Мэнд мэдмэгцээ л нэг нь цүнхээ ухаж, нөгөө нь ширээ рүүгээ ухасхийв. Учир нь тэд нэгэндээ оюуны их өв ном бэлэглэх гэж яарсных аж. Гавьяат багш, философийн ухааны доктор Бүдрэгчийн Галиндэвтэй хууль зүйн ухааны доктор Б.Баярсайхан ярилцсан юм. “Достоевский ба хүний асуудал”, “Хүн байх ухаан” гэсэн хоёр бүтээлээ Б.Галиндэв багш Б.Баярсайхан докторт өргөн барихад хариуд нь тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” номоо дурсгав. Эрдэмтдийн мэнд мэдэх ёс ийм гэлтэй.
“Өнөөдөр” сонины хамт олон Тантай уулзах боломж олгосонд олзуурхаж байна. Оюуны бүтээл хүлээн авсандаа ч баяртай байна. Амьдралдаа анх удаа сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэх гэж буй болохоор Танаас юу асуух тухайгаа багагүй бодлоо гэж доктор Б.Баярсайхан өгүүлэхэд “Монголын өдөр тутмын хамгийн нэр хүндтэй сонинд ярилцлага өгөх дайны хүн бил үү гэж өөрийгөө бодсон. Өдий төдий уншигчдын өмнө чи бид хоёр өндөр хариуцлага хүлээж байна шүү” гэсээр тэд уншигчдыг болон нэгнээ хүндэтгэсэн их хүндлэлээр ярилцлагаа эхэллээ. Мэргэжил нэгтэй тэдний яриа нийгмийн тогтолцооноос эхлээд оюутан, номын талаар хөвөрсөн юм.
-Би философи гэдэг агуу ухааныг хэдэн талаас нь ойлгодог. Хүний амьдрал тэр чигтээ гүн ухаан. 1980-аад онд Гавьяат хуульч Г.Совд багш минь эрх зүй гэдэг бол философи гэж билээ.
Тэр үед залуу байсан учраас утгыг нь ухсангүй. Хожим судалгаа хийж, хууль боловсруулах түвшинд хүрэхдээ ухаарч ойлгосон. Өнөөдрийн нийгмийн үйл явцыг Та юу гэж дүгнэж байна вэ?
-Би нийгмийн хоёр тогтолцоог туулж байна. 1989 онд ардчилсан хувьсгалын жагсаал болоход 42 настай, Цэргийн нэгдсэн дээд сургуульд философийн багшаар ажиллаад хэдэн жил болчихсон байв. Сайн цаг ирж байна, Монгол Улс богино хугацаанд хөгжих нь гэж хүлээж авсан. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Монгол Улс 56 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж зурагтаар ярьсныг ер мартдаггүй юм. Түүнийг нь иргэдэд хувааж, хувьцаа тараана гэхээр бүгд тэгш эрхтэй оролцох юм байна гэж бодсон.
Дараахан нь Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай “Монгол Улс Азийн бар улс болно” гээд л дээлэндээ нефть арчиж байлаа. 40 гарсан, муу ч үгүй нийгмийн ухааны хүн атал гэнэндүү бодолтой байж дээ. 2000 он хүртэл нийгэмд юу болж байгааг нэг их ухаарсангүй. Хэдэн жилийн дараачаас сонгосон зам нь зөв, хэрэгжүүлэх арга нь алдаа ихтэй байв уу гэж бодох болов. Хүн амьдралынхаа учир утгыг ухаарахаа байсан, нийгэм нь юуг, яаж хэрэгжүүлэхээ мэдэхээ байж, философигүй яваад ирэхээр алдаа нь ихэсдэг юм байна.
Хүмүүс ямар нэг аргаар мөнгөтэй болъё л гэсэн бодолтой, философи нь ахуйн хүрээнд, нийгэм нь сонгоод л, солигдоод л, амлаад л байх ёстой гэсэн гүн ухаантай болчихож. Миний бага сага гадарладаг салбар боловсрол. Өнөөдөр (есдүгээр сарын 21) багш нар ажил хаяж байна. Зөвтгөх, бас буруутгах талтай.
