн минь амжилт гаргахад багагүй нөлөөлсөн шүү.
-Таныг хичээллэхээр ирэхэд угтаж аваад амжилтаас атгуулсан багш тань хэн бэ?
-Буудлага өртөг өндөртэй. Шигшээ багийн тамирчин биш бол буу, сум, хувцас хэрэглэлээ худалдаж авна. Би багаасаа эгчийгээ хэрхэн хичээллэхийг харж өссөн болохоор энэ спортод анхны мэдэгдэхүүнтэй хөл тавьсан. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ эгчээсээ асууж, зөвлөснийг нь сонсдог байсны хүчинд бэлтгэл хийх орчин нөхцөлд амархан дассан. Бид Гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр багшийн удирдлагад анх хичээллэж, спортын гараагаа эхлүүлж байв. Тамирчин байх эхний жилүүдэд хоёулаа бүх зүйлээ бэлдэж, тэмцээнд оролцох зардлаа олохоор ивээн тэтгэх байгууллага хайх амаргүй санагддаг сан. Амжилт гаргаж эхэлснээр оюутны шигшээ багт багтаж, сар бүр олгосон цалингаар нь сум авч, бэлтгэлээ үргэлжлүүлдэг байлаа. АНЭУ-ын Аль-Айн хотод 2014 онд болсон оюутны ДАШТ-д оролцохын өмнө Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат багшийн удирдлагад О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул эгч нартай бэлтгэл хийж, ур чадвараа богино хугацаанд ахиулсан.
-Гэрийнхэн тань тантай буудлагаас өөр спортын тухай яриа өрнүүлдэг үү?
-Хүмүүс намайг эгчтэйгээ буудлагын техник, тактик, төлөвлөгөө гээд нарийн ширийн зүйл ярилцаж, зөвлөлддөг гэж боддог байх. Тэгвэл бид энэ талаар огт ярилцдаггүй. Тэмцээний үед харц, хөдөлгөөнөөрөө ойлголцоно.Миний хувьд 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдөхдөө өөртөө илүү итгэлтэй байдаг. Амжилт ч түлхүү гаргасан. Тамирчдын хувьд олон улсын тэмцээнд оролцож, техникээ сайжруулах нь чухал. Гэтэл шинэ оны өмнөхөн спортын салбарынхны төсвийг танасан нь тамирчдын хувьд хүнд туссан. Бид тухайн жилд зохион байгуулахаар төлөвлөсөн тэмцээнүүдэд өмнөх шигээ оролцож чадахааргүй болж байна.
-Та буудлагын спорттой 20 жил нөхөрлөжээ. Таныг хэрхэн төлөвшүүлж, ямар байр суурьт хүргэв?
-Тамирчны амьдрал тэмцээнээс тэмцээний дунд өрнөдөг болохоор орчин нөхцөлд нь хэдийн дассан байна. Зорилго тавиад түүнийхээ төлөө тууштай зүтгэх тэмүүлэл, насан туршдаа эрүүл, идэвхтэй амьдрах дадал зуршлыг спортын орчноос авсандаа баярладаг. Буудлагаар хичээллэсэн он жилүүдэд анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл зүйгээ зөв удирдаж сурлаа. Ажигч, гярхай зан чанарт суралцаж, аливаа зүйлийг хийхдээ тооцоолж, төлөвлөдөг болсон. Ялж, ялагдсан ч догдолж, гуниглахгүй сэтгэлийн хаттай байхыг хичээж ирлээ. Намайг сорьж шалгасан, бас сургамж болсон, урам өгч баярлуулсан тэмцээн олон бий. Хамгийн их найдлага тавьж байсан тэмцээнээсээ медальгүй ирэх л хамгийн хэцүү. Тийм үед бодлоо цэгцэлж, хэнтэй ч ярилцахгүй, олноос зайдуу, нам гүмхэн газар очоод алдаа, оноогоо дүгнэмээр санагддаг.
-Амжилтын төлөө зүтгэсэн жилүүдэд халширмаар өдрүүдтэй тулгарсан байлгүй. Тийм үеийг давахад хэн дэргэд тань байж буцааж авчрав?
-Миний гаргасан амжилт бүхний ард аав, ээж, гэр бүл, найз нөхөд, байгууллага, шигшээ багийн тамирчид, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны удирдлага, хамт олны дэмжлэг их бий. Одоо ДАШТ-д амжилт гаргахгүй, олимпын эрх авч чадахгүй бол больё гэж шантарсан удаа цөөнгүй. Хэдий ингэж бодсон ч тийм амархан бууж өгөхийг хүсээгүй. Олон жил хичээсэн хөдөлмөр, итгэл найдвар, галын шугамд гарч өрсөлдсөн он жилүүдээ бодохоор зорилгоо заавал биелүүлмээр санагддаг. Үнэнийг өгүүлэхэд, энэ бодол минь намайг хурцалж, урагшлуулж байна. Спортын ертөнц надад олон зүйлийг ойлгуулж, ухааруулсан шүү.
-2025 онд хаана болох тэмцээнүүдэд оролцохоор багийнхантайгаа хилийн дээс алхах вэ?
-Энэ жил манайхан Азийн АШТ, ДАШТ, “Дэлхийн цом”, цэргийн ДАШТ-д оролцоно. ХБНГУ-ын Мюнхен хотод “Дэлхийн цом”-ын тэмцээн зургаадугаар сард эхэлнэ. Үүний дараахан Норвегт цэргийн ДАШТ-ийг зохион байгуулах юм билээ.