БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жугийн дадлагажигч туслахаар ажилладаг энэ бүсгүйг Б.Урангоо гэдэг. Түүнийг Монголд амралтаараа ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Солонгосын парламентын гишүүний туслахаар ажиллаж буй анхны монгол эмэгтэй гэж дууллаа. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юү. Тэнд хэзээнээс ажиллах болсон бэ?
-Намайг Баттогтохын Урангоо гэдэг. БНСУ-д 2006 онд очсоноосоо хойш 11 жил тэнд амьдарч байна. Тавдугаар ангидаа өвдөөд, эмчилгээ хийлгэхээр ээж, аавтайгаа Солонгост очиж шинжилгээ өгсөн чинь хагалгаанд орох шаардлагатай гээд. Түүнээс хойш гэр бүлээрээ тэнд амьдрах болсон юм. БНСУ-ын Ханяаны их сургуулийг улс төр, гадаад харилцааны чиглэлээр сурч дүүргэсэн. Одоо Инхвагийн эмэгтэйчүүдийн дээд сургуульд магистрантурт сурч байна.
Сурангаа БНСУ-ын парламентын гишүүний туслахаар ажилладаг. Сургуулиа төгсөөд Солонгосын гадаад харилцааны төвд хоёр жил ажилласан. Нэгэнт улс төр, гадаад харилцааны чиглэлээр сурсан юм чинь энэ чиглэлээрээ туршлагажих хэрэгтэй гэж бодсон. Яг тэр үед БНСУ-ын сонгууль болох гэж байсан юм. Таньдаг хүнээрээ дамжуулаад сонгуулийн ажилд оролцож үзмээр байна гэдгээ хэлсэн.
Тэгээд одоогийн парламентын гишүүн Ким Ён Жугийн сонгуулийн кампанит ажилд оролцсон. 2016 оны дөрөвдүгээр сард сонгууль болсон, гишүүн маань ялсан. Анх удаа монгол оюутан БНСУ-ын парламентын гишүүний сонгуулийн ажилд оролцсон тохиолдол байх. Тэгээд энэ оны хоёрдугаар сараас Ким Ён Жу гишүүний дадлагажигч туслахаар ажиллаж эхэлсэн. Саяхан гишүүн маань Хөдөлмөрийн сайд болсон.
-Одоо сайдын туслах болно гэсэн үг үү?
-Тийм л болж байх шиг байна. Намайг энд амарч байх хугацаанд саяхан томилогдсон.
-Та ямар ажил голчлон хариуцдаг вэ?
-Солонгосын Үндэсний ассемблей гаднаас нь харахад их гоё. Хүн болгон тэнд ажиллах юм сан гэж боддог. Би ч гэсэн анх хараад орж үзэх юм сан гэж бодсон. Тэнд анх ажиллахад миний бодож байснаас шал өөр санагдсан. Гишүүнтэй уулзахаар ирсэн хүмүүст кофе аягална, бичиг цаас хэвлэнэ, сонин шүүж, тойм гаргаж өгнө. Гишүүнийг ирэхээс 30 минутын өмнө очсон байх ёстой. Ордон дотор нааш, цааш явж, бичиг цаас их зөөнө. Тэгж сар шахам явсан.
Одоо эргээд бодоход ажлыг хамгийн багаас нь эхэлж туршлага суулгаж байсан юм билээ. Ахлах туслах надад нэг өдөр “Чи хуулийн төсөл дээр ажиллаад үз” гээд гадаад хүн болохоор эхлээд санал авсан. Тэгээд би бодож байгаад Гадаад иргэдийн хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажиллах саналтай байгаагаа хэлсэн. Үндсэндээ бараг гурав дахь сараасаа л жинхэнээсээ туршлага судалж эхэлсэн дээ.
-Тэр хуулийн төсөл нь хэр ахицтай яваа вэ?
-Энэ бол гэрээгээр ажиллагсдын тухай хуулийн төсөл л дөө. Манай Ким Ён Жу гишүүн Байгаль орчин, хөдөлмөрийн байнгын хорооны дарга байсан. Өөрөө банкны ажилтан байж байгаад хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрчний эвлэлээр нэлээд туршлагажиж улс төрд орсон хүн. Би энэ хуулийн төслийн хүрээнд нэлээд судалгаа хийсэн. БНСУ-ын Гэрээний ажилчдын тухай хууль ажилчдад биш, ажил олгогчдод зориулсан, нэг ёсондоо компани, үйлдвэрийн эрх ашигт нийцүүлсэн юм билээ.