Манай ерөнхий боловсролын сургууль төгсөж буй нөхөд их, дээд сургуульд оюуны цар, сэтгэн бодох чадвар, хүнийхээ хувьд төлөвшил нь ямар ирж байгаа билээ. Тиймээс оюутнуудад хичээл орохдоо эхлээд “Би хэн бэ гэдгээ ойлго” гэж хэлдэг юм. Одоогийн залуус хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлд дарагдсан. Энэ мэдээллийг эмхэлж, цэгцлэх чадамж, цаг зав тэдэнд алга.
-Өнөөдрийн Монголд болж буй үйл явц дэлхийн хүн төрөлхтний туулсан зам. Бид түүхэндээ капиталтай байгаагүй. Бүсэндээ хэт хутгатай, өвөртөө хөөрөгтэй, хэдэн малтай хүнийг баян гэж ойлгодог байв.
Хөрөнгө шүтээд бид 20-иод жил болж буй ч хүн төрөлхтний хөрөнгөжих зовлонг хурдан туулж байна гэж боддог. Хөрөнгөтэй нэгэндээ дургүй байх энэ үйл явцыг яаж өөрчлөх бол?
-Аливаа нийгмийн шинэчлэл гэдэг заавал орон зай, цаг хугацаа шаарддаг. Монголд иргэн хүн төлөвшүүлэх нь гол асуудал байх. Ардчилал, зах зээл гэдэг том тогтолцоонд бид амьдрах арга, эрдэм боловсрол, ёс суртахууны хувьд жижигдээд байгаа юм.
Бид хязгааргүй эрх чөлөөг сонгосон. Үүнээс болоод либерализмын гол үндсийг ямар нэг аргаар хөрөнгөтэй болох гэж буруу ойлгочихсон. Угтаа бол шударга аргаар хөдөлмөрлөж хөрөнгө олох юм шүү дээ.
-Шударга арга гэдэг нь хуульд заасны дагуу гэж үү?
-Шударга гэсэн ойлголтыг хүмүүс харилцан адилгүй тайлбарлаж болно. Гэхдээ үүнийг зангиддаг зүйл нь хууль. Түүнээс биш, өөрт өгөөжтэйг шударга гэж ойлгож болохгүй. Хууль бол шударга ёсны гол хэмжүүр. Үүнээс шударга иргэн бий болох юм. Одоо манай улсад хууль, эрх зүй боловсруулж, батлуулж буй хүн нь, дагаж мөрдөж байгаа иргэн нь шинэ, залуу байна. Гэхдээ хуулиа биелүүлдэг иргэнтэй болчихвол энэ хүндрэлийг даван туулах юм.
Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн засаглал тогтооно гэсэн үг. Ийм иргэнтэй болоход урт хугацаа шаардана. Манай улс хүн амын хувьд их эмзэг. Энэ нь ажилгүй, ядуу гэсэн үг биш. Мэдээлэлд их эмзэг. Хүн амын 70 гаруй хувь нь 0-30 насныхан. Оюун санааны төлөвшил олоогүй, амьдралын туршлага багатай, юмс үзэгдлийг системийн түвшинд харж чаддаггүй үе гэсэн үг.
Энэ үеийнхэн “сонирхолтой” гэж буй мэдээллийг соргогоор хүлээн авч, түүнийг үнэн гэж бодон, удирдлагаа болгож байна. Ийм үеийнхэн хаашаа ч, юу руу ч явж мэднэ. Тиймээс хамгийн эмзэг гэж хэлж байгаа юм. Гэхдээ бид хөгжиж, урагшилж байна.
-Хуулиа даган мөрдөж, шударгаар амьдрах гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ бид нүүдэлчин соёлтой, хуулийн доор амьдарч сураагүй, дураараа ард түмэн. Тэгвэл эсрэгээрээ хуулийн доор иргэдээ засаглаж чадаж байна уу?
