Хэдхэн хоногийн өмнө болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн аваргын алтан медалиа ихэрлүүлсэн Гавьяат тамирчин Ганбатын Болдбаатартай ярилцлаа. Сүүлийн дөрвөн жил дараалан ДАШТ-ий медалийн төлөө барилдаж, монгол түмнээ баярлуулсан Гавьяат маань эх орондоо ирээд хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.
-Та Риогийн олимпын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2017 онд дэлхийн аварга цолоо батламаар байна” хэмээн өгүүлсэн удаатай. Зорилгодоо хүрч чадсангүй гэх харуусал, ДАШТ-ий хос медальтай боллоо гэх бахдалын аль нь танд илүү төрсөн бэ?
-Юу гэж хүрэл медалиа голох вэ. Зөвхөн ялж байж хүртдэг болохоор бүр сайхан, амттай байдаг юм. Тэр хэрээрээ үнэ цэнэтэй. Шигшээд шалгарах мөчид “За ялвал алт, дийлдвэл мөнгөн медаль хүртэнэ” гээд сэтгэл арай тайван зодоглодог. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдвал ямар ч өршөөлгүй. Монголын 60 кг-ын хүчтэнүүд дэлхийд алдартай. Тэднийгээ төлөөлөн, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшинтэй хамт дэлхийн дэвжээнд хүч сорин, медалийн буухиаг нь үргэлжлүүлсэндээ баяртай байна.
Будапештын дэвжээ бидэнд ивээлээ харамгүй хайрлаж, зургаан тамирчин медаль хүртэн, амжилтын арвин “ургац” хураалаа. Дэлхийн хоёр аварга (Д.Сумъяа, М.Уранцэцэг)-тайгаа хамт хос медальтан болсон нь тодотгохгүй байхын аргагүй амжилт. Хамгийн хөнгөн жин болохоор тэмцээний эхний өдөр М.Уранцэцэг, Д.Амартүвшин бид гурав барилдлаа. Тааруу амжилт гаргавал бусад тамирчнаа сэтгэлээр унагаах гэмтэй. Эсрэгээрээ өндөр амжилт гаргавал бусад маань урам авдаг, сэтгэл санаа нь сэргэдэг. Тиймээс тэр хэрээрээ том хариуцлага үүрлээ, бид гурав. Мөнгө, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг бид хоёрын амжилт булган сүүлтэй байж араасаа дөрвөн медальтан дагуулсандаа бэлгэшээж байна.
Нэг жил ДАШТ-ээс дэлхийн хоёр аварга хоёр дахь медалиа хүртэн, Д.Сумъяа 2015 онд хүрэл медалиар энгэрээ мялаасан амжилтаа ахиулж, олимпоос мөнгөн медаль хүртсэн “шарх”-аа дэлхийн дэвжээнд нөхөн, түрүүлсэн нь яахын аргагүй ховор тохиолдол. Үүний сацуу монгол түмний хайртай хүү, нутгийн маань ах Н.Түвшинбаяр аварга олон жил хүсэж, мөрөөдсөн медалиа хүртсэнд сэтгэл бүр ч их хөдөлж байна.
Төрмөл бөх гэж түүнийг л хэлэхгүй бол өөр хэнийг онцлох билээ. Шинэ олимпын мөчлөгт олон сайхан залуу тамирчин торниж буйд олзуурхаж байна. Ирээдүйд юм дуулгахаа баталж, Б.Мөнгөнчимэг хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Аяны дөрөө мултлан, эх орондоо хөл тавихад аав, ээж хоёр минь хаа байсан Булган аймгаас зорин ирж, гэр бүлийнхэн, найз нөхөд тосоод сайхан байна аа.
Хоёр буурал минь Хангал суманд мал маллаж амьдардаг. ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордоход аав “Миний хүү чадна аа. Монгол хүний зовхи өөдөө. Бусдаас дутах юм миний хүүд байхгүй. Өөртөө л итгэ” гэж захисан. Намайг хүрэл медаль хүртэхэд бөөн баяр болж, хурдхан ирж тосъё гээд маргааш нь хадландаа гарсан гэнэ лээ. “Аав нь хүүдээ яараад хадлангаа тавхан хоногийн дотор шожигнуулчихаад ирлээ” хэмээн нүдээрээ инээсээр угтсан.
-Хэсгийн аваргын төлөө олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Урозбоёвтой барилдсан. Та түүнтэй өмнө нь гурван удаа барилдахдаа бүгдэд нь ялсан. Дийлээд сурчихсан бөхтэй учраа таарлаа гээд тайвширсан тал бий юү?