Гэрээний ажилчин гурван жил, арван сарын хугацаагаар нэг л үйлдвэрт ажиллах ёстой байдаг. Тэгэхдээ гурван удаа ажлын байраа солих эрхтэй. Гэтэл ажилчид өөрийн дураар ажлаа солих боломжгүй. Би тэр үйлдвэрт машин дээр нь ажиллаж чадахгүй байна, эсвэл ажлын байрны бэлгийн дарамтад орчихлоо гэдэг ч юм уу, нэг солонгос дарга нь намайг ялгаварлан гадуурхаад байна, цуг ажиллаж байгаа хүнтэйгээ таарахгүй байна, орой болгон архи уугаад байна, ажлаа сольё гэхэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Энэ тухай гадаад ажилчид сүүлийн гурван жил гомдол гаргаж, эсэргүүцэл илэрхийлж байгаа юм билээ. Тэгээд “Хуулийн холбогдох журамд өөрчлөлт оруулах боломжтой, эсэхийг судалсан. Түүнээс гадна НҮБ-ын Хүний эрхийн хорооноос солонгосчуудад хандан “Та нар энэ журамдаа өөрчлөлт оруул, хүний эрх зөрчигдөж байна” гэж анхааруулга өгсөн боловч өөрчлөөгүй. Ахлах туслахаараа дамжуулж, гишүүнд энэ тухай уламжилсан.
Таван сарын өмнө Пак Гын Хэгийн Засгийн газар эрх барьж байсан. Тэр үед надад “Энэ бол улс төртэй холбоотой зүй. Пак Гын Хэгийн Засгийн газар сонгуульд анх гарч ирэхдээ жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гээд хэлчихсэн учраас хэзээ ч гадаад ажилчдын талд зогсохгүй. Энэ бол амаргүй. Чи засаг солигдохыг хүлээхээс өөр аргагүй” гэж хэлсэн. Тэгээд төслийг маань хойшлуулсан.
-Энд төсөл хэрэгжүүлж байгаа гэл үү?
-Би сайн дурын ажил, нийгэмд чиглэсэн зүйл хийхийг хүсдэг. Хоёр жилийн өмнө Солонгос дахь Монголын оюутны холбоонд удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа найзтайгаа хамтраад “Dream project” төсөл хэрэгжүүлсэн. Улаанчулуутын хогийн цэгийн хажууд жүжигчин Одончимэг эгчийн байгуулсан сургалтын төв байдаг шүү дээ. Тэнд хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчин байхгүйг анзаарсан юм.
Тэгээд Солонгост сурч байгаа оюутан, залуусыг уриалаад, сагсны талбай барьж өгсөн. Монголчууд маань их идэвхтэй оролцсон. Эх орноо давхар сурталчлах үүднээс “I love Mongolia” гэж бичсэн футболка худалдаанд гаргаж, “Та үүнийг авснаараа Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх талбай бий болгож өгнө” гэж ухуулсан. Нэг бүрийг нь 10 мянган воноор зарж, тэр талбайг барьсан. Энэ жил “Dream project-2” гээд төслөө хэрэгжүүлэх гэж байна.
-Ямар чиглэлийн төсөл вэ?
-Улаанчулуутад сагсны талбай барьж байхдаа 6-7 хайрцаг, шинэ хуучин маш их хувцас авч очсон юм. Тэнд байдаг хүмүүс ямар ч зүйлийг үнэгүй авах ёстой гэсэн сэтгэхүйтэй болчихсон юм билээ. Хотоос машинтай хүмүүс очих болгонд ийм, тийм хувцас өгөөч гэдэг. Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүмүүс орлого олдог гэдгийг хүн болгон мэднэ. Тиймээс бид энэ сэтгэлгээг өөрчлөхийн тулд үнэгүй өгөөд байгаа зүйлсийг үнэ цэнэтэй болгоё гэж зорьсон.
Энэ бол аль ч оронд байдаг туршлага. Америк, Англи, Солонгост дахин ашиглах боломжтой эд зүйлсийн сүлжээ дэлгүүр байдаг. Энэ дэлгүүрт шинэ, хуучин бараа аль аль нь бий. Тэр туршлагыг Монголд нэвтрүүлье гэж бодсон юм. Таны, миний ч гэсэн шүүгээндээ орхигдсон зүйл хэн нэгэн хүнд хэрэгтэй байж болно. Хүмүүс хандивлах гээд байгаа зүйлсээ тэр дэлгүүрт өгөг. Хувцаснуудыг угааж, индүүдэж, ууталдаг ажлыг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр хийлгэе.
Худалдагчид нь өрх толгойлсон ээжүүд байг. Тэр хувцаснуудыг 1000-10.000 төгрөгөөр зарвал зах зээл нь байгаа юм. Ялангуяа гэр хороолол, Улаанчулуутын орчимд. Тэр үүднээс энэ төслийг хэрэгжүүлье гэж бодсон. Нийгмийн хамгийн эмзэг бүлэг, эрх толгойлсон ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байртай болгоё гэж зорьж байна.