-“Хүн байх ухаан” гэдэг номоо ямар учиртай бичсэн гэхээр хүн ганц талтай амьтан биш. Шашин шүтлэгтэй, улс төрийн үзэл бодолтой, эрх зүйн тодорхой ойлголттой, гоо сайхны үзэл таашаалтай, эдийн засгийн хэрэгцээтэй олон талын амьтан. Би оюутнуудад “Бид өөрсдийгөө бүтээх хэрэгтэй, гаднаас юм хүлээх хэрэггүй” гэж хэлдэг. Хэтийдсэн эрх чөлөө, дур зоргоороо байдал биднийг нураагаад байна. Өөрийгөө нураагаад байгаа хүн юм бүтээнэ гэж байхгүй.
Бидний үед марксист үзэл суртал бүхнийг чиглүүлдэг байлаа. Тэнд сайн, муу юм, сахилга бат байсан. Ганц хуулиар иргэдээ засаглах биш, хүний төлөвшилд шашин их өгөөжтэй. Гэтэл манайд шашин нь бизнес болчихлоо. Шашны философийг ойлгохгүйгээр зан заншлыг нь дагаад эхэлбэл мухар сүсэг болдог. Гүн ухааныг нь баримтлаад явбал гэгээрэлд хүргэнэ. Шашин гэрэл, сүүдэртэй нийгмийн үзэгдэл. Нэг бол гэгээрнэ, үгүй бол мухар сүсэгтэн болно.
Бид харин мухар сүсэг тал руу явчихсан. Дараа нь ёс суртахууны асуудал яригдана. Манай урлаг, соёл ямар түвшинд байгаа билээ. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуай 2000 оноос хойш Монголд 500 орчим уран сайхны кино хийгдсэн талаар ярьсан. Жилд дунджаар 30 гаруй кино бүтээсэн ч хүний үзэл, хүмүүжилд цэг тавимаар бүтээл гарав уу гэж оюутнуудаас асуухаар нэг л олигтой юм хэлж өгөхгүй байна.
Хамгийн хүчтэй урлаг кино ийм түвшинд хүрчээ. Мөн уран зохиол явж өгөхгүй байна. Хүний хөгжлийн олон тал ингэж нурж байхад ганц эрх зүй, хуулиар зүтгүүлээд өөд нь татаж чадахгүй.
-Зарим хүн Монгол буддын шашинтай учраас хөгжихгүй байна гэж ярих болж. Тухайлбал, БНСУ бурхны шашинтай, бөөгийн мөргөлтэй байсан. Гэтэл тус улсын хөгжилд 1960-аад оноос христийн шашин хүчтэй нөлөөлсөн гэдэг.
Бид буддын сургаалаар хэт хүлцэнгүй, номхон байгаа юм биш үү гэцгээх юм. Үүнд Та юу хэлэх бол?
-Нүүдэлчин монголчууд бид аливаа зүйлийг олонхоороо хялбарчилж хүлээж авдаг юм шиг санагддаг. Өвс яагаад ургахгүй байгаа нь чухал биш, бэлчээрээ сэлгэчих учраас. Үүн шиг буддын шашнаас зан заншил талыг нь хялбарчилж авсан. Хоосон чанар гэдгийг ойлгож байгаа нь хэд билээ. Шашны гүн ухааныг нь ойлговол бид нүгэл хийхгүй.
Дээхнэ үед “Вопрос философии” сэтгүүлд буддын шашинтай улс орон хоцрогдож байна гэж бичсэн нь бий. Ингэж үзэх талтай. Бясалгал, дотоод ухааныг нь авч үзэхээр буддын шашин прагматик бус, сэтгэлгээнийх гэдэг нь гарцаагүй.
Энэ нь хөгжилд саад болж буй мэт зарим хүнд ойлгогдож, ийм сэдэл өгч байж болох юм. Хөгжлийн гол суурь нь сэтгэл оюунд л хуримтлагдаж байх ёстой юм шиг.
-Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг багаас нь юугаар хоолоо олж идэхийг зааж чиглүүлдэг байх нь чухал. Намайг ХБНГУ-д мастер хамгаалж байхад герман найзууд минь хүүхдүүдээ дээд сургуульд оруулах гэж зүтгэлгүй, өөрийнхөө хийж чадах зүйлийг л хий гэдэг байсан.
Манайд болсон, болоогүй дээд сургууль олон. Тухайн үедээ хэрэггүй гэж ад үзсэн ТМС буюу одоогийн МСҮТ хамгийн эрэлттэй болжээ. Монголдоо ТМС төгсөж, дээврийн төмөр янзалдаг байсан найз минь АНУ-д компани байгуулсан юм. Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн ах нь дүүгийнхээ жолооч, эгч нь нягтлан бодогчоор нь ажиллаж байна. Тэгэхээр дээд боловсролтой байх нь амьдралын хууль биш гэдгийг ойлгоосой.
Өөр нэг хаягдсан зүйл нь ном. Ном уншдаг хүн нүдний гэм байсан бол сүүлийн 3-4 жилд номын дэлгүүрүүд хүний хөлд дарагдах болж. Буцаад зөв эргэлтэд орж байх шиг. Тийм үү?
-Хүн ер нь том алдаж байж ухаардаг юм болов уу гэж боддог. Үндэстний хувьд ч ялгаагүй. Тэгэхээр ном уншдаг болж байгаа нь алдаагаа ухаарч буй хэрэг. Хүмүүс номыг шуудай шуудайгаар авч байгаа гэхэд хилсдэхгүй. Ингэж худалдан авч буй нь сайн эхлэл. Дараа нь уншдаг, уншсанаа ухаардаг, ухаарснаар хүн болдог үе шаттай. Энэ үе шат хурдан байгаасай гэж бодох юм.
-Бид хөрөнгө шүтсэн нийгэмд маш хурдан дасаж байна уу гэж хардаг. Хөрөнгөтөн орнууд 200-300 жил зарцуулсан байхад бид 27 жилд чамгүй суралцжээ. Сүүлийн үед залуус хөдөөний хүнийг ОРК гэдэг болж. Ямар сайндаа Эрдэнэтэд машины “ОРК” гэсэн дугаар гарсан чинь авах хүн олдохгүй байх вэ. Та ер нь хот, хөдөөгийн соёлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Суурин газар хөгжөөд ирэхээр хот, хөдөөгийн ялгаа гарцаагүй гарна. Амьдралын хэв маяг, хэрэглээ нь өөрчлөгдөнө. Аль ч улсад хот, хөдөөгийн үзэл байдаг байх. Монголчууд цөөхөн учраас үзсэн юм багатай, түүнээсээ болоод нэгийгээ адлах юм. Манай гэр бүлд ч гэсэн соёлын ялгаа бий шүү дээ. Би ганцаараа хөдөөнийх учир цөөнх болж байгаа юм.
Хөдөөний хүнд хүн чанар, нэгийгээ үгүйлэх, эх нутгаа хайрлах сэтгэл илүү гүн байдаг болов уу. Бид нэгнийхээ сайн зүйлийг өөрийн болгон авах ухаан дутаад, юм болгоныг өөнтөглөдөг зантай болж. Тиймээс залууст ном сайн унш гэж хэлдэг. Хамгийн дээд боловсрол бол уран зохиолын сайн ном унших гэж боддог юм, би.
Оюутнуудад зориулж “Достоевский ба хүний асуудал” гэж ном бичсэн. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Төрийн думд дунд сургуулийн сурагчдад юу уншуулах вэ гэсэн хэлэлцүүлэг болж байв. Зарим гишүүн нь “Достоевский, Толстой хоёрын бүтээлийг уншуулахаа болье, дэндүү хүнд юм” гэхэд дэлхийн бахархлаа уншуулахгүй байж болохгүй гэж шийдсэн гэдэг.
