Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 66 хувь нь өдөр тутам ундаа, жүүс хэрэглэдгээс 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа голдуу сонгодог болох нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс саяхан хийсэн “Сурагчдын эрүүл мэндийн зан үйл” сэдэвт судалгаагаар тодорхой болжээ. Үүнтэй холбоотойгоор тус төвийнхөн нийслэл, орон нутаг дахь ерөнхий боловсролын бүх сургуулийг эрүүл, зөв хооллолт, зан үйлийг сурталчилж, түгээхийг уриалсан юм. Орхон аймгийн 18 дугаар сургуулийнхан энэ санаачилгыг нэн түрүүнд дэмжин, хэрэгжүүлж эхэлжээ. Сургууль доторх болон ойр орчимд буй цайны газар, дэлгүүрүүдэд энэ төрлийн ундаа заруулахгүй байхад сургуулийн удирдлага санаа тавьж байгаа бол сурагчид, тэдний эцэг, эхэд багш нар нь “хичээл” зааж буй гэнэ. Хийжүүлсэн ундаа нь чихрийн шижин, зүрх судасны эмгэг, хорт хавдар зэрэг олон өвчний гол шалтгаан болдгийг эцэг, эхчүүд мэддэг ч сурагчид, тэр дундаа бага насны хүүхдүүд төдийлөн мэддэггүйгээс үүнийг сонгох нь элбэг. Тиймээс хийжүүлсэн ундааны хор уршгийг нь хүүхдүүдэд ойлгуулахыг тус сургуулийнхан чухалчилж байгаа аж. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ИНХ-ын төлөөлөгчид үүнийг нь сайшааж, 18 дугаар сургуулийн 560 сурагчийн амин дэмийн нэг өдрийн хэрэглээг нь хангажээ.