-Солонгосын парламентын ордныг Монголынхтой зүйрлэх аргагүй байх. Гэхдээ анзаарсан зүйлээсээ харьцуулж хэлэхгүй юү?
-Саяхан ажлын шугамаар УИХ-ын чуулганд суух гээд Төрийн ордонд орсон. Тийшээ ороход “11-11” төвөөс нэвтрэх хуудас авдаг нь нэлээд хүндрэлтэй санагдсан. Хамгийн наад захын жишээ нь Төрийн ордонд ороход ариун цэврийн өрөө нь хаана байгаа нь мэдэгддэггүй. Ямар гишүүн хэддүгээр өрөөнд сууж байгаа нь тодорхой биш. Би Төрийн ордонд орох болгондоо төөрдөг.
Тэнд гадаадын улстөрчид, тоймчид очлоо гэж бодоход чуулганы танхим нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Тэдээс тэд дугаарын өрөө нь тийшээ гэж заасан тэмдэг ч байхгүй. Солонгост хэн гэдэг гишүүн, хэддүгээр өрөөнд суудаг нь тодорхой байдаг.
Оронгуут аюулгүйн гарц, ариун цэврийн өрөө, кофе шоп хаана байдаг гээд бүх мэдээлэл тодорхой. Ийм мэдээлэл байхгүй нь надад их түвэгтэй санагдсан. Ямар ч орны, аль ч байгууллагад орсон, ийм мэдээлэл тодорхой байдаг шүү дээ.
-Танай гишүүн Монголд хэр элэгтэй вэ. Ер нь солонгосчууд юуг хамгийн их сонирхож асуудаг вэ?
-Манай гишүүн өнгөрсөн зургадугаар сард парламентын таван гишүүний хамт Монголд ирсэн. Ажиллаж байх хугацаандаа Монгол орноо тодорхой хэмжээгээр сурталчилж чадсаны үр дүн юм болов уу гэж бодсон. Өмнө нь хоёр ч удаа ирж байсан гэсэн. Солонгосчууд Монголын ноолуурыг хамгийн их сонирхдог. Манай гишүүн 2016 оны сонгуулийн ажилдаа зориулж Монголын ноолууран ороолтоос бүх ухуулагч нартаа худалдаж авсан юм билээ.
Монголын “Говь”-ийн ноолууран ороолт хүн бүр зүүчихсэн байхыг харахад надад их сайхан санагдсан. Гишүүн маань Монголд ирэх болгондоо заавал ноолуур худалдаж авдаг. Өөр нэг анзаарсан зүйл нь гишүүний өрөөнд анх ороход Чингис хааны хөргийг хоймортоо өлгөсөн байсан. Намайг ажилд орохоос өмнө парламентын нэг гишүүнээс бэлгэнд авч байсан гэсэн.
Манай улсын их хааны хөргийг өлгөсний учрыг асуухад “Би Чингис хааныг дээдэлж хүндэлдэг. Энэ агуу хааны удирдах ухаанаас суралцдаг” гэж хэлсэн. Тэр нь надад их сайхан санагдсан. Дараа нь нэг сонинд ярилцлага өгөхдөө “Таны хамгийн их хүндэлж явдаг удирдагч хэн бэ” гэсэн асуултад “Чингис хаан” гэж хэлж байсан. Сүүлд би Монголд ирэхдээ морь унасан Чингисийн жаазалсан зураг авч гишүүндээ бэлэглэсэн юм. Тэрийг өрөөнд нь хүн орж ирэнгүүт харагдахаар өлгөсөн нь бахархалтай санагдсан шүү.
-Та чөлөөт цагаараа юу сонирхдог вэ?
-Ажил, төсөл, сургууль гэж явсаар чөлөөт цаг надад бага гардаг. Өглөө 06.00 цагт босдог. 08.00 цагт ажилдаа очсон байх ёстой. Орой 20.00-21.00 цагийн үед тараад, метронд явсаар 22.00 цагт харьдаг. Амралтын өдрүүдээрээ найз нөхөдтэйгөө кино үзэх юм уу, эсвэл жаахан стресстсэн үедээ ном уншиж тайвширдаг.
-Солонгост олон жил амьдарсан хүний хувьд хар ажил хийж байв уу?
-Хийлгүй яах вэ. Ер нь Солонгост сурдаг олонх оюутан өөрсдөө төлбөрөө олдог. Би ч гэсэн оюутан байхдаа цагийн ажил хийж байсан. Би 13 настайдаа Солонгост очсон. 14 настайгаасаа ажил хийж үзсэн. Хамгийн анх оёдлын үйлдвэрт ажиллаж байлаа.
-Хүүхдийг ажил хийхийг зөвшөөрөх үү?