Тиймээс монгол залуустаа зориулж Достоевский гэдэг хүнийг таньж мэдэж, бүтээлийг нь уншиж ойлгох хөтөч маягийн ном бичив. Эхлээд хялбаршуулсан ном зохиол унш, хорхойс. Дараа нь Достоевский, Толстойн бүтээл рүү ор гэж залууст хэлдэг. Чиний уншсан хамгийн сонирхолтой ном чинь юу вэ гэж оюутнуудаас асуухад гурван жилийн өмнө нэг хүүхэд “Өвгөн, тэнгис хоёр” зохиол уншсан, “Шуналтай өвгөн загас барих гэж яваад сүйрдэг шүү дээ” гэж байна.
Энэ жил хоёр оюутан Гётегийн “Фауст”, Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”-ыг уншсан гэв. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг сайн ном руу чиглүүлдэг болмоор байна. Философи яаж ойлгодог болох вэ гэж оюутнууд их асуудаг. “Уран зохиолын сайн ном унш. Тэр чинь чамайг аяндаа хөтөлнө” гэж хариулдаг.
-Социализмын үед реализмын гүн утга агуулгатай кино гарч байсан. Тухайлбал, “Тунгалаг Тамир” киног тайлбартай гаргамаар санагддаг. 70 жил социалист ухамсартай явсан. Үүнийг давтан гаргаад байгаа нь сэтгэлгээний хувьсгалыг хойш татах хүчин зүйл болоод байх шиг. Хөрөнгөтэй хүнийг үзэн яддаг болж. Кино хүний сэтгэл, оюунд шууд нөлөөлдөг гэдэг. Шинэ үеийн, чөлөөт зах зээлийн урлаг ямар байх ёстой гэж боддог вэ?
-Хөрөнгөтэй хүнийг хялайж харах үзэл байна. “Bloomberg” телевизээр гарч буй “Америкийг бүтээсэн эрхмүүд” киноноос харахад гурав, дөрвөн үеийн дараа л хөрөнгөжиж байгаа юм. Харин манайхны хөрөнгөтэй нөхөд богино хугацаанд хөлжиж байгаа нь хүмүүсийн зэвүүцлийг төрүүлж, шударга бус санагдаж байж болох юм. Хоёрдугаарт, манайхан хөрөнгөтэй хүнд дасаагүй. Урлагийн бүтээлийг үзээд өнгөрөх бус, дараа нь ямар нэг хэмжээнд ярилцлага, шүүмж өрнүүлж байвал өгөөжтэй.
-Та социалист нийгмийг яс махандаа шингэтэл мэдэрсэн хүн. Социализмаас ардчилал, зах зээл рүү орох 20-иод жилд бид энэ ухамсраа гээж чадсан уу?
-Нийгмийн ухамсарт үлдэж хоцордог том үзэгдэл байдаг юм байна. Социализмын үзэл санаа бол бидний үеийхэнд байна, биднээс ахмад үеийнхэнд бүр ч хүчтэй бий. Үүнээс болж өөртэйгөө зөрчилдөнө.
Боловсролыг үнэгүй олгож, эрүүл мэнд, дэг журам ямар сайхан байв гэсэн хандлага одоо ч байсаар. Уламжлал гэдэг музейд дэлгэсэн эд өлгийн зүйл биш, хүн өөрөө уламжлал тээгч юм. Тиймээс үзэл санаа тээгчдийн тоо цөөрснөөр энэ ухамсар гээгдэх болов уу.
-Хэвлэл мэдээллээс харахад хөгшид ядарсан, хэцүү байна гэж их ярих юм. Хөдөөний хөгшинд 20000 төгрөг өгөхөд тэр хүн мөнгөний масштабыг мэдэхгүй, ямар их мөнгө вэ гэж боддог бол хотын иргэн 20-хон мянга гэж ханддаг.
Хөдөө амьдралын философи их байхад хотод тухайн зүйлийн үнэ цэнэ гэхээс илүү эд мөнгийг чухалчилж байна. Ер нь ном их уншсаны үр дүн хэзээ гардаг юм бэ?
