МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Нинжийн Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Ярилцлагаа таныг төвийг сахиж чадах эсэх тухай асуултаар эхэлмээр байна.
УИХ-ын дарга М.Энхболдын шадар гэгддэг, Улстөрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд намынхаа доторх асуудлуудыг ямар нэг фракцын ашиг сонирхолгүй, төвийг сахисан байр сууринаас харж чадах уу? Миний санахад сонгуулийн үеэр хамгийн түрүүнд энэ засаг унах өдрийг тоолж эхэлсэн нь та?
-Аливааг хөндлөнгөөс, төвийг сахисан нейтраль нүдээр харж байх нь л миний ажил. Хэн нэгний талд зогсоод, хэн нэгний нүдээр хараад байвал урагшаа явахгүй шүү дээ.
Энхболд даргатай хамтарч ажиллахад ч миний үүрэг улстөр нийгэмд өрнөж байгаа процессыг эрүүл саруулаар харж, хэрхэн засч залруулах вэ гэж хэлж зөвлөхөд л байдаг. Өнөөдөр ч тэр байр суурин дээрээ л байна. Нөхцөл байдал л өөрчлөгдсөн хэрэг.
-Нөхцөл байдал юу болчихоод байна вэ?
-Нөхцөл байдал юу болоод байгааг ярихын тулд Эрдэнэбат гэдэг хүнийг ярих хэрэгтэй болно. Яагаад энэ кабинетыг огцруулъя гээд байгаа юм бэ? Одоогийн Ерөнхий сайдад намаас хугацаа, эрх мэдэл өгсөн үү гэвэл өгсөн. Энэ хугацаанд олон нийтэд бодлогоор, нам дотор манлайллаар хүлээн зөвшөөрөгдөх ёстой байсан. Эрдэнэбат лидер болж байж Ерөнхийлөгчийн болоод дотоод сонгуулийг авч гарах нь өөрт нь өгөгдсөн гэрийн даалгавар юм.
Гэтэл улстөр эдийн засгийн дорвитой реформ хийх байтугай тогтолцооны гажуудлыг үйлдэл, эс үйлдлээр хамгаалаад, намын даргынхаа ард ороод нуугдчихдаг, өөрт нь олгогдсон хүрдийг хэн нэг сайд нь эргүүлээд яваад байдаг.
Бид чинь уг нь Монгол Улсын хувь заяаг даатгаж, араас нь түшиж явах лидерээ сонгох гээд байдаг. Ингээд хүлээн зөвшөөрөгдөхгүй, ажил явахгүй байхаар чинь хүссэн хүсээгүй машин доголдож байна гэсэн үг.
Нэгэнт Ж.Эрдэнэбат нийгмийн захиалга, намын хамт олны итгэлийг хүлээж чадаагүйн хувьд дараагийн лидерээ хайх нь жам ёсны асуудал гэж харж байна.
-Ингэж ярихаар чинь М.Энхболд болоод түүний бүрдүүлсэн багийг бүдэрсэн дээр нь түлхэж байна гэж харах байх даа?
-Хүн бүр аль нэг фракц, хэн нэг хувь хүнийг бодоод суугаад байвал яах вэ? Өнөөдөр МАН дотор үүсээд байгаа зөрчил Хүрэлсүхийн, Энхболдын, Оюун-Эрдэнийн гэх мэт хувь хүмүүсийн асуудал биш шүү дээ. Энэ бол Монголын улстөр, эдийн засаг, нийгэмд сүүлийн 27 жил шийдэлгүй явж ирсэн асуултуудад хариулт өгөх цаг ирсний л шинж. Бидний маргааш өнөөдрөөсөө хэр өөр байх тухай юм.
-Маргаашаа аль нэг даргын эрх ашиг, намын өрөөнөөс биш нийтийн эрх ашиг талаас харна гэхээр албан үгээр бол хөгжлийн бодлого биз дээ? Одоо Засаг огцруулахаар гарын үсэг зураад байгаа 30 гишүүнд хөгжлийн бодлого байна уу? Сонгуулийн өмнө чимээгүй байсан, төрд бугшсан асуудлын дөнгөж нэг үзүүр болох “60 тэрбум”-аар улстөр хийх төдийд байхаар “хоёрдугаар ээлжийнхэн” л болж харагдаад байгаа юм.