-Хуулиараа бол хориотой. Манай нэг найз “Нүүрээ будаад, үсээ задгай тавиад жаахан овортой харагдахаар хувцаслаад хүрээд ир” гэсэн. Тэр өдөр таван цаг ажилласан бил үү дээ, 35 мянган воны цалин авсан. Гарнаас цус шүүртлээ хувцасны товч авсан. Хамгийн анхны цалингаараа нэг жинсэн юбка авч байлаа. Тэрийгээ би одоо хүртэл хадгалдаг. Кофе шоп, ресторан, үйлдвэрт гэхчилэн олон ажил хийж байсан. Парламентын гишүүний туслах шууд болчихоогүй.
-Ингэхэд парламентын гишүүний туслах ямар цалин авдаг юм бэ?
-Наад асуултыг чинь энд ирснээс хойш маш олон хүн асууж байна. Солонгосын хуульдаа парламентын гишүүн есөн туслахтай байх ёстой. Түүний хоёр нь дадлагажигч туслах. Тус бүртээ ажил үүргийн хуваарьтай. Дадлагажигч туслах цалингүй ажилладаг. Хуульдаа тэгж заасан байдаг. Надтай адил дадлагажигч туслахаар ажилладаг солонгос оюутнууд ч ялгаагүй.
Парламентын 300 гишүүнтэй. Их сургуулиа төгссөн хүмүүсийг дадлагажигч туслахаар зургаан сарын хугацаатай ажиллуулдаг. Туршлага судлуулж, боломжийг нь нээж өгдөг гэх үү дээ. Зургаан сарын дараа өөр оюутанд энэ боломжийг олгодог.
-Цалингүй ажилладаг юм бол амьжиргааны зардлаа хэрхэн шийддэг вэ?
-Би ээж, ааваасаа мөнгө авдаггүй. Мөнгө төлж сурсан хэлээрээ мөнгө олдог гэх үү дээ. Улс төрийн болон олон улсын орчуулга хийнэ. Одоо ч Солонгос, Монголын хооронд ажил хэргийн харилцаа их өргөжиж байна.
-БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахад өөрийн тань сурч байгаа Инхвагийн эмэгтэйчүүдийн дээд сургуулийн оюутнууд гол нөлөө үзүүлсэн гэдэг. Энэ бослого хөдөлгөөнд оролцож байв уу?
-Манай сургуулийн оюутнууд анх захирлаа огцруулахаар бослого гаргасан юм. Эхэндээ огт улс төрийн зорилготой байгаагүй. Хичээлдээ суухаар очих үед оюутнууд гадаа жагсчихсан байдаг байсан. Тэгтэл захирлаа огцруулах гэсэн нэг сургуулийн оюутнуудын бослогыг дарах гэж Сөүлийн бүх цагдаа нар манай сургуульд ирсэн. Албан хүчээр бослогыг тараасан. Сургуулийн бүх хаалгыг битүүмжлээд цагдаа нар оруулахгүй, дотор нь хичээлээ хийж байсан оюутнууд гарч чадахгүй байсан.
Энэ үйл явц өөрөө сэжигтэй санагдаад энэ хэргийг шалгаад үзтэл Пак Гын Хэгийн найз Цой Сун Суль гэгч хэргийн эзэн манай сургуулийн захирлын найз болж таарсан. Боловсрол олгодог оюуны байгууллага маань авлигын үүр уурхай болсон байсан нь илэрсэн. Цой Сун Силийн охин нь манай сургуульд сурдаг, хичээлдээ суудаггүй, шалгалтаа өгдөггүй мөртлөө А авдаг нь илэрсэн. Багш нар маань хүртэл авлигад өртсөн байсан.
Нэг ёсондоо Пак Гын Хэ, Цой Сун Силийн хүрээллийн хүмүүс манай сургуульд сүлжээ бий болгочихсон байсан. Сургуулийн захирлыг огцруулах үйл явдлаас эхлээд Цой Сун Силь, тэгээд Пак Гын Хэ гарч ирсэн. Энэ хэрэг нийгэм даяар хүчээ авч, эхлээд зөвхөн эмэгтэй оюутнууд жагсдаг байсан бол дараа нь Солонгосын бүх иргэн жагссан. Огцорсных нь дараа "Инхвагийн эмэгтэйчүүдийн сургуулийн оюутнуудад баярлалаа" гэж хүмүүс талархлаа илэрхийлсэн.
Оюутнууд хувьсгалыг бий болгож чадсан. Эмэгтэй Ерөнхийлөгчийг эмэгтэй оюутнууд унагасан нь хамгийн сонин. Шүүх хурал болоход хүртэл эмэгтэй шүүгч Ерөнхийлөгчөө ялласан. Энэ нь бас түүхэн үйл явдал болсон. Улс төр, гадаад харилцааны анги болохоор манай ангийнхан оролцохгүй байхын аргагүй л дээ. Би хэд хэдэн удаа талбайд очиж жагссан.