-Амьдралын хөтөч болсон заавар, зөвлөгөөтэй ном байна. Үүний үр дүн нь тэр даруйдаа гарч болно. Уран зохиол, философийн номын үр өгөөж удаан хугацаанд хуримтлагдаж, амьдралд ашиг тусаа өгдөг. Хүн болно гэдэг номын хуудас эргүүлэхтэй адил ч юм шиг.
Өдөрт хэдэн хуудас уншдаг, заримдаа гацаж орхидог. Ингээд бодохоор хүн байна гэдэг насны эцэст л шийдвэрлэгддэг юм биш үү. Ном уншихад дэс дараалал гэж бий. Эхлээд хавтас, өнгө будаг, бүлгийг нь үзээд тавьчихдаг, тэгж байгаад оршлыг нь уншиж, гарчигласны дараа л сэдэл төрж уншина гэхээс нэг амьсгаагаар бөөнддөг юм биш.
-Би оюутнуудад “Ном уншихын тулд эхлээд цүнхэл. Мөр чинь өвдөнө. Бие чинь зовж байж тархи руу чинь юм орно” гэж хэлдэг. Хичээл эхлэхийн өмнө оюутнуудын цүнхийг өргүүлдэг юм.
Охид гоё чамин цүнх гаргаж ирэхээр “Та оюунтан хүн үү, оюу тана уу” гэхэд зарим нь юм бодно. Том тор бариад ном хийгээд явж бай гэдэг. Нийгэм өөрөө идеалтай байх ёстой юу?
-Нийгэм, хувь хүнд идеал байх ёстой гэж үздэг. Нийгэмд идеал байж хувь хүн түүнийг дагана. Хувь хүн идеалтай, нийгэм идеалгүй байна гэдэг бүтэшгүй.
Хүн өөрийгөө чадварынхаа хэрээр бүтээе л дээ. Өөртөө тохирсон ажил мэргэжил сонго, түүнийгээ л сайн хий. Өөрийгөө тань, өөртөө үнэнч бай, түүгээрээ амьдар.
-Мэргэжилдээ үнэнч, өөрийгөө олсон нь таны гавьяа юу?
-Миний эргэн тойрны хүмүүсийн гавьяа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 1967 онд цэргийн сургуульд элссэн. Оросын цэргийн академид суралцаж, философчийн мэргэжил эзэмшсэн.
Уран зохиол унших сонирхолтой байлаа. Жаахан гадарладаг гэх юм уу, энэ мэргэжилдээ үнэнч.
-Хувь хүний идэвх чармайлт, шантаршгүй зориг, хүсэл тэмүүлэл амжилтын үндэс гэж ойлгодог. Хамт олны гавьяа гэж хэлдэг нь социализмын хэв шинжээсээ салаагүйн илрэл гэлтэй. Ер нь ахмадаасаа суралцах, үгийг нь сонсох шаардлага байна уу?
-Ахмадаас сурах юм байна, хаячихмаар ч юм байна. Төрдөө л ажиллаж байна, төр намайг үнэлсэнгүй гэж бусдад, нийгэмд туньж амьдрах нь туниа муутай хүний шинж. Автобусанд ороход залуусын олонх нь суудал тавьж өгч байна.
Зарим ахмад “Чи над шиг наслахгүй биш” гэж ирээд загнах юм. Суудал тавьж өгөх, эсэх нь хүний эрх шүү дээ. Нэг хүүхэд “Би мөнгөө төлөөд явж байгаа” гэж айхтар үг хэлсэн. Өнгөнөөс нь харахад хачин увайгүй мэт боловч “Надад суудал тавьж өг” гэж шаардсанаар бид хүндээ хөнгөнөөс өгч байгаа юм. Ахмадууд бид хүндлүүлэхүйц, ухаантай, буурьтай, юм үзсэн хүн шиг байж залуусын алдааг уучилдаг баймаар байна.
Тэмдэглэсэн Ч.БОЛОРТУЯА