-60 тэрбумын гэх ярианы хувьд өрсөлдөгч намын явуулга гэж би хардаг. Яахаараа гудамжнаас нэг нөхөр супер төлөвлөгөө барьж орж ирээд Ганбаатараар дамжаад Сандуйд наалдчихдаг юм. Тэгээд болоогүй бичлэг хийж зугтаад гаднын тэтгэвэртээ гарсан тусгай албаны ажилтны гэрт очоод хорогдчихдог юм. Би л хувьдаа Сандуй тийм төлөвлөгөө өөрөө хийгээд суусан гэдэгт итгэдэггүй. Мөнгө босгодог америк маягийн загвар байна лээ.
Ер нь манай сонгуульд ил далд гадныхан оролцдог байх. Ашиг сонирхол нь ч, түүнийг гардан хэрэгжүүлэгч нар нь ч явж л байна. Үүнийг ярихаас нэг их жийрхээд байх шаардлага байхгүй биз. Харин ингэж эрээ цээрээ алдаж тусгаар улсын төрийн тэргүүний сонгуульд гаднынхан оролцсон түүх байхгүй. Үүнийг дэвэргэж сонгуулийн кампанит ажил хийгээд ялсан нөхөд бодох л ёстой асуудал. Манайхан үйл явдлыг хөөгөөд алга болох юм. Мөн чанарыг нь, цаад үзэгдлийг нь харах ёстой байлтай.
-Цаад үзэгдэл гэхээр таны хувьд юу харагдаж байна вэ?
-Үе солигдож байна л даа. Гадаад ертөнцөд нөхцөл байдал тэнхлэгээрээ өөрчлөгдөж байна. Францад 39 настай залуу ерөнхийлөгч сонгогдож, парламентад олонх боллоо. Улс орон бүр 90-ээд оноос хойш давамгайлсан либерал догмагаас өөр шийдэл, гарц эрэлхийлдэг дээрээ байна. Манай дотоод нөхцөл байдал ч адил. ХХ зуунд бүтээсэн юмаа хувааж идэж дуусгалаа, одоо яах вэ? Хар зөнгөөрөө, ТВ үзэж өссөн үеийн араас интернетээс уншиж, илүү боломжтой өссөн үе гарч ирж байна.
Нам дотор ч үүнийг ойлгож байгаа. Хуучны арга барил, шийдвэр гаргах процесс болохгүй байна. Одоо л шинэчлэгдэхгүй бол, 21-р зуунтайгаа хөл нийлж явахгүй бол МАН гэдэг түүхэн нам XX зуунтайгаа хамт булшлагдлаа. 2021 онд 100 жилийн ойгоороо дууссан байхаар байна шүү дээ.
-Та МАН-аа хөгжлийн бодлого авч явдаг аппарат болж шинэчлэх “хүсэл”-ээ яриад байх шиг. Үнэт зүйл, өөр сэтгэлгээ нэхсэн эрэлт нийгэмд ч үүсээд байгаа нь мэдрэгдэх боллоо.
Гол асуулт: Тэгээд хэн хийх вэ? Эрдэнэбатын Засгийн газар тэрийг хийх хүсэлтэй болоод үлдэх гээд амь тэмцээд байна уу? Хүрэлсүхэд алсын зорилго, хөгжлийн бодлого байгаад хэрэгжүүлэх боломжийн төлөө тэмцээд байна уу?
-Яг үнэндээ хэнд нь ч алга. Оюутолгойн гэрээг хэн хийсэн, бялуу яаж хуваасан бэ гэдэг шиг одоо ямар гэрээг хэн хийх вэ, хэрхэн хуваах вэ л гэдэг юм явж байна. Монголыг яаж хөгжүүлэх вэ, урагшаа яаж явах вэ гэдгийг хэн ярьж байгаа юм? Эдийн засгийн ашиг сонирхол дээр суурилсан л улстөр л үргэлжилж байна.
Энэ Засгийг аваад үлдье гээд бодъё. Тэгээд асуудал шийдэгдэх үү? Нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөгүй багийн эсрэг зөрчил хурцдах, намын рэйтинг унах, ажил хийдэг хүнгүй болох гэх мэтээр дотоод зовлондоо идэгдсээр байгаад ирэх хавар гэхэд сөрөг хүчний аманд өөрсдөө очиж орохоор дүр зураг харагдаж байна.
