Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам Улаанбаатар хот, Орхон аймагт энэ сарын 17-24-нд болно. Өвлийн спортыг сурталчлах, өсвөр үеийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд оролцуулах зорилгоор энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Эх орондоо 1999 онд эхлүүлсэн тус наадамд оролцогчид гүйлтийн тэшүүр, цана, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн спортын долоон төрөлд өрсөлдөнө. Дээрх наадамд бэлгэдлээр “Галхүү”-г сонгожээ. Хүүхдүүдэд танил байлгахаар нэрлэж, үргэлж мандан бадарч байхыг бэлгэдэж галын дөлөөр дүрсэлсэн байна. Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах бол нийслэлд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейкийн уралдааныг явуулахаар болжээ.