-Би том, жижиг ямар ч барилдаанд зодоглохдоо өрсөлдөгчтэйгөө хийсэн өмнөх барилдаан, ялалт, ялагдалдаа ер ач холбогдол өгдөггүй. Тухайн барилдаанаас хойш бэлтгэлээ хэрхэн базааж, ур чадвар нь яаж ахисныг таах аргагүй учраас тэр. Уг нь дахиад ялна гэдэгтээ итгэлтэй байсан ч хаашдаа дийлнэ хэмээн юу гэж тайвшрах вэ. Гартаа тун эвгүй өчүүлээд ялагдлаа. Хүний хийж дадсан дархан мэх тийм аюултай.
Тэр өмнөх тойрогт А.Папинишвилийг ч бас өчөөд дийлсэн. Д.Урозбоёв Риогийн олимпын наадмаас хойш ганцхан тэмцээнд оролцчихоод Будапештын дэвжээнд өрсөлдөн, надтай хамт хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
-Та өмнө нь ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хоёр удаа барилдан, дийлдсэн. Ер нь гуравдугаар байрын босго өндөр байлаа.
Хоёр ч удаа тавдугаар байрт шалгарсан амжилтаа ахиулахын төлөө Чехийн бөх Павел Петриковтой барилдахын өмнө дахиад өвдөг шороодох вий гэх айдас байв уу?
-Дэлхийн дэвжээнд хоёр ч удаа медалийн оосроос атгаад алдсандаа харамсалгүй яах вэ. Хэдийгээр П.Петриковыг ДАШТ-ий өмнө болсон Хөх хотын гран прид ялсан ч түгшиж байсан шүү. Уг нь хүн чинь алдаагаа давтахгүй байхыг хичээдэг биз дээ. Гэтэл би хоёр удаа бүдэрчихсэн (инээв). Энэ удаа гурав дахь боломжоо яасан ч алдахгүй гэж өөрийгөө хурцлаад зодоглосон.
Би хүрэл медаль хүртэхдээ нийт зургаан удаа барилдан, ихэнхид нь цаг сунгаж, өрсөлдөгчөө өвдөг шороодуулсан. Энэ жил сугалаа их хатуу таарлаа. Манай хэсэгт олонх шилдэг бөх чихэлдээд ёстой “алаан” боллоо.
-Энэ жил УАШТ-д жин өгсөн 66 кг-д барилдсан ч амжилт гаргаж чадаагүй. ДАШТ-ээс өмнө зорилгодоо хүрэх хэмжээнд өөрийгөө ирлэж, хурцалж амжсан уу?
-Дэлхийн дэвжээнд дахин түрүүлнэ хэмээн зорилгоо тодорхойлоод, хөдөлмөрлөсөн болохоор тэмцээнээс өмнө бэлтгэлээ сайтар хангахаас гадна, бие, сэтгэлээ ирлэж, хурцлахгүй бол амжилт гаргаж чадахгүй. Ер нь хошой аварга болно гэх итгэл дүүрэн Унгарыг зорьсон шүү. Бэлтгэлийн ачаалал даах чадвар бүр нэмэгдээд, хэчнээн хүнтэй барилдсан ч ер ядарч, цуцахгүй байсан юм.
Манай шигшээ багийнхан ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ “Олимп”, “Говь ресорт” цогцолборт базаалаа. Би ер нь 6-7 кг хасаж барилддаг. Энэ жил УАШТ-д жин хасаж, ядраад яах вэ гээд 66 кг-д өрсөлдөн, найз Д.Алтансүхдээ дийлдсэн.
-Та Лондоноос Риогийн олимпын мөчлөгт амжилтын арвин “ургац” хураан, дэлхийн аварга болж, хүрэл медалийн оосроос хоёр удаа атгаад алдан, өнгөтэй байсан. Гэвч таныг бус, залуу жүдоч Ц.Цогтбаатарыг сойход хүнд байсан уу. Тэр сонголтын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Олимпод оролцох жүдочдын нэрийг зарлахаас өмнө намайг сонгох болов уу гэх итгэл байсныг нуугаад яах вэ. Лондоноос Риогийн олимпын мөчлөгт ДАШТ-д гурван удаа медалийн төлөө барилдаж, дөрвөн жилийн хугацаанд дэлхийн чансааг тэргүүлж, аман хүзүүдсэн нь чухал үзүүлэлт болох байх гэж найдаж байлаа. Монголын жүдо бөхийн холбооныхон, дасгалжуулагч нар зөвлөж байгаад Ц.Цогтбаатарыг олимпод оролцуулахаар шийдсэн.