Энэ хямралаас нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөгүй лидерээсээ салаад аль болох хурдан гарах ёстой. Эс бөгөөс 2 сарын дараа намын их хурлаар, 6 сарын дараа ахиад л гарч ирж сэдэрсээр хийсэн ажил ч үгүй, шийдсэн асуудал ч үгүй нэг жилийг алдана. Өнөөдөр л гэхэд бүлгийн шийдвэрээ давж, хууль зөрчиж чуулган тарааж улайрч байгаагаас харж болохоор байна.
-Алтанхуягийн Засгийн газрын хувь заяа санаанд ороод байна. Яг л ийм юм болж байсан. Торгоож торгоож, жийлцэж жийлцэж эцэстээ унаад Сайханбилэг гарч ирсэн. Тэгээд Хөтөл, Дархан, Эрдэнэт 49-ийн хувьчлал, энэ тэр замын концесс гээд монопольжилт улам эрчимжсэн.
Одоо бас л адилхан тоглоом яваад байх шиг. АН-ын ч МАН-ын ч засгийг тэсгээдэггүй, бодлогын аппарат ажиллахыг хүлцдэггүй, дүрэмгүй улстөр үүсгэж тэр дунд дураараа мөнгөөр тоглодог өнөө л “бүлэглэл” гэгддэг хүч бодитоор оршиж байгаа юм биш үү?
-Бодитой шүү дээ, Монголын төр хүчгүйдэж, нам тарамдах тусам хэн мөнгөтэй нь дүрэмгүй тоглох боломж үүснэ. Засаглалын хямрал өдөөж, эрх ашгаа гүйцэлдүүлдэг тийм хүч үйлчилж ирснийг одоо ил далд бүгд мэддэг боллоо. Сая өөрийн чинь хэлдэг хувьчлалууд 1990-ээд оноос үргэлжилж ирсэн процессын л нэг өрнөл болохоос шинэ юм биш.
100 жил бүтээснээ купоны, дуудлага худалдааны гээд дүрэмгүй, өрсөлдөөнгүй шударга бус хувьчлалаар цөөнхөд баялаг эрх мэдэл төвлөрүүлж, түүгээрээ улстөр, хэвлэл мэдээллийг худалдаж авч явж ирлээ. Сүүлдээ бүр нэгийг нь орой дээрээ ч заллаа. Монголын ард түмний бүтээсэн өмч, эцэг өвгөдөөс өвлөсөн газрын баялгаас илүүг хүртэж амташсан, сурсан хүмүүст МАН хоорондоо ингэж зөрчилдөж, туйлдаж байвал л ашигтай.
-Ардчилсан нам ч яг ингээд л Тавантолгой тойрч хэрэлдээд, нэгийгээ огцруулаад, нэг хоёрдугаар хүн нь нийтэд биш цөөнхөд үйлчилж байгаад л сонгуулиар унасан. Танай нам яг араас нь явж байна аа?
Тэгэх нь ээ. Ерөөсөө яг нүдний өмнө ирсэн боксын бээлийг л хараад буцааж цохихоос өөрийг бодохгүй байхаар чинь цаана нь явж байгаа нийгэм, нийтлэг эрх ашиг гэх мэт зүйлс хараанаас нь гарчихаад байна л даа. Тэгэхээр чинь аяндаа ард түмнээс дараа нь дүнгээ авдаг тийм л юм болдог.
-АН тэгдэг байж, араас нь МАН орчихоор Монголын эхний бөгөөд сүүлчийн институц сүйрч, ард түмэн, төр эзгүй үлдэх болох нь. Энэ том зургаа, ирж байгаа цаг үеийг харах ухаан ийм олон жилийн түүхтэй намын лидерүүдэд алга гэж үү? Хэн нь жинхэнэ реформ хийчих бол, хэн нь энэ бүхнийг харж байгаа бол, хэн нь лидер бол гэдэг л хамгийн сонин байна.
-Манай намынхан гэлтгүй манай үеийнхэн машины удирдлагыг гартаа авах биш машинд өөрсдөө орж эргэдэг, системийн тоглоом болоод байна л даа. Өнөөг хүртэл МАН хэдэн удаа шинэчлэл хийсэн гэж бодож байна? 1992 оноос эхлээд л Марксизмыг халж Нагаржунайн онол гэгчийг гаргаж ирснээс эхлээд Багабанди, Энхбаяр, Шинэ эргэлт гээ л, таван удаа шинэчлэл хийгдсэн.