Мэдээж тамирчин бүхэн олимпод зодоглохыг мөрөөддөг. Би ч бас тэгэхийн төлөө л төдийгөөс өдий хүртэл хөдөлмөрлөж байна. Надад хэчнээн хэцүү байсан ч холбооныхоо удирдлага, багш нарынхаа шийдвэрийг хүндлэлгүй яах вэ. Риогийн олимпод Цогтоогийнхоо бэлтгэлийг хангалцан, боломж бололцооныхоо хэрээр тусалж дэмжин, зөвлөгөө өгөөд мордуулсан даа.
Цогтоо “Рио-2016” олимпын дэвжээнд БНСУ-ын бөх Ким Вон Жинд дийлдсэн. Би 2015 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд солонгос жүдочид ялагдаж байсан болохоор юу хэлэх вэ дээ. Дэлхийн дэд аварга Д.Амартүвшин гавьяаттай хамт Монголын 60 кг-ын нүүр царай болж, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Д.Нармандах багшийнхаа үргэлжлэл болж яваагаараа бахархдаг.
Энэ жил манай жинд залуу жүдоч Ж.Амарболд түрүүлсэн. Бидний залгамж халаа болохуйц залуу тамирчид торниж, түрүүчээсээ чамлахааргүй амжилт гаргаж байгаа ч олимп, дэлхийгээс медаль хүртэх хэмжээнд хараахан хүрээгүй л байна.
-Бөхийн хорхойтнууд таныг “Рио-2016” олимпын дараа зодог тайлах вий гэж эмээж байгаа нь анзаарагдсан. Та ер нь зодог тайлах талаар бодож байсан уу?
-Хүмүүс надаас энэ талаар их асууж байна. Би энэ жил ДАШТ-ээс медаль хүртсэн нь “харих” болоогүй, харин ч өнгөлөг байгаагийн илрэл болов уу. Одоо зодог тайлах талаар бодох цаг яавч биш. Би “харих” болоогүй, олимпоос медаль өвөртлөх том зорилго өмнө минь байна. Түүндээ хүрсний дараа л энэ талаар бодож магадгүй. Би 2007 онд улсын аварга болсноосоо хойш олон улс, тив, дэлхийн дэвжээнд хүч сорьж байна.
Өнөөгийн амжилтаа хэр удаан хадгалах нь зөвхөн миний хичээл зүтгэлээс л шалтгаална. Ер нь нас бол тоо шүү дээ. Монгол хүн 25-27 настайдаа ид амжилтаа гаргаж эхэлдэг. Япон, солонгос бөхчүүд залуудаа амжилт гаргадаг ч хэдхэн жил барилдаад зодог тайлчихдаг. Харин бид эсрэгээрээ. Би л гэхэд японы бараг дөрөв дэх үеийн бөхчүүдтэй барилдаж байна.
Энэ жил шигшээ багийнхаа ахлагчаар томилогдсон. Одоо бараг хамгийн ахмад настай нь болж байгаа. Зөвхөн амжилт гаргаж юм уу, бэлтгэлийн үеэр бус бусад үед ч залуу тамирчдадаа зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээж явдаг.
-Та Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Оршихын удирдлагад жүдо бөх заалган, амьдралаа холбоод 16 жил болж байна.
С.Ням-Очир гавьяат “Өдий хүртэл уйгагүй хөдөлмөрлөчихөөд олимп, дэлхийн хүрэл медальтай гэж бодохоор чамлалттай санагддаг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа сэтгэл дундуур өгүүлсэн байдаг. Харин та ДАШТ-ий алт, хүрэл медалиа чамладаг уу, эсвэл...
-Хүний зорилго, хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Тамирчны амжилт ч бас адилхан. Ур чадвар нь өсөхийн хэрээр зорилгоо үргэлж ахиулж байдаг. Дэлхийн аварга боллоо гэхэд олимпоос медаль хүртэх юм сан гээд л. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэн, хос медальтан болно гэдэг хэн дуртай аавын хүүд олдох хувь биш. Тиймээс юу гэж чамлах вэ. Чангаас чанга атгалгүй яах вэ. Надад олимпод зодоглох боломж зөндөө байсан. Одоо ч тэгэх боломж байгаа нь мэдээж. Олимпын эрхийн оноо хангалттай цуглуулж, улсаа төлөөлөн оролцох боломж гарна гэж найддаг.
-Аав тань залуудаа чөлөөт бөхөөр барилддаг байсан бил үү?
-Тийм ээ. Их спортоор хичээллэдэг байсан нь намайг жүдоч болоход нөлөөлсөн. Эцэг, эхээрээ бахархахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Тэднийхээ ачийг өчүүхэн ч болтугай хариулах сан гэж хичээж явдаг. Би эхээс гурвуулаа, айлын дундах нь. Булган аймгийн Хангал суманд төрсөн намайг бага байхад манайх Орхон аймагт шилжиж очсон юм. Долдугаар ангид сурч байхдаа буюу 2001 онд Түвшинтөгс гэдэг найзынхаа хамт Бат-Орших багшийн удирдлагад жүдогоор анх хичээллэж байлаа.