Таван удаа шүү. Тэглээ гээд шинэчлэгдэж чадаагүй нь өнөөдөр харагдаж байгаа байх. Нэг юм болохгүй байна аа? Бодлогын хувьд, системийн хувьд, эдийн засгийн хувьд хувьсгалын чанартай өөрчлөлт хийхгүй бол бүр гацаад явахаа байлаа шүү дээ. Чиг хандлагын, зарчмын, бодлогын, бүтцийн суурь реформууд зайлшгүй хийх ёстой. Үүнийг энэ Засаг солигдохгүйгээр хийхгүй гэдгийг харсан учраас л сонгуулийн үеэр тоолуур ажиллуулж эхэлсэн хэрэг.
-Бүгд эрх ашгаа максимумчлах гээд яваад байдаг, эцсийн дүндээ бүгдийг нь нийлүүлээд харахаар багасчихсан байдаг. Одоо харин энэ гарын үсэг зураад байгаа гучаад гишүүн, залуу үе таны хэлж байгаа реформыг хийх болов уу?
-Системийн эсрэг босч байна гэдэг нь өөрөө хамгийн том итгэл найдвар мөн л дөө. Өнөөдөр бий болсон маш том мөнгө санхүү, шүүх цагдаа хэрсэн системийн эсрэг “Үгүй” гэж хэлж чадаж байна, энэ бол улстөрийн том эр зориг, ирээдүй өнгөтэй харагдаж байгаагийн л нэг шинж. Туг барих хүн нь харин цааш нь энэ хүчийг яаж зангидаж, хааш нь манлайлж явах эсэх нь чухал. Одоо тэр хүн нь тодроогүй байхад ийм тийм гэдгийг хэлэхэд эрт боловч.
-Засаг уналаа гэж бодъё. Нэгэнт нэгийгээ чи лидер болж чадсангүй, бодлого хийж чадсангүй гээд халчихвал ийм эгзэгтэй, их өөрчлөлт, эх эрэлтийн цаг үеийг ер нь ямар лидер авч явж чадах вэ гэдгийг хэн нэгний нэр цохолгүйгээр тодорхойлбол? Бусад улсын түүх, ер нь улстөрийн туршлагаас харахад хувьсгалыг, модернизацыг, реформ шиг реформыг ямар хүн хийдэг юм бэ?
-Наадах чинь одоо Эрдэнэбатын дараах улстөрд хамгийн чухал асуулт мөн л дөө. Нэгдүгээрт, гарцаа байхгүй нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, хайрлагдаж хүндлэгдсэн намын лидер байх ёстой юм. Хоёрт, нэгэнт Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүчтэй Үндсэн хуультай улстөрд сөрөг хүчинтэй очоод хүзүү толгой холбочихдог биш зодолдох, сөргөх чадвартай улстөрч байх ёстой. Ерөөсөө түрүүн хэлснээр дүрэмгүй тоглолт хийж дадсан том хүч улстөрд үйлчилж ирсэн учраас түүнийг сөрж тэсэх хүч, зангарагтай овоо гар байхгүй бол дийлэхгүй л дээ.
Гуравт, дэлхий дахин ямар их өөрчлөлт шилжилтийн цаг үеийг туулж байгааг мэддэг, цаг үеийн эрэлт, нийгмийн дуу хоолойг сонсдог, орчин үетэй хөл нийлүүлж чаддаг байх ёстой. Дөрөвт, шавхагддаг баялаг тойрсон зодооноос өөрөөр шинэ эдийн засгийн бодлого хийх, гадаад ертөнцтэй харилцаж чаддаг тийм хүн.
-Өөрөөр хэлбэл М.Энхболд даргын алдаа нь тийм хүнээ олж Ерөнхий сайдаар тавиагүйд байна гэж хэлж болох уу?
-М.Энхболд бол Монголын улс төрд 20 гаруй жил явсан, тогтвортой, прагматик, эвийг баримтлагч, технократ том улс төрч мөн. МАН ялагдсан үед улс төрийн зөв тоглолт хийж, үнэмлэхүй ялалтад хүргэсэн нь ч бас үнэн. Гэхдээ 2016 оны ялалтын дараа алдаа хийсэн нь бас үнэн. Алдаа гэхээсээ цаг үеэ ойлгоогүй асуудал.
Улс төрийн тогтворгүй байдал, хэт хяналтгүй авилга хээл хахууль, цагаандаа гарсан төрийн дээрмээс залхсан Монголын ард түмэн 100 жилийн туршлагатай МАН-д 65 суудал өгч эргэлт, том хувьсгал хийх даалгавар өгч итгэсэн. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөл буруу шийдвэр гаргасны гор саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч дүнгээ авлаа. Үүнийг намын итгэлээр томилогдсон Ерөнхий сайд үүрэх ёстой гэдэг утгаар би тоолуур эхлүүлсэн юм.
-Юу ч л гэсэн өлсөхгүйн тулд мөнгө хөөж амьдарсан нэг үе шувтарч, үнэт зүйл, үзэл санааны эрэл хайгуул хэзээ хэзээнээс илүү эрчимжиж байгаа санагдана. Энэ нь ч хагас жилээр ДНБ 5 хувь давсан өсөлттэй гарчихаад байхад сэтгэл дундуур байгаагаас харагдаж байх шиг?
-Миний бодлоор олон нийт эдийн засгийн хямрал, материаллаг хэрэгцээнээс шударга ёс хүсч МАН-ыг сонгосон. Төрийн дээр гарсан олигархиудын засаглалыг нураах нь нийгмийн захиалга байв. Гэтэл үүнийг хийх нь байтугай, нөгөө л цөөнхөд үйлчилдэг төр хэвээр байхаар залуучууд эсэргүүцэх нь аргагүй шүү дээ.
-Нийгмийн захиалгыг энэ хүн л даана даа гээд нэр цохох хүн танай намд байна уу?
-Хүрэлсүх, Эрдэнэбат гэдэг хувь хүн чадах чадахгүй гэдгээсээ илүү юу хийх ёстой вэ гэдэг асуултаа хөгжлийн аппарат, нам гэдэг утгаараа тодорхойлж чадвал дараагийн лидер аяндаа тэрийгээ дагаад гарна шүү дээ. Ер нь бодлого, хөгжил гэдэг нэг хүн ганцаараа хийгээд явахын нэр биш. Хийж ч чадахгүй. Ард түмнээс Ерөнхийлөгч Баттулгад бас л их итгэл хүлээлгэсэн байгаа. Тэр гэхдээ өөрөө энэ гажуудсан цаг үеийн бүтээгдэхүүн, өөрөө энэ цаг үеийг бүтээлцсэн. Үүнээсээ гарч чадахгүй. Одоо энэ нам алсаа харсан бодлогоо харж, түүнийгээ хэрэгжүүлээд явах хүнээ сонгоод л, нэгэнт сонгосных атгасан гар шиг дэмжиж түшээд явахаас өөр гарц байхгүй.
-Гэхдээ л нэг хүний нэр сонсмоор байдаг?
-Тэр амаргүй, би ч хэлээд тодруулчихдаг юм биш. Эрдэнэбат биш, Хүрэлсүх ч биш, Баяр...Нямдорж манай үеэс лав биш гэдгийг нь мэдэж байна. Хувь хүндээ биш. Энэ цаг үед биднээс ангид асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө асуудал юм. Тийм байж асуудал шийднэ, хөгжүүлнэ гээд явахаар угийн зөрчилтэй байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл одоо системийн дотроос лидер үүсэхгүй, гаргаад нэмэргүй.
Өөрсдөөсөө ухрахгүйгээр урагшлах боломжгүй салаа зам дээр ирсэн хэрнээ хөгжлийн цус эргэж байх ёстой хавхлаг дээр тээглээд зууралдаад дэндүү удлаа. Дараа үеэс бол хэнд итгэл хүлээлгэх нь манай намын гишүүдийн сонголт юм даа. Манай намд ард түмэн Монгол төрийн бодлогыг авч яв гэж итгэл хүлээлгэсэн, тэгэхээр гишүүд маань ч тэр итгэлийг шингээсэн агуулсан сонголт хийж, хэнээр туг бариулахаа шийдэх ёстой цаг ирсэн байна.
Бидний хувьд өчнөөн удаа реформ шинэчлэл хийх гэж оролдсон, болоогүйг өнөөдөр бүр суларч талцаж байгаагаас харж болохоор байна. Одоо нийгэм цагийн жамаар өөрчлөгдөж хөгжөөд улстөрөөсөө хүчтэй болох нь. Улстөрд шинэ үеийн захиалга ирж байгааг сонсох чих, харах хараа ялангуяа манай хууччуулд их хэрэгтэй байна уу даа. Тийм ч учраас би анх таны асууснаар Энхболд даргын томилсон Засгийн эрх ашгийн эсрэг дуугарч байгаа юм.
-Бусад нь ийм өнцгөөс хувийн эрх ашгаас нийтлэг эрх ашгаа дээгүүр тавьж чадах болов уу?