-Ямар үед монгол хүн болж төрснөөрөө хамгийн их бахархдаг вэ?
-Тэмцээнд оролцож явахдаа цөөнгүй улсад очоод байна. Өдий хүртэл эх орноос минь сайхан газрын диваажинг хаана ч үзээгүй. Тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа монгол хүн болж төрснөөрөө хамгийн их бахархдаг. Энэ жил Д.Сумъяа маань урамтай түрүүллээ. Жүдогийн дүрмийг шинэчилснээс хойш 13 минут үргэлжилсэн тийм хүнд барилдаан би лав үзээгүй. Маш их хөдөлмөр, тэвчээр гарган байж аваргаллаа.
-Булган аймаг айргаараа алдартай. Бэлтгэлийн хажуугаар нутагтаа очин, айраг цагаа уух зав чөлөө хэр гардаг вэ?
-Боломж л гарвал нутагтаа очин, айраг уух юм сан гэж боддог юм, уг нь. Ёстой сайхан шүү. Даанч төдийлөн амжихгүй юм аа. Булган аймгийн Сайхан, Могод сумын айраг улсдаа алдартай. Манай сумын айраг ч дутахгүй ээ. Харамсалтайгаар ялагдах ч юм уу, бэртэл гэмтлийн улмаас сэтгэлээр унах, шантрах тохиолдол бишгүй. Тэр бүхэнд гэр бүлийнхэн, найз нөхөд, хань, жүдогийн хамт олон минь намайг үргэлж түшиж, тулдаг. Тэднээсээ улам хичээх эрч хүч авч, хөглөгдөж явдаг хүн дээ, би.
-Багадаа хурдан морь унаж, чамгүй олон айраг, түрүү хүртсэн гэж сонссон. Одоо морь уядаг уу?
-Жижигхэн биетэй байсан болоод ч тэр үү, зөнөг болтлоо зургаан жил морь унасан. Гүндсамбуу гэдэг миний нэг найз байдаг юм. Морь, бөх гэхээр нүдээ өгөхөөс ч буцахгүй. Томоохон тэмцээнд намайг дэмжиж, дээлийн минь захыг мушгин үргэлж хамт явдаг юм. Заримдаа хэзээний дасгалжуулагч хүн шиг тэг, ингэ гээд зөвлөнө. Бас болоогүй ээ, гоомой мэх хийгээд дийлдвэл зэмлэнэ.
Наадам дөхөхөөр найзынхаа морийг хамт уялцан, тэрүүхэндээ бас шинжих гэж оролдоно оо. Миний морь шинжинэ гэж юу байх вэ. Гэхдээ багаасаа адууны захад өссөн болохоор бага сага гадарлана. Моринд нүдтэй хүний дэргэд ингэж хэлбэл онигоо болох байх. Зодог тайлсныхаа дараа морь уяж магадгүй ээ.
-Тамирчид бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд гэр бүлдээ гаргах зав хомс байдаг юм билээ. Ер нь үүнээс болж үл ойлголцол гардаг уу?
-Ээ дээ хэцүү шүү. Би бараг гэртээ бус, жүдогийн тэнхимд “амьдардаг” шүү дээ (инээв). Хань минь намайг маш сайн ойлгодог болохоор л би өнөөгийн амжилтад хүрсэн. Би эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Хүүгээ барилдъя гэвэл дуртай зөвшөөрнө.
Том болоод юу хүсэж, зорих нь уу, тэрийг нь л дагна даа. Хэдийгээр завгүй байдаг ч аль болох гэр бүлдээ цаг гаргаж, аавын, ханийн хайраар дутаахгүй байхыг хичээдэг.
-Удахгүй Н.Түвшинбаяр аваргын улсын заан цолны цайллага Сайхан суманд болно. Та очих уу?
-Очилгүй яах вэ. Далиманд нь нутагтаа очин, сайхан амрах төлөвлөгөөтэй. Ойрд оролцох тэмцээн байхгүй. Дасгалжуулагч нартайгаа зөвлөж байгаад аль аль тэмцээнд оролцохоо шийднэ дээ. Намайг үргэлж дэмждэг Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг, БТСГ, “Эрдэнэт үйлдвэр”, “Хангарьд” спорт хорооны хамт олон, “Хамтын хүч амжилт” уриан доор нэгдэж, төрсөн ах, дүүс шиг эвтэй, амжилтын төлөө зүтгэж яваа жүдогийн тамирчин, дасгалжуулагчид, гэр бүлийнхэн, найз нөхдөдөө баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.