-Бид яг энэ удаа л хувь хувийн эрх ашгаа хойш нь тавиад хэн Монголд үйлчилж, жинхэнэ утгаар нь нийгмийн хувьсгал хийж, Монголыг дааж явах лидер вэ гэдгээ сонгохгүй бол хугацаа дууслаа шүү дээ. Одоо дахиад л өөрсдөө үлдэж, дахиад л хийдгээ хийж суувал нэг өдөр алдах эрхгүй ийм дэлхийд дахиад арван жил, хорин жил алдаж дуусна.
Шинэ үеийнхнээс ч гэсэн. Нэх сайхан чадвартай, ирээдүйтэй залуу ганц компаниа бодоод л явдаг. 60-аад оныхон хойшоо, 70-аад оныхон хоолондоо маягаар сэтгэж явахаар чинь түүхээс чиний үед ямар үүрэг ирж байгааг харж чадахгүй шүү дээ. Том эрх ашгаа хамт харж чадвал аяндаа илүү том эдийн засагтай, илүү хүчирхэг болно шүү дээ. Үүнийг манай үеийнхэн харж чадсангүй, харах сөхөө ч, школ ч байсангүй. Том сэтгэ л дээ, үүргээ ухаар, дэлхийг хар, нэг гэр бүлийн биш нэг үеийн төлөө, нэг улс үндэстний төлөө том амьдраад үз. Бид нар тэгж чадаагүй, тийм боломж байгаагүй. Та нарт бол байна, алдаж оноод ч болов бид гишгүүр болж өглөө. Одоо яадаг юм бэ, энэ нийгмийг хувьсган өөрчил гээд залуу үедээ бооцоо тавья л даа.
-Таны ярианд хувьсгал гэдэг үг их давтагдаж байна, зарим нь аллергитэй бололтой байдаг?
Хувьсгал гэхээр гудамжинд гарч жагсахын нэр биш шүү, нийгмээ улстөр эдийн засгаа шинэ түвшинд гаргах реформуудыг хэлж байна. Түрүүн хэлсэн, реформистоо сонгоод л ард нь өөрсдөө бат тулгуур нь болоод явчихмаар байна. Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл ч МАН тийм сонголт хийвэл шинэ лидерийн сөрж яваа их хүчний эсрэг нэг багана нь болж өгөх хэрэгтэй. Бидний үеийнхэн системийн шооктой цагийн урсгалд түүхээс ногдсон гэрийн даалгавраа хийсэн, оносон юм байгаа, алдаа ч хийсэн. Одоо нийгмийн эрэлтэд хариулж, алдаагаа хүлээн зөвшөөрч, энэ удаагийн зөрчил хагарлыг шинэ цаг руу түүчээлэх эр зориг гаргах, дараа үедээ боломжийг гаргаж өгөх цаг ирсэн байна гэж Миеэг ч оруулаад Нямдорж, Сү тэргүүтэй намын кадрууддаа хэлмээр байна даа. Хэн нэг нь муу сайндаа биш, үе гэдэг утгаараа бид өөрсдөө ухралт юм байна. Ухрах эрхгүй энэ цаг үед урагшлах боломжийг бүрдүүлж өгөөд ард нь бат түших түүхэн үүргээ л биелүүлцгээе.
-Одоо лидерээ олж, зөв нүүж чадахгүй бол ямар үнэ төлөх бол?
Ямар дэлхийд ямаршуу байдалтай амьдарч байна, нүдээ нээгээд харъя л даа. Шинэ эргэлт, шинэ эрэлт, шинэ хандлага, шинэ үнэт зүйл. Хувь биш нийт. Ганцаараа биш олуулаа. Цөөнх биш олонх. Далд биш ил. Ухрах биш урагшлах. Бүх эрэлт, шаардлага хамар дор тулж ирээд байна. Үүнийг үл тоомсорлож хийдгээ л хийвэл эргээд л 3 сар, 6 сар, оройтлоо гэхэд 20 онд дахиад л мухар гудамжинд тулна. Тэгээд л хөгжлийн моментум жил жилээр алдарна, нөгөө л дүрэмгүй тоглодог бүлэглэл санаснаа хийж гажуудал гүнзгийрнэ. Өнөөдөр МАН ухрах эрхгүй өрөг дээр тавигдаад байгаагаа, тийм ч учраас зарим нь нэг алхам ухрах нийгмийн захиалга, цаг үеийн оноолт ирээд байгааг л олж хармаар байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.